2007 онд “Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, “Гоёл-2010” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч, “Мода арт-2011” тэмцээний топ модель, “Ulaanbaatar Fashion week-2011” наадмын нүүр царай,  “Ftv” телевизийн монгол нүүр царайгаар тодорч олон улсад Монголын  нэрийг гаргаж байсан чадварлаг  модель, мисс бол  Х.Бадамгэрэл юм.  “Андра”загварын  агентлагийг үүсгэн байгуулсан түүнтэй цөөн хором ярилцснаа хүргэе. 

- Өдрийн мэнд.

- Таньд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

- Хөл хүнд ч гэсэн ажил ихтэй байгаа бололтой?

-  Тиймээ, ажил ихтэй байна. “Андра” загварын агентлаг нээсэн байгаа.  Манайх  загвар өмсөгч бэлтгээд зогсохгүй олон төрлийн авъяастай хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэх зорилготой. Загвар өмсөгч С.Төгсөө манай агентлагийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа. Бид хамтдаа загвар салбарт тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж, нэр хүндтэй байлгах талаас нь ажиллаж байгаа.  Шинэ агентлаг гэхэд элсэлт ихтэй, хичээл ихтэй л байна.

- С.Төгс та хоёр хоёулаа загвар өмсөгч. Тэгэхээр шинэ үеийн загвар өмсөгч, миссийг “төрүүлэх” нь ээ?

- С.Төгс маань мэргэжлийн загвар өмсөгч  хүн. Өмнө нь Германд ажиллаж байсан туршлагатай болохоор хамтрах санал тавьсан.  Алхаа, гишгээний хичээлийг бид хамтдаа заадаг. Мөн н.Билгүүнзаяа, н.Халиунаа зэрэг нэг дүгээр зэрэглэлийн моделиуд манай агентлагийн багшаар  ажиллаж байгаа. Манайх мөн жүжигчин, хөтлөгч, бүжгийн гээд олон авъяастанг төрүүлэх зорилготойгоор сургалтаа явуулдаг. Өөрөөр хэлбэл суралцагчиддаа  урлагийн авъяасаа нээж, өөрийнхөө  зорилгыг тодорхойлж, цаашид илүү ихийг харж, их зүйлд тэмүүлэхэд нь туслах зорилготой байгаа. 

“Мисс Монголиа” тэмцээнд миний бэлдсэн хүүхдүүд оролцож байгаа.  Жил бүр тэмцээнээ дэмжээд маш сайн хүүхдүүдээсээ оролцуулдаг.  Миний хувьд энэ жил “Андра” загварын агентлагаасаа шилдэг хүүхдүүдээ оролцуулж байгаа. 

- Энэ жил танайхаас хичнээн хүүхэд оролцож байгаа вэ?

- 2-3 хүүхэд байгаа.  Агентлаг бүрээс тодорхой тооны охид оролцож, тэндээсээ шалгаруулалтад орж байгаа гэж сонссон. Бүх агентлагаас оролцож байгаа болохоор энэ жилийн тэмцээн нээлттэй болж байна гэж бодож байна.  Өөр, өөр багш нарийн шавь  оролцож байгаа болохоор өрсөлдөөний хувьд  их гоё сонирхолтой байх болов уу гэж бодож байна.   

- “Мисс Монголия-2009” тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн мисс хүний хувьд тэрхүү дурсгалтай, сайхан үеэ эргэн дурсвал?

- Тэмцээнд орохоос өмнөх хоёр жил би тайзны ард ажилласан. Манай хоёр найз, эгч маань тэмцээнд оролцож байсан болохоор би тайзны ард ажиллаж, тэдэндээ чадлаараа тусалсан.  Тайзны ард байсан болохоор туршлага судлаад, юунд анхаарах ёстой гээд бүх зүйлийг судлаж анхаарсан. Тэр үүднээсээ өөрөө 2009 онд оролцохдоо бэлтгэл сайтай байсан гэж хэлж болно.  Тэмцээнд оролцож байгаа хүн өөртөө зорилго тавьдаг шүү дээ. Би тэмцээний эхний гурван байрны аль нэгэнд нь заавал орно гэж өөртөө зорилго тавьж байсан.  Тэр үед загвар өмсөөд 4 жил болсон байсан.  Мөн “Шилмэл загвар” ХХК маань намайг дэмжээд тэмцээнд оролцох боломжийг нээж өгсөн. Үүнээс гадан тухайн үед тэмцээнд ороход тусалж, дэмжсэн хүн их бий. 

