Мэдээллийн №1 хөтөч сайт болох “Доргио.мн” сайт нь өнөөдөр онлайн сэтгүүл зүйд томоохон байр суурь эзэлдэг Монголын тэргүүлэгч сайтын нэг юм.  Манай сайт байгуулагдсан цагаасаа эхлэн шударга үнэний дуу хоолой болж, дөрөв дэхь засаглал байхын зэрэгцээ, сэтгүүл зүйн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байгаа хамт олон. Энэ хүрээнд 2013 оны 9-р сарын 2-ны өдөр сэтгүүлч А.Баярмаа  “Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх Н.Номтойбаярын “утсан хүүхэлдэй” бололтой” хэмээх нийтлэл байршуулсан юм.  Сэтгүүлчийн эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийсний дүнд хийсэн, баримт нотолгоогоор хангалттай энэхүү нийтлэлийг  гараад  ес хонож байхад  МАК ХХК-иас дараах шаардлага иржээ.  

Харамсалтай нь энэхүү шаардлага нь ажлаа хийж байгаа сэтгүүлчийг дарамтлах  гэсэн үйлдэл гэж редакцийн зүгээс үзэж байна.  Өөрөөр хэлбэл шаардах бичигт  дурьдсан өгүүлэмж  нь худал болохыг бид хууль болон  баримтуудын хамт дэлгэн тавихаар шийдлээ.

Энэхүү шаардах бичиг нь манай сэтгүүлчин гарган тавьсан баримтуудыг агуулгын хувьд  зургаан зүйлээр үгүйсгэсэн байна.  Ингээд тэдгээр зургаан үгүйсгэсэн зүйлийг нэг бүрчлэн авч үзэн баримт, тайлбарын хамт хүргэе.

“Монголын Алт” (МАК) ХХК нь 1999 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайтын ордод 1816X, 7805Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд энэ талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсний зэрэгцээ өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуулын ажил хийж нөөц тогтоогдсон хэсэгт нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын ажлыг үлдсэн талбайд гүйцэтгэж байсан юм. Гэтэл Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2005 оны 3/5 тоот тогтоолоор 1816X, 7805Х тусгай зөвшөөрлийн талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авснаар манай компани хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болсон хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөний дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг тус талбайд тэргүүн ээлжинд авах давуу эрх МАК ХХК-д хадгалагдсан юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2008 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 36 тоот тогтоолоор манай компанийн хүсэлтийн дагуу энэ талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлсөн. Харамсалтай нь АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн талаар нийтэд мэдээлэлгүйгээр “Өсөх Зоос” ХХК-д 15177X, 15178X тоот тусгай зөвшөөрлийг олгосноор тэргүүн ээлжинд тусгай зөвшөөрөл эзэмших манай давуу эрхийг зөрчсөн” гэж  шаардах бичигт дурьджээ.

Одоо тэгвэл энэ нь худлаа гэдэг баталгааг хуулийн заалттай нь тайлбарлъя.  Ашигт малтмалын тухай хуулийн  14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж заасан байгаа. Тэгтэл МАК нь давуу эрх эдлэх өргөдлө өгөөгүй бөгөөд баталгаа нь энэ байна.  

Энэ бол шаардах бичиг сэтгүүлчийг гүжирдэхийг завдсан эхний үйлдэл юм. Харин сэтгүүлчийг гүжирдэх гэсэн дараагийн баримтыг одоо хүргэе.  

“...Энэ маргаан 2 жил гаруй хугацаанд гурван шатны шүүхийн 6 удаагийн хурлаар хянан хэлэлцэгдсэн бөгөөд УДШ-ийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор “Өсөх зоос” ХХК-д олгосон 15177X, 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь хууль зөрчиж олгогдсон болохыг, “Монголын Алт”(МАК) ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болохыг, тухайн талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмших боломжгүй болохыг, энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах ч эрхгүй болохыг тус тус тогтоон, хүчингүй болгосон...” гэж МАК ХХК шаардах бичигтээ дурьджээ.

