Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчилсэн бэ
2016/07/25
Ю.Цэдэнбалыг өвчний учир өөрийнх нь зөвшөөрснөөр Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын Төв хорооны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр гээч нь Монголын ард түмнийг хууран мэхэлж, хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан юм.
Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надировын “Цэдэнбал 1984 он”, Шинкаревын “Цэдэнбал түүний цаг үе” бүтээлээрээ анх илчилж, дэлхий дахинд зарласан билээ.
Надиров бол ЗХУКН-ын Төв Хорооны Ази, Алс дорнодын хэлтсийн Монголыг хариуцсан ажилтны хувиар (80-аад оны дунд үе хүртэл) Ю.Цэдэнбал болон манай талын зочдыг байнга дагалдаж үйлчилж байсан хүн. 60-аад онд манайд элчин зөвлөх, зөвлөхөөр ажилласан, бүтээл гаргах үедээ ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн хүн.
Өөрийнх нь нотолсноор Ш.Надиров бол ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны архивын нууц материал судлах эрхтэй цөөхөн хүний нэг учраас архивын нууц баримтыг үндэслэж, бас олон үйл явдалд биеэр оролцож явсны хувьд эргэлтийн бүх нууцыг хөтөлбөргүй нотолж чадсан. (түүний номын 5 дахь тал)
Шинкарев бол дэлхийн олон орон түүний дотор Монголд ажиллаж байсан сурвалжлагч, зохиолч. Ю.Цэдэнбалынхан Москвад байхад гэрээр нь байнга очиж тэдэнтэй уулздаг байсан хүн.
ХУЙВАЛДААНД МОСКВАГИЙН ОРОЛЦОО
Бүр 1970-аад оны дунд үеэс Ю.Цэдэнбалыг огцруулах асуудлыг ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарын хурлуудад 10 шахам жил хэлэлцжээ. Янз янзын хувилбар боловсруулж байсны эцэст 1984 онд түүнийг өвчний гэх шалтгаанаар огцруулахаар удирдлагууд санал нэгджээ.
Олон удаагийн хурлын протоколоос заримыг нь дурдъя.
ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев социалист орнуудын удирдагч нэг бүрийн тухай судалгааны материал Улс төрийн товчооны гишүүдэд тарааж танилцуулсны дотор Ю.Цэдэнбал нэгэнт нэр хүндгүй болж, хүн бүхнийг залхааж байгаа тухай тааруухан дүгнэлт оржээ.
Уг асуудлыг Улс Төрийн Товчооны хурлаар 1976 оны хоёрдугаар сард хэлэлцэхэд Улс Төрийн Товчооны гишүүн, БХЯ-ны сайд Устынов Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэдээллийг нэмж танилцуулаад Ю.Цэдэнбалыг солих хэрэгтэй. Тэр удирдаж чадахгүй байна. Байдлыг гартаа барьж чадахгүй байна гэжээ. (Шинкаров, Цэдэнбал Филатова хоёр. УБ 2004 он 366 дахь тал)
1983 оны арваннэгдүгээр сард Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн гарын үсэг зурсан Монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг Улс Төрийн Товчооны хуралд оруулан хэлэлцүүлжээ.
Тэр бичигт МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй. Тиймээс Ю.Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт Төв Хороонд гаргуулах шаардлага бий болж байна. Түүнд АИХ-ын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё гэжээ.
Улс Төрийн Товчоо асуудлыг хэлэлцээд үүнийг дахин судлан үзэж, энэ ажилд Зөвлөлтийн Монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг Улс Төрийн Товчооны гишүүн А.А.Громыко болон бичиг зохиогч бусад хүнд даалгажээ.
Төв Хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков нэмж хэлэхдээ “Гэхдээ тодорхой юу хийх вэ, үүнийг хэрхэн хийх вэ” гэж өөрөөсөө болон хуралдаанд оролцогчдоос асуусан ч уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй байна "Бидний оролцоотойгоор гэхдээ мэдэгдэхгүйгээр" гэж товчооны гишүүд тус хурал дээр ярилцжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 1977, 106 дахь тал)
А.А.Громыко нарын Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёр дахь бичиг 1984 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улс Төрийн Товчоонд оруулж хэлэлцүүлжээ. Тэр бичигт Ю.Цэдэнбал ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэжээ.
