Зарим нэг цагдаагийн албан хаагчаас болж өнөөдөр цагдаа нарын нэр хүнд унаад байна.  Тухайлбал  албан үүргээ гүйцэтгэж байна гэсэн нэрээр хүн дайрч бусдын амь нас эрүүл мэндэд халдсан тохиолдол ойр ойрхон гарах боллоо. Тэдгээр хэргүүд цэрэг цагдаа, танил тал харгалзахгүй үнэн зөвөөрөө шийдэгдэж байгаа бол  дуугүй өнгөрөхсөн. Гэвч  хүний бяцхан үрийг дайрчихаад  миний биш эхийнх нь буруу гэж “уснаас хуурай” гарах гэж байгаа замын цагдаад хүн чанар, ухамсар, ёс зүй  даанч алга.

Тодруулбал энэ сарын 11-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 32-р байрны гаднах талбайд дөрвөн настай охин Чингэлтэй дүүргийн хэв журмын эргүүлийн цагдаагийн албаны машинд 4 настай Мандухай охин дайруулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх гэтэл хүүхдийн буруутай үйлдлээс болсон гэсэн дүгнэлтийг Замын цагдаагийн шинжээч нар гаргажээ. Уг нь эргүүлийн цагдаа гэлтгүй  хорооллын дунд явж байгаа жолооч   хурдаа сааруулж, ярианы хэллэгээс бол “яст мэлхийн” хурдаар явах ёстой.  Тэгтэл хурдаа тааруулаагүйн улмаас орцноосоо гараад явж байсан  бяцхан охиныг дайрсан  байгаа юм.  Улмаар  хуулийн байгууллагад хандахад  охины буруу гэсэн дүгнэлтийг  гаргажээ.   Энэ талаар  хохирогч  Мандухай охины ээж  Т.Өлзийсайханаас цөөн зүйл тодрууллаа.  

-Осол болсон талаар та тайлбарлахгүй юу?

-Энэ сарын 11-ний өдрийн 17:30 цагт хогоо асгахаар охинтойгоо гарсан. Гэтэл 23-р сургуулийн зүгээс цагдаагийн машин ямар ч дуут дохио өгөлгүй хурдтай ирээд тооромз авч, надаас нэг метрын зайтай явж байсан охин дээгүүр маань гараад явсан. Эх хүний нүдэн дээр ийм явдал болоход яаж хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ. Би хүүхдээ тэврээд цагдаа нарт эмнэлэг рүү  явъя гэхэд урдаас хүүхдээ харсангүй гэх мэтээр намайг загнаж эхэлсэн. Албан үүргээ гүйцэтгэж байхад хүүхдээ харсангүй, байнга гараас нь хөтөлж явах ёстой гэх мэтээр  загнасаар байсан.  Тэгээд эмнэлэгт очиход осол гаргасан жолооч “Надад байгаа нь л 150 мянган төгрөг байна.  Зохицое” гэсэн агуулга бүхий зүйл ярьж байсан. Дараа өдөр нь эхнэр нь гэж эмэгтэй ирсэн. Түүнээс хойш бидэн рүү ганц ч холбоо бариагүй. Эмнэлэгт 10 хоноод гараад ирэхэд бидний буруу болчихсон дүгнэлт гарсан байгаа нь харамсалтай байна.

- Хуулийн байгууллагад хандахад ослын дүгнэлтийг хэрхэн  гарсан юм бэ?

-“Хүүхдийн буруутай үйлдлээс болсон. Авто осол гаргасан Чингэлтэй дүүргийн хэв журмын эргүүлийн цагдаагийн албаны 1246 УНА улсын дугаартай автомашины жолооч ахлах цолтой Ц.Өлзийтайван нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл байхгүй” гэсэн байсан. Хэргийн газраас хүн дайрсан машинаар хөлөө бяцартал дайруулсан охиноо аваад эмнэлэгт хүргүүлэхэд л дүгнэлт нь өөр гарсан бололтой.

- Хэрэг болсон даруйд хэмжилт хийгээгүй гэхээр хэзээ нь хийсэн юм бэ?

-  Хэрэг өдрийн 17.30 минутад болсон. Харин замын цагдаагийн шинжээчид 23.00 цагийн үед очиж хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний дараа машины дугуйны хээ, тооромзны мөр байхгүй байна гэсэн. Тэр зам байрны дунд байдаг төв зам учраас 17.30-.23.00 цагийн хооронд өчнөөн машин тэр замаар явж байгаа шүү дээ. Тэгээд л осол гаргасан жолооч огт буруугүй, хүүхдийн буруу гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм.

-  Уг нь хорооллын дундах замаар  хурдаа сааруулж явах ёстой шүү дээ.  Цагдаагийн албан хаагчид хурдтай явснаа хэрхэн тайлбарлаж байх юм?

-Замын хөдөлгөөний дүрэмд хороолол дунд автомашин 20км/ц хурдтай явах ёстой. Гэтэл осол гаргасан цагдаагийн машин түүнээс хэд дахин илүү хурдтай явж байсан. Их хурдтай явснаа ажлаар явсан гэж байгаа ч тэр хавьд ямар ч дуудлага аваагүй байсан байгаа юм.