Өрсөлдөөн тэр үед их байсаан.  Тэр үед “Мисс Монголиа-2012” наадмын ялагч Д.Долгион, мөн мисс Шүрэнцэцэг оролцож байсан.  Ер нь тэр үедээ ижил зэрэгтэй гарч ирж байсан моделиуд оролцож байсан болохоор маш өрсөлдөөнтэй, сонирхолтой байсан.   Миний хувьд их зүйл сурч, олон найзатай болохын зэрэгцээ гоё хүрээлэл бий болгож чадсан сайхан тэмцээн гэж хэлмээр байна. 

- Миссийн титэм зүүсэн бүсгүйчүүдийн зарим нь миссийн нэр хүндийг унагадаг. Таны хувьд үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

- Үүн дээр аль аль тал дээр нь шүүмжлэлтэй ханддаг л даа. Миссүүдийн хувьд жижиг том хэл аманд ордог. Хүмүүсийн хүлээж авах тал дээр ч туйлширсан ойлголт байдаг.  Ямар нэгэн байдлаар хэн нэгний өсөн дэвжиж, хийж байгаа ажлыг нь дэмжихээсээ илүү гадаад төрх байдлаас нь, алхам тутмаас нь өө сэв хайдаг.  Өө сэвэн дээр нь жаахан ажиллах боломж гараад тэр хүний нэр төрд халдах байдал тодорхой хэмжээгээр гардаг. Үүнд их харамсалтай ханддаг. 

Яг яагаад  миссүүд ингэж онцлогдоод байдаг вэ гэхээр олны нүдэнд ил байдаг. Бид нар чинь бусадтай л адилхан хүн болохоор алдаа оноо хийдэг. Алдаа гаргаад тэрийгээ засаж заларуулж чаддаг байна гэдэг нь тухайн хүний чадвар. Тэрнээс алдаагаа залруулж хийж бүтээгээд явахад дахин өнгөрсөн зүйл сөхөж,алдаа оноог нь шүүгээд байгаа хүмүүст бол би шүүмжлэлтэй ханддаг. 

Аливаа зүйлд наанатай цаанатай үзэл бодол, ойлголттой байгаасай гэж боддог. Хэн нэгний хэлсэн үгийг дуурайж,  бусдын ам дамжсан ярианд итгэж, тухайн хүнтэйгээ харьцаж үзээгүй, мэдээлэлгүй байж мэддэг  юм шиг ярих нь өрөөсгөл ойлголт. 

Нэр хүндээ өндөрт өргөж яваа загвар өмсөгч, миссүүд цөөнгүй бий.  Тэднийг сайн явах тусам нь муу талыг нь олж харахыг хичээдэг.  Харин амжилттай, сайн явж байгаа талаас нь дэмжээд дэмнээд өгвөл  тэд маш хурдан хугацаанд хөгжинө, урам зориг авна. Урам зориг ямар гоё урагшаа тэмүүлүүлж, ажилладаг билээ. Тэгэхээр ийм боломжийг олгодог байгаасай гэж хүсдэг.

- Миссүүдийн зарим нэгэн нь тайчиж зураг авхуулдаг.  Энэ нь мисс хүний ёс зүйд нийцэх үйлдэл мөн үү?