Ю.Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын Төв Хороо арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. Улс Төрийн Товчооны тогтоолд зохиогчдын саналыг сайшаагаад хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд ТХ, ГЯЯ, УАХХ-ны цөөн тооны хариуцлагатай ажилтныг татан оролцуулсан байна.
ЗХУКН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Горбачев 1984 оны зунаас Ю.Цэдэнбалыг огцруулах ажлыг шуурхайлжээ. Зүв зүгээр ажлаа хийж байсан Ю.Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны долоодугаар сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлжээ.
Тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулж амжжээ. Өвчний учир ажиллах боломжгүйг Ю.Цэдэнбалд өөрийнхөө ерөнхий нарийн бичгийн дарга Н.У.Черненкогоор хэлүүлэх санал тавьсан боловч тэрбээр татгалзжээ. Черненко хүнд өвчтэй байсан учраас Зөвлөлтийн нам төрийн бүх ажлыг Горбачев гардан удирдаж байжээ.
Ю.Цэдэнбал эмнэлэгт хэвтсэний долоо дахь өдөр буюу наймдугаар сарын 7-нд Горбачевын элч Төв Хорооны хэлтсийн орлогч М.Н.Смирновский Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай уулзаж, Цэдэнбалын өвчний актыг танилцуулаад зөвлөлдөх шаардлагатай учир амралтаас буцах замдаа Москвад уулзъя гэсэн М.Горбачевын хүсэлтийг дамжуулжээ. Ингэж уулзахаас өмнө энэ сэдвээр ярилцахгүй байхыг манай хоёр даргаас Смирновский хүсчээ. (Ш.Г. Надиров, Ю.Цэдэнбал- 1984 он 118 дэх тал)
Амралтаас буцахдаа уулзъя гэсэн байтал манай хоёр дарга яарч тэр дороо Москва нисчээ. Наймдугаар сарын 9-нд Батмөнх, Моломжамц хоёр М.С. Горбачевтай уулзсан байна. Уулзалтад Д.Ф.Устинов, В.М. Чебрыков, К.В.Русаков эмч Е.И.Чазов (ЭХЯ-ны IV газрын дарга, удалгүй яамны сайдаар дэвшсэн) байлцжээ.
Горбачев хэлэхдээ Ю.Цэдэнбал өвчний учир ажлаа орхих шаардлагатай боллоо. Бид түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авахыг зөвлөлдөх хэрэгтэй болов гэхэд эмч Чазов-Цэдэнбал өөрийн байдлыг ойлгохгүй байна. Эхнэр нь эмч нарын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэжээ.
БАТМӨНХ: -Байдал ноцтой болсон учраас хагас дутуу арга хэмжээ авч болохгүй гэдэг нь бидэнд тодорхой байна.
Нэгдүгээрт, манайд боломж байхгүй болохоор Москвад Цэдэнбалыг үргэлжлүүлэн эмчлэх нь чухал гэж бидэнд санагдаж байна.
Хоёрдугаарт, ойрын үед УлсТөрийн Товчоог хуралдуулж энэ байдлыг танилцуулна.
Гуравдугаарт, өнөөдөр бид Ю.Цэдэнбалыг Халх голын ялалтын баярт оролцохоор явахыг болиулж чадна гэж бодож байна. Моломжамц-Цэдэнбалыг эмчлүүлж байхад албан тушаалд нь байлгаж байж болохгүй юу гэж болгоомжтойгоор хэлсэн байдаг.
ГОРБАЧЕВ: -Зүрхний дутагдал биш харин тархины гэмтлийн тухай ярьж байгааг харгалзаж үзэхгүй байж таарахгүй. Тиймээс дээр ярьснаар Ю.Цэдэнбал ажиллах чадваргүй болсон.
МОЛОМЖАМЦ: -Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдээс хэн нэг нь өнөөдөр Чазовын хэлсний адил үгийг манай Улс Төрийн Товчооны хуралд яривал сайн байна гэжээ.