-Одоо охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Сайнгүй байгаа. Баруун хөлний савхан яс, тулгуур яснууд нь хугарсан. Хугарахдаа зөөлөн эд энд тэндээ бяцралт их өгсөн байна лээ. Мөн гадуур хугаралт буюу яс нь махыгаа цоолж гарч ирсэн байсан. Шөнө болохоор өвчнөөсөө болж халуурах, чичирдэг. Эмнэлэгт байхдаа маш хүчтэй антибиотикуудыг өндөр тунгаар тариулж байсан. Гэвч бага насны хүүхэд учраас дотор эрхтнүүдэд нь нөлөөлнө гэж тунг нь багасгаж хэрэглэж байгаа. Яс нь үйрэлт ихтэй учир хөл нь нөгөөхөөсөө дутуу өсөлттэй, богино болж магадгүй гэсэн. Доголон болно гэсэн.

 

Энэ тохиолдол хурдаа тааруулж яваагүй цагдаагийн зөв, дайруулсан охины хохь болсон дуусах гээд байгаа юм.  

Осолд орохоос өмнөх Мандухай охин




Охиныг дайрсан цагдааг өмгөөлсөн цагдаагийн ахлах дэслэгчийн дүгнэлт.


Охины хөл

Хэрэг болсон газар


Хэрэг болсон газар



Мандухай охин


Хэрэг үйлдсэн "гэмт хэрэгтэн" цагдаа


Хэрэг гарах үед цагдаагийн  унаж явсан машин

 

Цагдаагийн  хариуцлагагүй байдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон өөр нэг хэрэг саяхан гарсан бөгөөд  Замын цагдаагийнхан энэ хэргийн  талаар  огт мэдээгүй байгаа юм.  2013 оны 7-р сарын 25-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн урд талын шинэ зам дээр  ЗЦГ-ын албан хаагчид урсгал сөрж явахдаа бусдын биед гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Явган зорчигчид зориулсан гарц, гарам огт байхгүй энэ зам явган зорчигчийн хувьд эр зоригийн зам гэж хэлж болно. Харин хэрэг гарсан өдөр  ЗЦГ-ын албан хаагчид болох дэд ахлагч н.Б, ахлах ахлагч н.Б нар  Төв аймгийн наaдмын хамгаалалтад гарахаар яаран явж байсан ажээ. Улмаар урсгал сөрөхдөө  иргэн Б.Нямдаваагийн биед гэмтэл учруулсан байна.  Хэрэг гарсны дараагаар  энэхүү хэргийг эрчүүд шиг зохицон өнгөрөх санал тавьсан байгаа юм.  Үүнийг нь иргэн Б.Нямдаваа хүлээн зөвшөөрч, цагдаа нарын хамт явж эмнэлэгийн тусламж авсан байна.   Ингэж  явахдаа тэдгээр цагдаа нар хэргийг нуун дарагдуулахыг хүссэн бөгөөд  ахуй амьдралаа хэлж,  эмчилгээний зардлыг нь өгч, хичээлд нь хүргэж өгнө хэмээн тохирчээ.  Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг үг харин энэ тохиолдолд  харин  биелэлээ олоогүй байна.   Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг  иргэн Б.Нямдаваа хуулийн байгууллагад хандан өргөдөл өгсөн байна.   Өргөдөл өгөөд 14 хонож байгаа бөгөөд  хуулиараа бол хэрэг мөрдөх хугацаа нь 28 хоног  ажээ.  Өөрөөр хэлбэл хууль, хяналтын байгууллагын ажилчидтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газарт шалгадаг байна.

 

 

 

Дээрхи хэргүүдийн талаар тодруулахад  Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа болохоор мэдээлэл өгөхгүй  хэмээн мэдэгдсэн.  

Мэргэжлийн ёс зүй хаана байнаа?  Эсвэл ЗЦГ-ын зарим албан хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа болгоомжгүй, хайхрамжгүй ханддаг болчихсон юм уу?

Хэрвээ хүн дайрсан эдгээр цагдаа нарын үр хүүхдийг  энгийн нэгэн жолооч дайрсан бол  “хорхойтой араандаа зуугаад” өнөөдөр  лав хоёр ч хүн шоронд  орчихсон байгаа.  Харин хуулийн байгууллагын ажилчид өөрсдөө хэрэг хийчихээд ингэж уснаас хуурай гарна гэдэг хүн чанарын хувьд байж боломжгүй асуудал.

Дээр дурьдсан хоёр тохиолдол бол цэвэр цагдаа нарын буруу. Өнөөдөр  хогоо асгахаар гарахдаа хүүхдээ байнга хөтөлж явдаг иргэн хэд вэ? Дайрсан цагдаа ч өөрөө хөтлөөд явадггүй л байх...  Наадмын хамгаалалтад гарна гээд урсгал сөрж явахдаа явган зорчигчийг дайрчихаад хэлсэн амандаа хүрдэггүй нь эр хүний шинж үү?

Тэгвэл хүн, нийгмийн сайн сайхны төлөө явдаг цагдаа нар хүн дайрч байгаа ийм  байдал дахин давтагдуулахгүйн тулд эргүүл, хэв журам, замын цагдаа нарыг  харьцааны соёлын хичээлд хамрагдуулан, ёс суртахуун, хүн чанар гээч  мартагдах шахсан   төлөв байдлаа сэргээхэд Удирдлагууд нь анхаарна уу.  

Өөрөөр хэлбэл нийгэмд үүсээд байгаа энэ таагүй уур амьсгал  удирдлагуудын ухамсаргүй арчаагүй байдлаас улбаатай гээд хэлчихэд буруугүй л байх шүү !!!

А.Баярмаа