“Хард” нь эвдэрсэн Монголын төр
2016/08/17
Манай төр,засагт тогтвортой бодлого үгүйлэгддэг. Дээр нь улстөржилт, талцал тэмцэл нь хэрээс хэтэрчихсэн. Сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилд эрх барьж буй аль нэг намын даргын толгойгоор явж ирснээс урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт байдаггүй. Байлаа ч өмнөхөө үгүйсгэж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдаг эрх баригчдын нөлөөгөөр дундаасаа тасарч, эсвэл ор мөргүй арчигдаж, алга болдог.
Энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээж, хөгжлийг тушиж, байдгаа барахад хүргэсэн. Дээр нь АН засаг авсан жилүүдэд фракц, бүлэглэлүүдийнх нь тэмцэл төрийг тогтворгүй дээр нь муухай харагдуулж, нүүрээ буруулах улс нэмэгдсэн үү гэхээс наашлаагүй. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН энэ алдааг засах, дүгнэлт хийх, арга барилаа өөрчлөх талаас алхам хийхгүй нь. Уг нь 2016 он Монгол Улсад хангалттай анхааруулга өгсөн. Сонгуулийн өмнөөс дохиогоо дуугаргасан.
МАН үүнийг мэдэж байгаа. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр чуулга уулзалт тогтвортой бодлогыг, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хангаж ажиллах талаар манай эрх баригчдад анхааруулсан гэж болно. Хоёр дахь удаагийн сануулга нь “Монгол судлал-Тогтвортой хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо хуралдаж буй Дэлхийн монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал. Өөрөөр хэлбэл, дэлхий энэ жил манай эрх баригчдын тархин дундуур хоёр ч удаа “11-дэв”.
Эхнийх нь төр, засгийн тэргүүнүүдийн айлчлал, яриа хэлэлцээ байсан бол улсынхаа бодлогыг шинжлэх ухаанчаар чиглүүлж байдаг эрдэмтэн судлаачид манай улсад чуулж байгаа нь асар их ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл бид ямар байна вэ. Эрх баригч МАН гарч ирээд “Мэргэжлийн” Засгийн газар байгуулж, мэдлэгтэйгээр удирдаж чиглүүлнэ гэсэн. Их хуралд 65 суудал авсан зангарагаа харуулж, цөөхөн монголчуудаа хагаралдуулалгүй, нам харгалзалгүй мэргэжил, туршлага, ур чадварыг нь харах байх гэж итгэсэн.
Гэтэл намын дарга Миеэгомбын Энхболд нь хамаатан садан, худ ураг, хурдан морь уяж уралдуулдаг хэдэн найзаа Төрийн сайд болгож төрийн албыг төрлийн тойрог болгов. Төрийн байгууллагад халаа, сэлгээ хийхээр судалгаа нэртэй “Хадны мангаа” явуулж буй нь шууд бусаар авлига нэхсэнтэй агаар нэг утгаар ойлгогдож байна. Эцэст нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй байх асуудлыг хүртэл МАН шийдэхээр болж байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй. Сайн жишгийг цааш нь бодлогоор үргэлжлүүлж авч явна гэж энэ намд итгэх арга алга.
Тухайлбал, АН эрх барьж байх үедээ хэрэгжүүлсэн “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөрүүд байна. Түүхий эдийн үнэ унаж, малаа банкинд барьцаалж өндөр хүүтэй зээлийн өрөнд орсон малчдад “Сайн малчин” нүдээ олсон хөтөлбөр байсныг МАН зогсоолоо. Суралцаж байх хугацаандаа судалгаа, шинжилгээ хийж, ажлын талбарт дадлагажиж, сургалтын төлбөрийн зээл авах боломжтой болоход дэм болсон “Сайн оюутан” хөтөлбөрийг ч бас зогсоов.
Уг нь МАН “Төлбөрийн дарамтгүй оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээ сонгуулийн амлалтдаа онцолсон. Гэтэл үүнд чиглэсэн хөтөлбөрийг зогсоож амласанаасаа буцав. Өрсөлдөгч улс төрийн хүчний хийсэн ажил бол сайн ч байсан муу нэр зүүлгэдэг гаж жишиг энэ. Ийм байдлаар явж ирснээс болж Монгол Улс өнөөдөр урт хугацааны бодлого төлөвлөлт ч, тогтвортой хөгжлийн бодлого ч алга. Сайныг санах ой, үргэлжлүүлэх ухаан дутмаг, компьютерээр бол “хард” нь эвдэрсэн юм шиг Монголын төр МАН-ын засаг барьсан дөрвөн жилд бахь байдгаараа байж, ухрахаас биш урагшлахгүй нь ээ.
Ч.Олдох
Зочин · 2016/08/17
cool