Мөн К.В.РУСАКОВ: -Хэрэв Цэдэнбал албан тушаалдаа үлдвэл Филатова командлах болно. Тэгээд та нар Ю.Цэдэнбалтай төдийгүй бас түүнтэй зөрчилдөх болно гэжээ.
Энэ уулзалтан дээр Ю.Цэдэнбалыг Моломжамц өмгөөлсөн нь үнэхээр сэтгэл гаргав уу аль эсвэл манжлав уу гэх бодол төрдөг юм. Яагаад гэвэл удахгүй халагдах гэж байгаагаа сонсчихсон Моломжамц өмнө нь Зөвлөлтийн элчин Н.С. Щетининг гэртээ урьж “Ю.Цэдэнбал эдийн засгийн удирдлагыг эрс сулруулж шийдвэр, гүйцэтгэлд өөрөөс нь хамаарах асуудалд гүйцэд оролцохгүй байна. Эхнэр нь ямар ч жолоодлогогүй хүн болж хувирлаа. Дээд удирдлагадаа энэ асуудлыг уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг нь Элчин сайд тэр дор нь няцаасан байдаг” (Ц.Жамбалсүрэн. Ю.Цэдэнбал, эрин үеийн түүхэн элч. 2012 он 369 дэх тал)
Мөн эргэлтийн дараа дараачийн үйл явдалд Ю.Цэдэнбалыг өмгөөлж хамгаалсан үг яриа, үйлдэл Моломжамцаас гараагүй. Ю.Цэдэнбалыг АИХ-д үлдээх талаар ч эсрэг байр суурьтай байсан гэдэг.
ЭРГЭЛТИЙН ҮЕД ЦЭДЭНБАЛ, ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, ХҮҮХДҮҮДИЙН ҮЗЭЛ БОДОЛ, БАЙР СУУРЬ ЯМАР БАЙВ
Өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг өөрөөр нь гаргуулахаар манай эрх баригчид Ю.Цэдэнбалтай Москвад хоёр удаа уулзсан байна.
1984 оны наймдугаарсарын 10-нд Ж.Батмөнх, Д.Моломжамц хоёр эмнэлэгт уулзахад Цэдэнбал, “Та нар намайг ажил битгий хий гэж байгаа юм уу, ажилгүй бол би үхнэ шүү дээ” гэжээ. Хоёр дарга тэр өдөр бас Филатоватай уулзжээ.
Филатова “эмнэлгийн дүгнэлт гээч нь Ю.Цэдэнбалын эсрэг чиглэсэн худал дүгнэлт. Чазов эмч хүний ёс зүйгээс няцаж Зөвлөлтийн дээд байгууллагын хүслийг дуулгавартай биелүүлж байна.Та нар Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөх шийдвэр гаргавал тэр тэсч чадахгүй үхнэ. Түүний үхлийн буруутан нь та нар байх болно. Ю.Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэж байна. Та нар тусалбал Ю.Цэдэнбал цааш ажиллаж чадна. Тэр бол туршлага ихтэй, мэдлэг сайтай хүн” гэжээ (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 126 дахь тал)
Бас баруунд амарч байсан манай Улс Төрийн Товчооны гишүүд хуралд дуудагдаж нутаг буцах замдаа зарим нь Москвад түр саатаж Ю.Цэдэнбалтай уулзсан байдаг.
Т.Рагчааг 1984 оны наймдугаар сарын 14-нд Филатова урьж Ю.Цэдэнбалтай эмнэлэгт уулзжээ. Ю.Цэдэнбал яриан дундаа Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг томилж болох юм гэсэн санаа хэлжээ. Энэ тухайгаа бичээд өгөөч гэж Рагчаа хүсэхэд Ю.Цэдэнбал цаасны өөдөс авч “Т.Рагчаад Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг томилж болох юм’’ гэж бичиж гарын үсгээ зураад Рагчаад өгсөн байдаг.
