“Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.   Монголын хошин урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүү охин Х.Намуунтай,  МУСТА  О.Бат-Өлзий  хүү Б.Тамиртай,  МУГЖ И.Одончимэг охин З. Номундарьтай,  жүжигчин Д.Бямбацогт хүү Б. Балжиннямтай, МУГЖ П.Эрдэнэзаан хүү  Э.Энэрэлтэйгээ тус тус тоглож байгаагаараа энэхүү кино онцлогтой юм.

Монголын кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж байгаа энэхүү киноны найруулагч Д.Галбаяртай цөөн хором ярилцснаа хүргэе.

- Сайн байна уу?

- Сайн. Сайн байна уу.  Таньд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

- Хамгийн сүүлд “Миний нууц хүү” жүжгээр үзэгчидтэй уулзаж байсан юм байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- 2010 оноос хойш кино уран бүтээл хийгээгүй.  “Go” студи маань энэ жил жүжигчин, продюссер Д.Хүрэлхүү ахтай хамтраад  “Тагнуулч аав” кинонд ороод зураг авалт дуусч, эвлүүлгийн ажлаа хийж байна. Д.Хүрэлхүү ах бид хоёр  гурван жилийн  өмнөөс хамтарч кино хийе гэж ярилцаж байсан юм. Тэгээд зохиолоо захиалаад, дөрөв таван хувилбар буцаад, зохиол нэг таалагдаж өгөхгүй байсан юм. Хоёулаа уулзахаараа нэг асаж, кино хийдэг баатрууд болоод л бутардаг, явж байгаад л уулздаг, киногоо хийнэ биз дээ гэж ярьсаар энэ жил цаг хугацааны хувьд тохироо нь бүрдээд  хийгдэж байна даа. 

- Киноны зураг авалт хэзээ эхэлсэн бэ?

-  7-р сарын 15-нд зураг авалт эхлээд сарын хугацаанд  зургаа авсан.  Одоо эвлүүлгээ хийгээд явж байна. 

- Кинонд Монголын хошин урлагийн жүжигчдийн дийлэнх нь тоглосон  гэж дуулсан. Киноны тоглосон жүжигчдийн талаар?

-  Анх төслийг ярихдаа жүжигчид хүүхдүүдтэйгээ тоглоно.  Ингэхдээ яг таван жүжигчин байна, өөрсдийнхөө нэрээр тоглоно гэж хэлэхэд нь их сайхан санагдсан. Энэ бол олдоод байдаггүй завшаан.  Жишээ нь миний аав уран бүтээлч хүн байсан ч бид хоёр хамтарч ороогүй байхад энэ залуучууд азтай л даа.  Тэгээд МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүү  ах охин Х.Намуунтай,  МУСТА  О.Бат-Өлзий ах  хүү Б.Тамиртай,  МУГЖ И.Одончимэг эгч  охин З. Номундарьтай,  жүжигчин Д.Бямбацогт  ах хүү Б. Балжиннямтай, МУГЖ П.Эрдэнэзаан ах хүү  Э.Энэрэлтэйгээ тоглосон.  Тэднээс гадна “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин  Алтаншагай, Эрхэмбаяр,  “Захиалгат инээд” хамтлагийн  жүжигчин Мөөжиг, “Маск” продакшины жүжигчин Жавхлан,  Золзаяа, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан.

- Төсөл гэхээр киноноос гадна арга хэмжээ байгаа гэж ойлголоо...

-  Бид Доргио.мн сайттай хамтраад “Яг аав, яг ээж” уралдаан зарлах гэж байна. Аавтайгаа, эсвэл ээжтэйгээ адилхан хүмүүс зөндөө байдаг ш дээ. Хэн ч гэсэн оролцож болохоор  гэрэл зургийн  уралдааныг зохион байгуулах гэж байгаа.  Хамгийн гол нь аав эсвэл ээжтэйгээ авхуулсан зургаа  манай руу илгээхэд л болох юм байгаан.  Онлайн хэлбэрээр явагдах уралдааны шүүгч нь  оролцогч, интернэт хэрэглэгчид байх болохоор шударга явагдана.  Мэдээж хэрэг ялагчид нь  бидний зүгээс  гэнэтийн бэлэг барихаар төлөвлөөд байгаа.

- Киноны нээлт хэзээ болох вэ?

-  Одоо бид киноны эвлүүлгэн дээр сууж байна. 9-р сарын сүүлээр нээх бодолтой байна. Монголын уран бүтээлчид маань кино их хийж байна, цөөхөн кино театр байгаа болохоор цаг шахуу байгаа юм билээ. Тиймээс  цаг үеээ мэдэрч  нээлтээ хийх бодолтой байна.

- Таны хувийн чанартай бүдүүлэг асуулт асууж болох уу?

-  За

- Найруулагчид өөрийнхөө уран бүтээлд жүжигчин эхнэрээ тоглуулдаг шүү дээ.  Таны энэ удаагийн уран бүтээл гэргий тань тоглож байгаа юу?

