Өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн 43 насны төрсөн өдөр. Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсролыг энэ хүн болон тус яам хариуцдаг. Манай орны хамгийн чухал салбарын эзэн.

Японы "Сэндай" хэмээх коллежийг төгссөн, тэрээр мэдлэг боловсролоо бүгдийг наран улсад эзэмшжээ. Тиймдээ ч түүний одоогийн барьж буй боловсролын салбарын бодлого нь мөн Япон чигтэй гэж хэлж болно. Хүүхэд бүрт "Би чадна" гэсэн итгэл өгье хэмээдэг сайд маань харин сүүлийн үед гараад байгаа яамныхаа ажилтны талаарх мэдээлэлд чих тавьсан болов уу. Тавиагүй юмаа гэхэд байнгын "твиттэр"-т байдаг хүн мэдсэн л баймаар. Гэтэл нүдэн балай чихэн дүлий мэт таг чиг. Боловсролын яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаярын тухай зөвхөн өнөөдөр ч биш аль 3 жилийн өмнөөс ийм зүйл яригдах болсон. "Мүүн"-ийх гэдэг нь тодорхой баримт нотолгоонууд ч дэлгэгдээд буй. Харин тэрээр өөрийгөө одоо болтол "Мүүнчин" биш ээ хэмээж л байдаг.

Гаж хэмээн нэрлэгддэг Солонгосын өвгөн, эмгэн хоёрын зохиосон энэхүү шашныг Монголд орж ирээд бүр манай Боловсролын салбарт томоохон байр суурь эзлээд суучих юм чинээ хэн бодохов. Сайд өөрөө ч санаагүй л явсан биз. Гэхдээ яамныхаа ажилтныг яг ямар хүн болохыг нь мэдсээр атал өдий хүртэл чимээгүй яваа түүнийг зарим нь хамтрагч нь юм болов уу гэх хардлага гаргаад буй. Арга ч үгүй биз дээ. Өөрийнх нь боловсрол эзэмшсэн орон гэхэд улсдаа хохиролтой зүйл хийсэн бол ард түмнээсээ уучлалт гуйгаад албан тушаалаа өгдөг зарчимтай. Гэтэл яамных нь ажилтан "миний ямар шашин шүтэх та нарт хамаагүй" гээд сууж байхад бас л таг чиг байсаар.

Монгол хэлний хичээлийн цагийг багасгах тухай яриад ад болсон Б.Насанбаяр хэрвээ үнэхээр "Мүүнчин" биш бол түүнийгээ олон түмэнд батлах хэрэгтэй. Салбарын яамны сайд нь ч энэ ажилтныхаа тухай ард иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Энд хэн нэгэн хүн хохирсон тухай яриагүй. Бүх л бүтэн 3000 хосыг сохроор гэрлүүлдэг гаж шашны тухай ярьж байна. Үзэл бодлын боолчлолд өртсөн хэнбугай ч төрийн дээд албан тушаалд Монголын эсрэг зүйл хийгээд суух нь зөв гэж үү. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай баймаар юм. Нэг хүнээс болж хохирч суугаа ард иргэдээ ч бодмоор юм. Дэлхийн улсууд энэ гаж шашны тухай мэддэг учир дэлгэрүүлсэн эмгэн, өвгөн хоёрыг өөрсдийн хилээр орох эрхийг хааж байсан гэх юм билээ. Харин манай улс л иргэд нь аюул заналд өртөөд байхад дүлий хүн шиг суух юм даа. Сайдын төрсөн өдөр болдгоороо болно, харин хэзээ тэр ажилтныхаа тухай олон түмэнд мэдээлэл өгөх вэ?

Б.Энх-Уянга

Эх сурвалж: www.breakingnews.mn