Дэлхий дахинд жилд 1,8 сая хүүхэд цэвэр усны хомсдолоос болж хорвоог орхиж байна. Эмгэнэлтэй хэдий ч үнэн энэ. Тодруулж хэлвэл, өдөртөө л гэхэд 4500 хүүхэд, секунд тутам нэг хүүхэд усны хомсдолын улмаас хорвоог орхидог гэсэн үг.

Өнөөдөр та бидний ашиглаагүй сул урсгасан ус эдгээр хүүхдэд бол хүсээд ч олдоогүй эрдэнэ байсан. Энэ байдал хөгжил буурай Африкийн улсуудад илүүтэй тохиолддог хэмээн судлаачид хэлдэг. Гэхдээ сүүлийн жилд усны хомсдол, түүнээс үүдсэн өвчин эмгэг зөвхөн Африкийн улсууд гэлтгүй нийт хүн төрөлхтний өмнө тулгарах болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд манай урд хөрш болох БНХАУ-ын цөөнгүй муж усны хомсдолд орж улмаар  2008-2011 онд гурван сая гаруй иргэнээ зөвхөн бохир уснаас үүдэлтэй өвчин эмгэгээр алдсан байдаг. Хүмүүс бид хоол хүнсгүйгээр 136 цаг байж чаддаг бол усгүйгээр ердөө л 78 цаг болдог байна.      

Нийт хүн төрөлхтний оршин байх үндэс нь ус байдаг. Тиймдээ ч “Ус чандмань эрдэнэ”, “Ус амьдралын эх булаг” гэсэн үгс гарсан биз. Гэхдээ бид эдгээр үгсийг төдийлөн тоолгүй, ёс төдий хэрэглэсээр өнөөг хүрсэн. Учир нь бид усны хомсдолд ороогүй, усаар гачигдаагүй болохоор хэн маань ч усаа гамнах талаар тэгтэл их бодохгүй байна. Хүн бүр ус хэрэглэдэг ч ариг гамтай хэрэглэдэг нь хэд бол? Бараг л үгүйтэй адил биз.   

ДЭМБ-аас 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувьд л ундны  ус хүрэлцэнэ гэсэн статистикийн судалгаа гаргажээ. Үүнээс харвал, ердөө  13 жилийн дараа усны хомсдол нийт хүн төрөлхтний өмнө тулгарахнээ. Мэдээж энэ асуудал бидэнд ч хамаатай. Уг нь бол манай улс шиг хүн ам цөөтэй ард түмэн цэвэр  агаараар амьсгалж, цэнгэг усаар умдаалж болмоор санагдана. Гэтэл агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны бохирдол гээд л бүхий л зүйл нь бохирдчирсон. Манай улсын хувьд жил ирэх бүр усны хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эсрэгээрээ гол, горхи нь ширгэсээр байгаа юм.  Тухайлбал, манай улсын хот суурин газрын орон сууцанд амьдарч буй иргэд, айл өрхийн цэвэр усны дундаж хэрэглээ өдөртөө 230-250 литр байдаг гэх судалгаа гарчээ. Усны хэрэглээгээрээ Улаанбаатар хот тэргүүлж байгаа бол Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд удаалж байна.

Харин гадаргын усны тооллогоор бид 5000 гаруй гол, горхио алдсан гэх судалгаа байгаа юм. Хөдөөгүүр ус нь ширгэж сайр болсон газрыг хаанаас л бол хаанаас харах боломжтой. Үүнтэй холбоотойгоор нэгэн жишээ дурьдахад, 2007 оны байдлаар манай улсад 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь ширгэж, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн дүн гарсан байдаг. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, цэвэр ус хомсдож байгаа хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.   

Мөн бид байгаль орчинтойгоо зүй бусаар харьцах, усны зохисгүй хэрэглээ,  уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас манай орны гадаргын болон гүний цэвэр усны нөөц багасч, улмаар гол мөрөн ширгэж байгаа аж. Ийнхүү дэлхийн хүн төрөлхтөн бидний өмнө ундны усны гачигдал нүүрлээд байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ усаа гамнаж, уул уурхайн компаниуд нь нөхөн сэргээлтээ хийж байх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Эцэст нь бидний амьд явахын үндэс ус учраас амьд явахыг хүсэгч хэн бүхэн энэ цаг мөчөөс эхлэн усандаа ариг гамтай хандаж байх хэрэгтэй болоод байна.

Б.Хорлоо