-  Тоглоогүй.

- Яагаад?

-  Мэдээж уран бүтээлч хүмүүс нэг нэгнээ дэмжихэд, тэр тусмаа найруулагч, жүжигчин хүмүүс уран бүтээл дээр хоёр биенээ дэмжихдээ номер нэг байдаг. Энэ бол ойлгомжтой асуудал.  Мэдээж гэр бүлийнхээ хүнийг дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих юм бэ?

Нөгөө талаас нь тайлбарлавал Т.Хулан бид хоёр гэр бүл болсон болохоос нийлж продакшин байгуулаагүй. Тийм болохоор  энэ кинонд тоглоогүй.  Энэ кино бүтэх хугацаанд гэргий маань миний ар талыг нугалах ажлыг хийсэн. Кино хийхэд өглөө өдөр, шөнөгүй явдаг. Тэр хооронд гэргий маань гэрээ авч явахад анхаарч, кино хийж байгаа надаас илүү үүрэг гүйцэтгээд явж байгаа даа.

- Таны хувьд  “Хайрын рекорд”, “Намрын Синдром”, “Миний нууц хүү” гэх мэтчилэнгээр комед чиглэлд түлхүү ажилладаг нь анзаарагдсан. Яагаад энэ төрлийг сонгох болов? Мэргэшив үү? эсвэл аавын тань нөлөө байв уу?

-  Миний өссөн орчин хошин урлаг дунд байсан болохоор миний мэдрэмж тэр  тал руугаа хөтөлдөг юм болов уу гэж боддог.  Одоохондоо би нэг өнгө төрхтэй найруулагч болсон юм алга.  Уран бүтээлч хүний хувьд “би”-гээ олох гээд л уран бүтээл хийгээд явж байгаа.  “Би”-гээ комед жанраас олж хараад байгаа.  Гэхдээ зөвхөн комед төрлөөр ажиллаж, өөр  уран бүтээл хийнэ гэж өөрийгөө хайрцагласан зүйл байхгүй. 

-  Тайз, дэлгэцийн бүтээл найруулж үзлээ.  Хоорондоо ялгаатай байна уу? 

-  Асар их ялгаатай. Аль аль нь хэцүү. Жишээ нь кино бол 2-р найруулагч, зураглаачтайгаа ярилцаж байгаад бүхнийг шийднэ. Жүжгэн дээр бол бүх хүн ганцхан тайзан дээр байгаа хүнийг л хараад зогсдог.  Тайзан дээр байгаа бүх хүн ганцхан найруулагчийн юу хэлэх, юу хийхийг зөвлөх зөвлөгөөг нь хараад, яаж тоглох уу гэдгийг заалгаад  зогсдог. 

Миний хувьд багаасаа театрт өссөн болохоор театрын амьдралыг мэднэ л дээ.  “Миний нууц хүү” жүжгийг хийж байхад хүнд байсан.  Миний хувьд хүнд сорилтын л нэг байсан.  Өмнө нь хоёр кино хийчихсэн байсан болохоор өөрөө кино тал руугаа сонирхолтой болчихдог юм билээ.  Миний хувьд их том сорилт байлаа. 

-  “Тагнуулч аав” таниас их сорилт, тэвчээр шаардаж  атаархал төрүүлсэн байх?

- Жүжигчид маань хүүхдүүдтэйгээ тоглох гээд сценийг нь тавьж байхад аав хүү, ээж охин хоёрын харьцаг хараад надад нэг бодол төрж байсан юм.  Миний аав байгаад,  нэг уран бүтээлд орсон бол яг л энэ хэд шиг  байсан даа гэж нэг бодлын харамсаж байсан ч тэднийг хараад ямар гоё юм дээ л гэж бодож байсан. Үнэхээр азтай залуучууд байна даа.  Хэр баргийн жүжигчинд  ийм завшаан тохиохгүй  шүү.

- “Тагнуулч аав” өөрийг тань нэг их зовоогоогүй  гэж ойлгож болох нь ээ?

- Хүрэлээ ах бид хоёр зохиолоо хамтарч бичсэн л дээ.  Хүний бичсэн зохиолыг эвдэх нь өөрийнхөө бичсэн зохиолыг эвэдхээс илүү хялбар юм шиг надад санагдсан. Хүний алдаа бол ил харагддаг. Энэ алдааг нь ингээд засчихъя гэдэг бол өөрийнхөө алдааг хянаад, зургийн талбай дээр өөрийгөө, зохиолтойгоо дахиж эвдээд, зохиол бичсэн хайрцгаа гажаад найруулна гэдэг хэцүү санагдсан. Гэхдээ Хүрэлээ ах, 2-р найруулагчаар ажилласан Мөөжиг, эргэн тойрныхоо хүмүүсээс мэдрэмж хуваалцсан.  Өөрийнхөө биенээс гараад өөрийгөө тольдоход киноны уран бүтээлчид маань их тусалсан. 

- Цаг гарган бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.  Таны уран бүтээлд  амжилт хүсье. 

А.Баярмаа