МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан.

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.

 

Ингээд дэд сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.

 

Гадаад харилцааны дэд сайдад - Г. Тэнгэр

 

1. Гадаад харилцааны дэд сайдад Г. Тэнгэрийг дахин томиллоо. Түүний хувьд 2012 оноос дэд сайдаар ажиллаж байсан юм.


2. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн Г.Тэнгэрийг энэ албанд тохирох хүн гэдгийг намын нөхөд нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

 

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайдад - А.Бакей

 

3. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байгаа. Өлгийчүүдийг парламентад төлөөлж байхдаа 2005-2006 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

 

4.Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Монгол Улсын Их сургуульд доктор хамгаалсан. Мөн Бээжингийн хэлний дээд сургууль, Бээжин хотод Ардын их сургууль, АНУ-д Питсбургийн их сургуулийг тус тус дүүргэсэн.

 

Зам тээврийн дэд сайдад - Б.Цогтгэрэл

 

5. Улстөрийн хүрээнийхэн төдийгүй цахим ертөнцөд түүнийг "шилэн Цогоо" гэдэг нэрээр нь илүү мэднэ.

 

6. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад ажилласан МАН-ын гишүүдээс дутахгүй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр ирсэн түүнийг ийн Зам тээврийн дэд сайдын суудалд суухыг дэмжсэн байна.

 

7. Б.Цогтгэрэл өдгөө УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байна.

 

Хууль зүйн дэд сайдад - МАН-ын Бүлгийн хуульч Б.Энхбаяр

 

8. МАН-ын УИХ дахь бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр. Тэрбээр МАН-ын УИХ дахь хуулийн зөвлөхөөр ажилладаг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байсан чамгүй заргач нэгэн гэдгээрээ олонд танигдсан.

 

9. УИХ дахь МАН-ын бүлэгт хуульчаар ажиллаж байсан.

 

Сангийн дэд сайдад - Х.Булгантуяа

 

10. МАН-ын сайн боловсон хүчнүүдийн нэг.

 

11. Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч, "Оюутолгой" ХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гадаад харилцаа, жендерийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч гээд олон хариуцлагатай ажлыг хийж ирсэн.

 

БСШУС-ын дэд сайдад - Ё.Отгонбаяр

 

12. Ё.Отгонбаяр 1982 онд Нийслэлийн 52-р дунд сургууль, 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ph доктор зэрэгтэй.

 

13. Тэрээр 1982-1983 онд Ардын армийн 282-р анги байлдагч, 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, 1-р нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд "Баянгол ЗБ" ХХК-ий ерөнхий менежер, захирлаар ажиллаж байв. Дараа нь 2000-2001 онд Гадаад хэргийн яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргын албыг тус тус хашиж ирсэн.

 

14. БСШУЯ-ны сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч. Энэ үед хятадууд өөрсдийн нэр дээр авахыг санаархаж байсан "Монголын уламжлалт баяр: Наадам", "Монгол ардын хөөмэйн урлаг"-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад бүртгүүлж чадсан юм.

 

Батлан хамгаалахын дэд сайдад - Т.Дуламдорж

 

15. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гарын хүн гэгддэг Т.Дуламдорж ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн "Монгол шуудан"-ын даргаар очих нь хэмээн багагүй хэл аманд өртөж байв.

 

16. ​Гэсэн ч ажлын хувьд багагүй туршлагатай энэ эрхэм аль ч төрд албан тушаалтай үлдчихдэг шаггүй сэргэлэн нэгэн.

 

Эрчим хүчний дэд сайдад - Т.Гантулга

 

17. Т.Гантулга МАН-ын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн дарга, улс төр судлаач, доктор зэрэгтэй.

 

18. Тэрбээр өмнө нь Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 

Уул уурхайн дэд сайдад - Х.Бадамсүрэн

 

19. УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдад томилжээ. Төр түшилцэж явсан түүнийг уначихаад байгаа уул уурхайн салбарыг босгож чадна гэж намын нөхөд нь үзсэн бололтой.

 

Эрүүл мэндийн яамны дэд сайдад -Л.Бямбасүрэн

 

20. Л.Бямбасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг зарчимч, байр суурин дээрээ хатуу зогсдог гэж үнэлэгддэг нэгэн.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад - С.Мөнгөнчимэг

 

21. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга тэрбээр МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд гадаад худалдааны чиглэлээр магистр хамгаалсан нэгэн.

 

22. Намын дэргэдэх залуучуудын холбооноос ажлын гараагаа 2001 оноос эхлүүлж, улс төрийн ажилтан, ахлах ажилтнаар долоон жил ажилласан. Дараа нь төрийн алба, бизнесийн байгууллагад чамгүй олон жил зүтгэсэн. Энэ хугацаанд холбооныхоо Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллсан.

 

Барилга хот байгуулалтын дэд сайдад - М.Батбаяр

 

23. М.Батбаяр Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал бөгөөд архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй нэгэн.

 

24. Тэрбээр 2008-2010 онд Улаанбаатар хотын Зураг төслийн хэлтсийн дарга, 2012-2015 онд "Хот төлөвлөлтийн хүрээлэн"-г үүсгэн байгуулсан, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны газрын даргаар ажиллаж байжээ.

 

24tsag.mn