ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононг баривчилжээ
2016/05/26
Рэнцэндорж овогтой Ононг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг АТГ өөрийн вэб сайтдаа мэдээлжээ.
Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татан баривчлаад байгаа юм. Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.
Зарим эх сурвалжид дурдсанаар Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан бололтой. Р.Онон эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзжээ.
Тэрбээр жил бүр гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн ч Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр авчээ. Түүнийгээ санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаагийн сацуу Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Зочин · 2016/05/27
hugiin avilgach.uhej dald oroosoi.