Улсын мөрдөн байцаах газарт иргэдээс БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанитай холбоотой гомдол мэдээлэл иржээ. Энэ дагуу тус газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс дээрх компанийн захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна. Тодруулбал Гаалийн ерөнхий газрын алба хаагчид, Геологийн төв лабораторийнхон БНХАУ-ын иргэдтэй нийлж, татвараас зайлсхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл “Жи Пи Эф” компани нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Салхит” уурхай мөнгөний нөөц бүхий орд газраас их хэмжээний мөнгө олборлодог байж болох юм байна.

2014 оноос өмнө тус ордын шороон хүдрийн агууламж тонн тутамдаа 1400 граммаас дээш агууламжтай гардаг байсан бол сүүлийн жилүүдэд 428 болтлоо буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тэгэхээр мөнгөний агууламжийг үнэлдэг геологийн төв лаборатортой тохирч, ийнхүү багаар тогтоолгоод татвараас зайлсхийж байж болох юм байна.

Мөн мөнгөний хүдэрээ борлуулах үнэ өмнө нь 250 ам.доллар байсан бол одоо 54 ам.доллар болтлоо буурсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх тоо баримтаас харахад ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар ч компани өөрсдийн зардлаа нөхөх боломжгүй болсон гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл 428 грамм мөнгөний агууламжтай шороон хүдрийг хэн ч худалдан авахыг хүсдэг компани байхгүй болдог бөгөөд цаг зав, хөрөнгө мөнгөний гарз болдог байна. Мөн уул уурхайн компани ч ашиггүй болсоор дампуурч, алдагдалтай ажиллаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг боловч “Жи Пи Эф” компани ямар нэгэн доголдол гаралгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлээд байгаа аж.

Тиймээс ийнхүү тоо, тун, үнийн дүнгийн олон зүйлд өөрчлөлт оруулж монголын мөнгөний ордын нөөцийг ухаж, байгаа тус компанийг шалгаж байгаа юм байна. Хамгийн гол нь тэднийг манай улсад төлөх татвараас ийнхүү зайлсхийж банйа гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Өнгөрсөн 2014 онд мөн тус компанитай холбоотой татвараас зайлсхийсэн хэрэг Дээд шүүхэр хэлэлцэгдэж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Энэ удаа хэрхэхийг л харах үлджээ.

Н.Ганаа