Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараахь мэдэгдэлийг нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ. Нийслэлийн ИТХ-аас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг гэнэт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасанд Монголын зохиолчид, Зохиолчдын байгууллага бид эсэргүүцэж байна.
Хэдийгээр Д.Нацагдоржийн хөшөөний газар, орчин тойрон нь Монголын Зохиолчдын өмч биш ч Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг болохын хувьд Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг босгох тухай саналыг тухайн үеийн зохиолчдын байгууллагын удирдлага Сайд нарын зөвлөлд хүсэлт гаргаж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 581-р тогтоол гарснаар уран барималч Махбалын зохиосон зураг төслийн загвараар төрийн шагналт барималч Н.Жамбаагийн удирдлагаар Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дүрслэх урлагийн баримлын тасгийн хэсэг урчууд бүтээн Ардын Хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан тус газарт босгосон түүхтэй. Уг хөшөө нь манай улсад бүтээсэн анхны том хүрэл хөшөө бөгөөд түүний суурь довжооны өндөржилт, орчны тохижилтын зураг төслийг Улсын барилгын зургийн институтээс зохиосон байдаг.
Гурван талдаа шаталсан довжоо бүхий 144 м битон хавтан талбайтай ,хөшөөний суурь нь 4 метр, хөшөө нь 6 метр өндөртэй . Хөшөөний суурийн ханан дээр зохиолчийн алдарт бүтээл “Миний нутаг” найраглалаас уйгаржин бичгээр сийлэн бичсэн байдаг. 1962 оноос хөшөөний орчин тойрныг зүлэгжүүлэн мод тарих зэргээр тохижуулж зохиолчид хүндэтгэл үзүүлэх, орчин тойронд нь соёлын арга хэмжээ зохион байгуулж ирсэн.
Ийнхүү Монголын утга соёлын түүх, үнэт дурсгал болон мөнхжүүлж ирсэн тус хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухай та бүхэн нэг ч зохиолчийн болоод зохиолчдийн байгууллагын саналыг сонсоогүйд гайхширч байна. Хагас зуун жилийн настай тус хөшөөг шилжүүлэхэд ямар нэг гэмтэл, хохирол учрахгүй байх, цаашлаад бүтээлийн зохиогчийн эрх хөндөгдөхгүй байх баталгаа алга. “Хөшөөний газрыг зарах өөр зориулалтаар ашиглахын тулд энэхүү түүхийн үнэт дурсгалыг хөндөж буйд зохиолчид бид харамсаж байна” гэсэн мэдэгдлийг Монголын Зохиолчдын Эвлэл нийслэлийн удирдлагад хүргүүллээ.