Ёс зүйгүй замын цагдаад хариуцлага тооцуулья
2013/09/09
Энэ сарын 2-ны өдөр 17 цагийн орчимд Зайсан орох замд байрлах “Оргил” худалдааны төвийн урд I эгнээнд түр зогссон машинуудын дугаарыг таны харж байгаа эдгээр цагдаа хурааж авсан байна. Ажлаа хийж байсан тэднийг буруутгахгүй ч харьцааны соёлд суралцаж, хувийн араншингаа ажлаа хийж байхдаа гаргахгүй байхыг сануулчихмаар байгаа юм. Сануулаад, заагаад, зөвлөөд жолооч нарт тусалдаг цагдаа нар байхад бусдыг доромжилж, үйлчилгээний ажилтан гэдгээ умартсан замын цагдаа нар жолооч нартай ёс бусаар харьцаж хэл амаар доромжилсон байна. Тодруулбал дугаар хураалгасан нэг машины жолооч торгууль болох 10000 төгрөгийг картнаасаа авахаар АТМ орсон хойгуур урд, хойд хоёр дугаарыг хурааж, "П..дакуудаа би цагдаа за юу, эрхийг чинь хаснаа" гэж жолооч,зорчигчийг нь хэл амаар доромжилж, хүний эрх чөлөөнд халдсан байна. Улмаар дугаараа авахаар уг байцаагчидтай утсаар ярихад элдэв тайлбар, шалтгаан хэлж, жолоо барих эрхийг нь хасна гэж айлгаж сүрдүүлж өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Дүрмэндээ бол торгуулийнхаа мөнгийг өгсөн л бол дугаараа хэзээ ч авч болох байтал хувийн араншингаа ажилдаа гаргаж, бусдыг хохироож байгаа нь мөн л ёс зүйгүй үйлдэл юм. Ажлаа сайн хийж байгаа бусад Замын цагдаа нарынхаа нэр хүндийг унагасан энэхүү байцаагчид өнөөдөр ажлаа гүйцэтгэж байгаа ажээ.
Ийнхүү мэргэжлийн байгууллагынхаа нэр хүндийг унагаж, ёс бус загнаж байгаа Замын цагдаа нарт хариуцлага тооцуулъя. Харин энэ мэтээр Замын цагдаа нарын ёс бус аашаас болж хохирсон жолооч нар ЗЦГ-ын 9302-0111 дугаарын утсанд мэдээлэл өгч, хариуцлага тооцуулж болох юм байна.
А.Баярмаа