Өнөөдөр чинь эр цэргийн баярын өдөр шүү дээ! Цэргийн алба хаасан хаагаагүй, дайны галд өртсөн өртөөгүй, хилийн зурвасаа манасан манаагүй бүхий л эрчүүдийн баярын өдөр. Хүссэн хүсээгүй тэд чинь нэг л өдөр буугаа үүрээд дүрэмтээ хөдрөөд хаалгаа хаагаад гараад л явна. Нулимстай нүдээ нухалж, өлгийтэй үрээ тэврээд ард нь хоцрох биднийгээ бодон бодсоор л дайны шугаманд амиа өргөнө.

Би эр хүнд хайртай

Ер нь бид чинь эр хүний гэрэл гэгээ нь бас сүүдэр нь юм. Энэ амьдралаас тэдний шунах зүйл нь бүсгүй хүний зөөлөн амьсгал, чийгтэй уруул хоёр л юм. Тэд чамаас хайр л нэхнэ. Халуун өвөрт чинь дулаацаж хайртай бүсгүйнхээ энгэрт эр хүн болохыг л хүснэ. Эр хүний эцэс төгсгөлгүй шунал нь эмэгтэй хүн л байдаг.

Орчлон хорвоо дээр орь ганцаараа үлдэх гэдэг тэдний нэг том айдас. Олон мянган хүнтэй байлаа ч чамайг л үгүй бол үхэл ч өөрт нь утга учиргүй санагддаг тийм л тэнэгхэнүүд.

Чи мэдээгүй байх, шөнө бүр зүүдэлж сэрэхдээ чамайг хараад л тайвширдагийг нь. Чи анзаараагүй байх, чамайг л аз жаргалтай инээж байвал тэнгэр шиг тайван байдгийг нь. Чи л хараагүй байх, өөр бүсгүйд нүдээ унагасан ч чамайг яагаад ч гүйцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрдгийг нь. Чи л мэдрээгүй байх, чамайг өөрийнх нь бүх зүйл гэж хайрлаж, халамжилдагийг нь.

Эр хүний чаддаг зүйл нь л энэ. Тэр чамайг хайрлаж байхдаа ч хайрлаж байгаагаа хэлж чаддаггүй хүмүүс. Тэр чамайг харамлаж байгаагаа ч ойлгуулж мэдэхгүй. Тэр чамд гомдсон байлаа ч ил гаргаж чадахгүй. Тэдний чадах зүйл нь л энэ. Чамайг ихийг хүсэж байсан ч, чамайг даварч байсан ч эмэгтэй хүнийг эр хүн жаргаах л ёстой гэж дотроо боддог улс.

Тэд өөрсдөө ч өөрийгөө ямар байх ёстойгоо мэддэггүй учраас чамайг л өөрийг нь ойлгож байгаа гэж боддог хүмүүс шүү дээ. Чамайг бүх зүйлийг нь ойлгоод, уучлаад байхад ч анзаарахгүй байж мэдэх л хэнэггүй гарууд.

Бурхан бүтээхдээ л ийм будлиу, эв хавгүй, эмх цэгцгүй, эрхийн дураараа, эргэлзээтэй, итгэл эвддэг этгээд болгочихсон юм.Тэгээд эмэгтэй хүнийг түүнийг нь ойлгоод амьдар гэж ийм мэдрэмтгий, эмзэгхэн, энхрий болгосон юм шиг байгаа юм.

Заримдаа хайрламаар, тэднийг маш ихээр хайрламаар.

Уул шиг том биетэй хэрнээ өөдөсхөн үрээсээ ч илүү эрхлэх гэж үзнэ. Тал шиг их уужуу мөртлөө тачирхан зүйлд гомдоллож сууна. Гэртэй ханхайж, суудалдаа залрах нь амьдралынх нь туйлын их жаргалан. Хаан шиг л авирлана. Их юм хүсэхгүй ээ тэд нар маань. Гэрийг нь гийгүүлэх гэргийгээ хараад, гараас нь авах цайгаа тамшаалаад, ходоодыг нь баясгах хоолтой байхад л тэнгэрийн оронд байна л гэж өөрийгөө бодно.

Эр хүнийг чинь хайрлахгүй байх аргагүй шүү дээ! Хатуу үг, хайрга шиг сэтгэл хоёрт нь хааяа даа гомддог л юм. Гэхдээ хатуудлаа, хатуудлаа гээд бүсгүй хүний хэлэх мөс шиг үгсийг давж чадах биш дээ тэд чинь.