Үүнийг баримт тайлбарын хамт худлаа гэдгийг дахин нотолье.  2012 оны 6-р сарын 4-ны өдрийн  Улсын дээд шүүхийн хяналтын шатны  захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 83-р тогтоол гарсан байдаг. Уг тогтоол  Ашигт малтмалын тухай хуулийн 19.5, 19.6-г баримтлан гарсан байдаг.  

Тус хуулийн 19.6 нь Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байдаг бөгөөд энэ нь  мөн хуулийнхаа 19.2.5-ыг баримталдаг гэсэн үг юм.  Тэгвэл энэ хуулийн 19.2.5-д нь “19.2.5.хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах.”  Гэж заасан бөгөөд энэ “Өсөх зоос” ХХК-д давхцаагүй хэсэг дээрээ тусгай зөвшөөрөл авах боломжтойг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 83-р тогтолыг дахин унших хэрэгтэйг МАК ХХК-ийнхан мартсан бололтой. Мартсан ч, мартаагүй ч 83-р тогтоолыг дахин үзэх хэрэгтэйг сануулах нь зүйн хэрэг бизээ.

“МАК” ХХК-иас ирүүлсэн  албан бичигт “... Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, ГУУКХ-ийн дарга Л.Даваацогт нарт холбогдох 201000487 тоот эрүүгийн хэрэгт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журам зөрчин олгосон болохыг тогтоож, эдгээрээс 15177X, 15178X тоот тусгай зөвшөөрөл нь УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6-р сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор хүчингүй болсон үндэслэлээр хасагдан 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү 15177X 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь сонгон шалгаруулалтын журам зөрчиж олгогдсон болох хууль зүйн фактыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон...” хэмээжээ.  Үүнийг худлаа бөгөөд сэтгүүлчийг гүжирдсэн гэдгийг дахин баримтаар нотолье.

2013оны 01-р сарын 30-ны өдөр БГД-ийн шүүхийн 70-р шийтгэх тогтоол

2013оны 4-р сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 285-р магадлал

2013 оны 06-р сарын 19-ны өдөр Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны  эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 312-р тогтоол уудад 15177Х, 15178Х тоот тусгай шөвшрөөл нь сонгон шалгаруулалтын  журам зөрчиж олгогдоогүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.   

Баримт нь энэ байна.  

 

 

Энд 15177Х, 15178Х тоот тусгай шөвшрөөлүүд нь аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн талбай тул Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөр журмаар олгогдох ёстой тул 108 ширхэг тусгай зөвшөөрлөөс хасч 106 болгосныг зөв гэж магадлалын хянавал хэсэгт дурьджээ.  Мөн сонгон шалгаруултад /тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол/ оруулна гэдгийг зааж өгсөн байна.  

МАК ХХК-иас ирүүлсэн шаардлагад тусгасан дараагийн худал зүйл бол “...  Өсөх Зоос ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь гарсан цагаасаа шүүхийн маргаантай байсан бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн тул энэ талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэтэл “Өсөх зоос” ХХК энэ талбайд хайгуул хийсэн мэтээр тайлан бэлдэж, УДШ-ийн Хяналтын шатны шүүхийн 2012 оны 6-р сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор хүчингүй болсны дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 7-р сарын 4-ний өдрийн хурлаар оруулж “Өсөх зоос” ХХК-ийн нэрээр дүгнэлт гаргуулсан. Мөн Ашигт малтмалын газрын дарга 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 614 тоот тогтоолоор хүчингүй тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг “Өсөх зоос” ХХК-ийн нэрээр хүлээн авч баталсан.... ” гэжээ.  