- Эротик, nude fashion, нүцгэн зураг авхуулах байдал тодорхой хэмжээгээр гардаг. Тухайлбал би мисс, бас загвар өмсөгч.  Би моделийн ажлаа хийгээд олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, арга хэмжээнүүдэд том тайзан дээр алхдаг.  Гоо сайхны болон уран сайхны  nude fashion зураг авхуулах нь модель хүний хувьд ажил.  Харин мисс хүний хувьд  яг энэ асуудалд үзэл бодолтой байх ёстой.  Гэхдээ нүцгэн зургаа авхуулсан хүнийг буруутгахаасаа илүүтэйгээр тухайн хүний сонголтыг хүндэтгэх ёстой юм болов уу гэж боддог.  Яагаад гэхээр тухайн үед тэр хүнд ямар сэтгэгдэл  төрөөд, ямар зорилгоор яагаад зураг авхуулах болсон нь тэр хүний л үзэл бодол, сонголт. Бид нар тэр хүний сонголтыг өөрийнх юм шиг эсвэл өөрийх нь хувцасыг тайлчихсан юм шиг ханддаг.  Тухайн хүний бие тэр хүний л эзэмшил. Хүн өөрийнхөө биеийг юунд, яаж зарцуулах нь тухайн хүний сонголт.  Харин тэр сонголт нь миссүүдийн хувьд ухаалаг байх ёстой.  Ухаалаг хандаж байгаа хүмүүсийг нь буруугаар ойлгож , туйлширч байгаа тохиолдол байдаг. Тухайлбал  Calvin Klein-ний жинсэн өмдний рекламыг авч үзье л дээ.  Рекламанд нь дандаа сайхан моделиуд  дээгүүрээ нүцгэн эсвэл дотуур хувцастайгаа тоглодог. Тэрийг хүн бүр үзэх дуртай, үзээд ямар гоё биетэй юм бэ гэж, ямар сайхан юм бэ гэж хардаг.  Гадаадыг зөвтгөж, гоё байдлаар хүлээж авдаг хэрнээ Монголдоо мэргэжлийн зураг авч байгаа, авхуулж байгаа тэр хүмүүсийг  ихэвчлэн нүцгэлж байна гэж буруутгадаг. Нийгэмд нэг ийм буруу хардалт байдаг.

Нүцгэлнэ гэдэг чинь өөрөө юунд зориулж байгаагаасаа шалтгаалаад өөр ш дээ.  Тухайн кинонд жишээ нь тэр сцени заавал байх хэрэгтэй болоод авч байгаа бол яагаад уран бүтээл талаас нь харж болохгүй гэж?  Тэгэхээр сайн талаас нь харж үзье гэж боддог.  Яг мисс хүний хувьд нүв нүцгэн зураг авхуулах нь тааламжтай зүйл биш.  Модель хүний хувьд fashion зураг авхуулсан тохиолдолд алдаа оноо өгөх нь өрөөсгөл ойлголт. 

Гадаадын супер моделиудын дийлэнх нь жирэмсэн байхдаа нүцгэн, дотуур хувцастай  зургаа авхуулдаг.  Тэрийг нь Монголчууд хараад ямар гоё юм бэ гэдэг. Монголд тэр стандартад нийцсэн зураг ховор авдаг болохоор буруу сэдэл төрүүлээд байдаг байх.                                                              , эерэг талаас нь хүлээж аваасай гэж боддог. 

- Мисс хүний хувьд биеэ авч явахад тодорхой хэмжээгээр шалгуур байдаг байх. Тэр талаар тодруулбал?

- Мисс болсон цагаасаа эхлэн байх ёстой нэр хүндийг цогцлоох гэж хичээж ирсэн. Хувь хүний хичээл зүтгэл, хүмүүжил үүнд их нөлөөлдөг юм шиг санагдсан.  Миний өдий зэрэгтэй яваа нь  хатуу хүмүүжил, үгээр өссөнийх.  Тийм болохоор би өөртөө хатуу шаардлага тавьж,өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэхэд надад хэцүү байгаагүй. 

Оюутан байхад  хүртэл оюутан шиг байж болдоггүй байсан.  " мисс юм байж зүгээр нэг пүүз өмсөөд явж байх юм”  гээд ярьж байдаг.  Ийм шүүмжлэл надад хэрэггүй үг үйлдэл шиг санаддаг. Тэр үед хэрвээ би оюутан шиг хичээлээ хийж,  хувцаслаагүй бол өнөөдөр   өдий зэрэгтэй өөрийнхөө бизнесийг эхлүүлэх чадваргүй байх байсан.  Тэр үед ямар нэг баг зүүгээгүй, дүр төрх бүрдүүлээд хэтэрхий их хичээгээд яваад байсан бол хичээл хийх цаг зав гарахгүй байх байсан болов уу гэж боддог.  Бүх цаг үед гоё байна гэдэг хэцүү.   Дээрээс нь Монгол шиг цөөн хүн амтай мөртлөө хэл ам ихтэй газарт тайван байх орон зайг хүн өөрөө бий болгох хэрэгтэй юм шиг.  Тэр орон зайг би өөрөө зөв бий болгох ёстой гэж боддог.