Хөндий зан, хөөрүү ааш хоёрыг нь засмаар л байдаг юм. Гэхдээ одоо бурханы бүтээсэн тохиргоог засах гэж оролдоод бүр эвдээд яах вэ дээ! Өөрөөрөө л байж байг.

Заримдаа тэд маань төөрнө, алдана, ононо...

Заяаны хань нь л ойлгоно, уучилна, аварна...

Гэрэлтэйд ч бүдэрчих гээд л байдаг улс, хажууд нь чамайг л байвал хан тэнгэр шиг царайлж нуруугаа цэхлэнэ.

Газар дээр ч нумарчих гээд л байдаг хүмүүс, ганцхан чамайг л харахаараа гэдийж толийгоод тэгширнэ.

Эр хүнийг хайрлахаас өөрөөр эмчлэх арга байхгүй.

Эр хүнийг халамжлахаас өөрөөр засах арга байхгүй.

Эр хүнийг үнэлэхээс өөрөөр өөдлүүлэх арга байхгүй.

Эр хүнийг үнсэхээс өөрөөр баярлуулах бэлэг гэж байхгүй.

Будлиу шүү, будлиу тэд чинь, дэлхийд төрсөн гэм нь юм шиг л будилна. Аав шиг чинь, ах шиг чинь, дэггүй бяцхан дүү шиг чинь л нумарч, тэгширч, босч, унаж, гэдийж, хотойж явдаг гэмтэй мөртлөө гэмгүй мэт л уучлахаас, хайрлахаас энэрэхээс өөр аргагүй улс.

Магад чи хүүгээ төрөхөөр ойлгох байх. Эр хүн гэдэг ямар их ачааг нуруун дээрээ үүрч босдогийг. Эр хүн гэдэг ямар их бодол дундаас асгарч өндийдгийг.

Нэг л өдөр хүү чинь анхны хайрын шарх, сорви, нулимс, сархадтай цуг гэртээ ирнэ. Аав нь ч гэсэн ийм л явсан байх даа гэж санаа алдана.

Нэг л нарнаар алсын уул шиг холын газраас санан мэлтэлзэх нулимстай залгана. Аав нь ч гэсэн намайг санахдаа ингэдэг л байсан даа гэж чи инээмсэглэнэ.

Нэг л сарнаар алдсан, буруудсан, аальгүй хүүхний аманд орсон гэм дүүрэн гэрээсээ хөөгдөөд чам дээр л ирнэ. Аргагүй дээ эр хүн ингэж нэг алддаг юм гэж чи ухаажуулна.

Эр хүнийг хайрлахаас өөрөөр эмнэх, эрчлэх, хурцлах арга гэж байхгүй. Эмэгтэй хүнээс хайр л нэхэж орчлонг туулдаг дэндүү энгийн амьд оршхуй шүү дээ!

Өнөөдөр ч бас тэр чамаас хайр л хүлээж суугаа. Өөрийг нь багахан гуйгаад өвөрт нь хүүхэд шиг эрхлээсэй л гэж бодож суугаа. Өөрөө бардам байх дуртай улс өө цаадуул чинь. Өмөг түшиг гэж чамайг л барааддаг өөрийнхөөрөө л гэмгүй улс эр хүмүүс чинь.

Эр нөхрөө заримдаа аавтай минь адилхан зовж л байгаа даа гэж энэрч бай бүсгүй минь. Гэм нүгэл, хийсэн алдаа бүрийг нь тоочоод тэд чинь засрахгүй шүү дээ!

Эр нөхрөө заримдаа ахтайгаа адилтган бодож авир аашыг нь тоолгүй хүндлээд л өнгөрч бай бүсгүй минь. Гэртэй л тэд чинь арслан барс шиг байх дуртай улс.

Эр нөхрөө заримдаа чамайг баярлуулж мэндлэх амины чинь тасархай амь алаг үр, алдрай хүүтэйгээ зүйрлэн бодож хайрлаж бай бүсгүй минь.

Бие нь том ч бодол нь хүүтэйгээ л ижилхэн эрх зангаараа, сайхан ханиа хайрлаж бай бүсгүй минь.

www.goolingoo.mn