2009 оны 10-р сарын 05-ны өдөр АМГ-ын ГУУКХ-ийн даргын  788 тоот шийдвэр гарч 15177Х, 15178Х тоот тусгай зөвшрөөлүүдийг төр захиргааны байгууллагаас хуулийн дагуу авсан.  Улмаар “Өсөх зоос” ХХК Голомт банкнаас 6 сая ам.доларын зээл авч , Ашигт малтмалы болон Банкны тухай хуулийн дагуу барьцаанд тавин баталгаажуулсан.  Гэтэл МАК ХХК нь  шүүхэд 2010 оны 7-р сарын 6-ны өдөр шүүхэд хандсан ба “Мөнхсаяан” компани  2010 оны 7-р сарын 04-ны өдөр түдгэлзүүлэх хүсэлт тавьсан байдаг.   Улмаар 2010 оны 9-р сад түдгэлзсэн байдаг. Тэгвэл “Өсөх зоос” ХХК 2009 оны 9-р сараас 2010 оны 9-р сарын 9-ыг хүртэлхи  хугацанд  авсан зээлээрээ нарийвчилсан  хайгуулын  ажлыг хийж дууссан байсан. Мөн хайгуул хийх явцад нүүрс байгаа нь тогтоогдсон ба тус компанийг тусгай зөвшөөрлөө аваад  бүтэн 10 сар өнгөрсөн хойно  буюу асар их зардал гаргасны дараа  шүүхэд хандаж ажлыг нь зогсоон хохироож байгаа юм. Өөрөөр хэлбэл МАК ХХК өрсдийнхөө давуу эрхээр авч чадаагүй газраас нь нүүрсны орд гараад ирэхэд нь эгдүүцсэн бололтой булацалдаж эхэлсэн гэсэн үг юм.  

 

".... Түүнчлэн та бүхэн үйл явдлын цаг, хугацааны дарааллыг буруу тайлбарлаж ''Өсөх зоос ХХК төр захиргааны байгууллагаас хуулийн дагуу 1313.41 га талбайг авч, 3 сая ам доллараар хайгуулын ажш хийж, нөөц тогтоосноо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажуулан АМГ-т хүлээлгэн өгч, улсын нөөцөд бүртгуүлэх тухай АМГ-ын даргын 614-р тушаалаар баталгаажуулж, олборлолт хийх ажлаа хуулийн дагуу эхлэх гэж байтал МАК ХХК 2010 оны 7-р сарын 4-ний өдөр манайх гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан” гэсэн нь дээр дурьдсан бодит үйл явдлаас илтэд зөрүүтэй, үндэслэлгүй бичжээ.  гэж “МАК” ХХК-иас ирүүлсэн шаардах бичигт тусгажээ."   Үүнийг тайлбарлъя.

 Өсөх зоос хайгуулыг ийм газарт хийсэн  

83-р тогтоол гарсны дараа “МАК” ХХК-ын газрын гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаа талбайнуудтай  /0/ давхцалгүй  газар болох 350 га-д  тусгай зөвшөөрлөө авсан.   Энэ талбай нь хэний ч эрх ашгийг хөндөөгүй, бусдын газартай давхцалгүй  гзар юм. 

Сэтгүүлчийн бишсэн нийтлэлийг буруутгаж байгаа дараагийн нэг үндэслэл нь  "УДШ-ийн Хяналтын шатны шүүх 83 тоот тогтоолоор манай гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагаас эс үйлдэхүйтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч нөгөө шаардлага буюу “Өсөх зоос” ХХК-ийн 15177X, 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хангаж, манай газар эзэмших эрхийг зөрчсөн болохыг тогтоосон. Үүний дараа манай компани Кадастрын хэлтсийн нийтэд мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдох шаардлагын талаар УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж байсан. Энэ талаар “Өсөх зоос” ХХК маш сайн мэдэж байгаа хэдий ч төрийн захиргааны байгууллагуудад “шүүх МАК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоолоо” хэмээн шүүхийн шийдвэрийг гуйвуулж тайлбарласаар ирсэн." хэмээжээ.