Т.Рагчаа хожим нь ярихдаа, Улс Төрийн Товчооны хуралд би тэр бичгийг гаргаж харуулаагүй. Учир нь хүнд үзүүлэхэд ичмээр цаасны тасархай дээр бичсэн байсан. Би зурвасыг хадгалж байгаад бүх явдал дууссаны дараа Ц.Намсрайд “харахад өчүүхэн ч гэсэн түүхийн чухал баримт шүү, хадгалаарай” гээд өгсөн гэжээ. (Д.Дожоодорж “Үнэн” сонин 1990 оны 8.31)
Энэ талаар Намсрайгаас Дожоодорж бас лавлажээ. Уг бичгийг надад 1985 оны нэгдүгээр сарын 15-нд Т.Рагчаа өгсөн. Намын Төв Хорооны хоёр бүгд хурал өнгөрөөд байхад та яагаад өгөөгүй юм бэ. Бүгд хурлын үед хэрэгтэй онц чухал баримт байсан байна шүү дээ гэж Т.Рагчаагаас Ц.Намсрай асуухад би нас ахисан өвчтэй хүн мартсан байна гэж хариулсан гэнэ. (Д.Дожоодорж 1991 он Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 23 дахь тал)
Мөн Д.Майдар нь Ю.Цэдэнбал, Филатова нартай уулзаж хоёр цаг ярилцахдаа Рагчаа намайг дэмжвэл би Цэдэнбалыг хамгаална гэсэн бөгөөд дараа нь Зөвлөлтийн төлөөлөгчтэй ярилцахдаа “Ю.Цэдэнбалын биеийн байдал Улаанбаатарт байснаасаа өөрчлөгдсөн юм огт алга. Одоо Ю.Цэдэнбалын эргэн тойронд юу болоод байгаа
нь ойлгомжгүй байна. Та ямар мэдээлэлтэйг би мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн Улаанбаатар дахь эрх тушаал хөөцөлдөгчдийн далд явуулга гэсэн бодол танд төрөхгүй байна уу” гэсэн байдаг (Ш.Г.Надировын хувийн архив)
Дарга нар яаравчлан нутаг буцаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоог хуралдуулж Ю.Цэдэнбалыг НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг баталжээ. Энэ шийдвэрийг танилцуулахаар Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нар Москвад хүрэлцэн ирж Ю.Цэдэнбалтай эмнэлэгт уулзсан байна.
Ю.Цэдэнбал “Та нар намайг бүх ажлаас халах гэж байна уу. Та нар хуйвалдагчид, эргэлтэд оролцогчид, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахаас эрс татгалзаж байна. Улаанбаатарт намайг буцааж аваачихыг хатуу шаардаж байна. Улаанбаатар руу ниссэний улмаас эрүүл мэндийн байдал муудвал эмч нар хариуцлага хүлээхгүй гэсэн гарын үсэг хийж өгөхөд би бэлэн байна. Хамтран хөдөлмөрлөсний төлөө нам улсын идэвхтнүүдэд талархал илэрхийлэх учиртай. Та нарын үйл ажиллагаанд би ямар ч саад болохгүй” гэжээ. Хоёр удаагийн уулзалтын аль алинд Ю.Цэдэнбал ажлаас чөлөөлөгдөх санал өгөөгүй юм байна.
1984 оны Намын Төв Хорооны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг өөрийн нь зөвшөөрснөөр чөлөөлөв гэсэн нь худал байсныг дээрх баримт нотолж байна.
Монголын удирдлагууд Ю.Цэдэнбалтай уулзсан хоёр удаагийн уулзалтад А.И.Филатоваг оролцуулаагүй. Учир нь “төлөвлөгөөг нурааж мэдэх этгээд” гэж Горбачев түүнийг цоллож энэ үеэр түүнтэй уулзаж саатуулах үүргийг УАХХ-ны дэрга Чебриковт өгчээ.