-  Жил жилийн “Мисс Монголиа” наадам өөрийн гэсэн онцлогтой болдог. Жил жилийн наадмын  онцлогийг дурдвал?

Ер нь “Мисс Монголиа”  наадам нэр хүндтэй болохоор оролцож байгаа бүсгүйчүүддээ өндөр шаардлага тавьдаг. Хэр баргийн хүн орох зүрх зориг дутна л даа. “Мисс Монголиа” тэмцээнд оролцож , түрүүлж байсан болохоор оролцож байгаа хүүхдүүдийг ажиглаж, хардаг. Яг юун дээр алдах гээд байна, тэрэн дээр нь заавар, зөвлөгөө өгөөд , тухайн хүнд урам зориг өгөх гэж хичээддэг.

Жил ирэх тусам тэмцээн улам л  сайжраад гоё болж байгаа.  Оролцож байгаа охид маань ч гэсэн гоё болж байгаа.  Оролцож байгаа охид маань гадаад үзэмжээсээ  гадна дотоод гоо сайхан, мэдлэгтэй байж түүгээрээ бусдад гайхуулаасай гэж боддог. Тийм болохоор “Мисс Монголиа” –д  орж байгаа охид маш өндөр шалгуурыг давдаг.  Тиймээс тэмцээнд  оролцож байгаа охидын зоригийг үнэлж, тэднийг ямар нэгэн байдлаар доромжилох нь тэнэг асуудал.  Миний хувьд зорьж ирээд өөрийнхөө хүч хөдөлмөрийг гаргаад тэсвэр тэвчээр гаргаж байгаа охидуудаа  100 хувь зөвтгөдөг.   Өөртөө зорилт тавиад, олон хүний өмнө тайзан дээр алхахдаа дотроо монгол хүн гэдгээрээ бахархаж ямар нэгэн зүйлд санаа зовохгүйгээр тэмцээнд оролцож байна гэдэг  тухайн хүнээс асар их зориг тэвчээр шаардаж байгаа хэрэг. Миссүүд маань жил ирэх бүр мундаг болж байгаа. би өөрөө нэр хүндтэй тэмцээнд түрүүлж байсан гэдэг утгаараа шавь нараа амжилттай оролцуулахыг хичээдэг.  Шавь нар маань ч гэсэн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа болохоор өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг тодорхой хэмжээгээр амсаж байна гэж боддог.

- Энэ жилийн тэмцээний онцлог?

- Жил бүр онцлогтой зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд  реалити маягаар сонирхолтой болж байгаа. Зургаан номинаци тодруулж байгаад шилдэг гурван оролцогчийг шалгаруулж байгаа.  Эхний гурван байрт орсон оролцогч маань олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно.  Олон улсын тэмцээнд явах эрх авна гэдэг  асар их боломж, нэр хүнд, хариуцлага. Энэ амжилтийн цаана маш олон хүний хөдөлмөр байдаг болохоор энэ боломжийг өөртөө, хүүхдүүддээ олгож байгаа хамт олон гэр бүл их сайн байна гэж хэлмээр байна.

“Мисс Монголиа” холбоо маань энэ жил маш сайн зохион байгуулж байгаа.  Мөн МҮОНТ үр дүнтэй ажиллаж байгааг сонссон. Энэ жил чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаа гэдэгт  итгэлтэй байна.

-  Нууц биш бол шавь нар тань хэд гэсэн дугаартай хэн гэж оролцогч вэ?                                                                                                             

- Тэрийг хэлээд хэрэггүй байх. Оролцож байгаа охид маань амжилттай оролцоно гэдэгт найдаж байна.  Тэднээс гадна тэмцээнд оролцож байгаа бүх оролцогчдын зорин тэвчээрийг үнэлж байгаа.  Бүгдээрээ амжилттай сайхан оролцоно гэдэгт итгэлтэй байна.  

- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.  Ажил, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

- Баярлалаа. 

А.Баярмаа