Үүнд тайлбар хийхэд  83-р тогтоолыг “МАК“ ХХК үл зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гарган бүх шүүгчдийн  хурлаар ы оруулахыг  хүссэн боловч татгалзсан хариу авсан.   2012 оны 8-р сарын 20-нд хариу өгснөөр 83-р тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон.  Өөрөөр хэлбэл МАК ХХК нь 83-р тогтоолыг  бүхэлд нь биш, хэсгийг нь давсан гэдэг боловч шүүх гомдолд заасан үндэслэлээр н биш хргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

Энэхүү тогтоол гарснаар “МАК” ХХК тус газрыг өөрсдөө эзэших боломжгүй болж байгаа юм. Харин энэхүү тогтоолыг “МАК” ХХК үл зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гарган бүх шүүгчдийн хурлаар оруулахыг хүссэн бөгөөд Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзсан болохыг 2012.08.20-ны өдөр мэдэгдэж энэ хэргийг эцэслэн шийдврлэсэн байна.

 

 

Сэтгүүлчийг ингэж баримтаар нотлон гаргасан баримтыг МАК ХХК-ийн зүгээс  “ Гэтэл танай сайт дээрх мэдээлэлд дам сургаар буюу таамгаар хандаж, хэт нэг талыг барьсан, туйлширсан нийтлэл бэлтгэн нийтэлсэн нь сэтгүүлчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл болсны зэрэгцээ олон нийтэд илт худал, бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлэл гаргаж бидний талаар бусдад буруу ойлголт өгөх, төөрөгдүүлэх, нийгэмд эрүүл бус уур амьсгал бий болгосноор манай компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрд бүдүүлгээр санаатай халдаж эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчлөө. Нөгөөтэйгүүр “Өсөх зоос” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон, сэргээсэн хууль бус шийдвэрүүдийг АМГ-ын болон Кадастрын хэлтсийн өмнөх удирдлагууд гаргасан байдаг. Гэтэл танай сайтад УИХ-ын Гишүүн Н.Номтойбаяр, АМГ-ын дарга Г.Алтансүх нарыг холбон бичсэн нь ор үндэсгүй, шалтгаант холбоогүй тул тэдний нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон байна. Түүнчлэн “Өсөх зоос” ХХК-д дахин лиценз олгосон, шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талбайд нөөц хүлээн авч баталсан ЭБМЗөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын тогтоолтой холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул дээрх худал ташаа нийтлэлээр тухайн хэргийг хянаж буй шүүх болон шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлого хийлээ хэмээн үзэж байна.” гэж байгаа нь ажлаа хийж байгаа сэтгүүлчийг сүрдүүлэх, бодит үнэнийг гуйвуулах гэсэн далд санаа агуулж байгаа хэрэг хэмээн үзэж байна.  

Тиймээс үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийг дарамталсан ийм үйлдэл дахин гаргахгүй байхыг МАК ХХК-иас шаардаж байна.  

 Сэтгүүлч А.Баярмаа нь сэтгүүл зүйн  салбарт сүүлийн  найман жилийн турш ажиллаж байгаа туршлагатай сэтгүүлч бөгөөд мэргэжлийн ёс зүйг дээдлэн ажилладаг . Тиймдээ ч өөрийн нийтлэлдээ “Юуны өмнө энэхүү хардлага, нийтлэлээр албан тушаалтан, байгууллагын нэр төрд халдах зорилго агуулаагүйг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэж тусгасан  нь компанийн эрх, ажил хэргийн нэр хүндэд халдах гэсэн үйлдэл биш  юм.  

Нөгөөтэйгүүр өнөөдөр Монголын ард түмэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь  “МАК” ХХК-ийн захирал  Нямтайширийн хүү гэдгийг хүн бүр мэднэ.  Н.Номтойбаяр, АМГ-ын дарга Г.Алтансүх нар нь хамт ажиллаж байсан гэх өгүүлбэрт шаардлага хүргүүлсэн байгууллага болон шаардлагаднэр орсон хэсэг хүн “эмзэглэсэн” бололтой юм.  

Сэтгүүлч А.Баярмаа нь бусдын нэр төрд халдж, хэт нэг талыг баримталсан нийтлэл бичээгүй тул  мэдээллийн №1 хөтөч сайт  Доргио.мн болон сэтгүүлч А.Баярмаа нар уучлалт гуйх, залруулга хийх шаардлагагүй гэж үзэж байна.  

Доргио.мн сайтын  мэдээний алба