Филатова яг энэ мөчид УАХХ-нд очиж хоёр удаа Чебриковтай уулзсан байдаг. Филатова болон хүү Зориг нь Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нартай уулзаж Ю.Цэдэнбалыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар юмуу намын хүндэт даргаар ажиллуулах асуудлыг бас хөнджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984он 136 тал)
Дараахан нь Филатова Москвагаас Ж.Батмөнхтэй утсаар холбогдож Америкийн Коммунист намд хүндэт даргын албан тушаал бий, Ю.Цэдэнбалыг намынхаа хүндэт даргаар үлдээж болохгүй юу гэж хүсэхэд манай намын дүрэмд тийм заалт байхгүй гэж Ж.Батмөнх хариулжээ. (Д.Дожоодорж, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 1991он 24 дэх тал)
Ю.ЦЭДЭНБАЛЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ӨӨРЧИЛСӨН ТУХАЙ
Ю.Цэдэнбал өвчилж ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас түүнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй өнгөрчээ. Харин Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад дээд албан тушаалын төлөө ил далд өрсөлдөөн өрнөжээ.
Ж.Батмөнхтэй ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков “ВЧ”-гээр холбогдож ярихдаа нэгдүгээрт, Батмөнхөө Москвад бид таныг нэгдүгээр хүн гэж үзэж байна. Товчоо, бүгд хурал дээр хэн үг хэлж, таны нэрийг дэвшүүлж болохыг мэдмээр байна. Тэр хүнийг та товлосон бол бид тэр нөхөртэй урьдчилан ярилцмаар байна гэхэд Ж.Батмөнх "түрүүн ярилцсан ёсоор намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохоор ярилцаж байгааг нотлоод миний нэрийг Д.Моломжамц дэвшүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Та нар түүнтэй яривал сайн байна" гэжээ.
К.В. Русаков "хоёрдугаарт, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар шийдвэр гаргасан уу" хэмээн асуухад Батмөнх "Энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Шийдвэрийн тухайд маргааш, нөгөөдрөөс та нарт хэлж чадна гэж найдаж байна.” гэжээ.
Н.ЦЭРЭН
/Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн, түүхийн ухааны доктор/
Үргэлжлэл бий
Зочин · 2016/07/26
yanz buriin taria hiij bgaad alaa biz dee.Heniig ch gesen ta tiim uvchtei bolson bna gej heleed l neg taria hiigeed l alah amarhan shuu dee.
зочин · 2016/07/25
Энд түүхийг гуйвуулсан ямар нэгэн зорилго байна, дарга 1983 онд ярьж байгаа юмаа мартаж самуурдаг болсон байсныг ойр тойрныхон нь бүгд мэднэ
Зочин · 2016/07/25
okay
зочин · 2016/07/25
Энэ бичсэн хүн Цэ даргатай ядаж ганц удаа уулзаж байсан болов уу? Энэ ард түмний тархийг угаасан мэдээ байна. Цэ дарга 83 оны үед үнэхээр тархи мэдрэлийн ямар нэг өвчин туссан, цаашид улс орныг удирдах чадвар муудсан байсан нь хөдөлшгүй үнэн юм. Зүгээр ард түмний дунд маш нэр хүндтэй хүн байсан учраас шууд аваад хаячих боломжгүй байснаас шийдвэр гаргахад хуцүү байсан байх. Орост удаан байлгаж эмчлүүлдэг л буруу байсан санагддаг. Үнэхээр эх орноо гэсэн сайн удирдагч байсан нь ч үнэн. Би энэ хүнтэй амьдралдаа ганц удаа 1983 оны 3-р сарын 07 ны өдөр биеэр харж хэлсэн ярьсныг нь анхааралтай сонсох аз завшаан таарсан юм. Хэлж байсн үгээ мардаж өөр утгатай юм ярьдаг тийм марталтын өвчинтэй болж байгаа нь мэдрэгдэж байсанд тун гайхаж билээ. Ер нь эмчлүүлэх юмуу ажлыг нь солих цаг болсон санагдаж байсан юм. Нэг их айхтар хуйвалдаан, хэлмэгдүүлэлт болоогүй байхаа. Зүгээр жудаг гаргаж ярилцаж зөвлөлдсөн юм байгаа байлгүй. Оросууд харин өвчнийг нь бүр давраасан байж магадгүй.