Бодит үнэнийг эргэн дурсахуй
2016/08/17
- 1971 ОНЫ ХАВАР СЭЛЭНГЭ АИМАГТ-
Сангийн аж ахуйн тэргүүний ажилчдын зөвлөгөөнийг тухайн үеийн нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал өөрийн биеэр удирдахаар Сэлэнгэ аймагт ирж, уул зөвлөгөөнөөс хоёр хоногийн өмнө Зэлтэр сангийн аж ахуйн ажилтай танилцах болсон тухай удирдлагуудад мэдэгдэж, сум, сангийн аж ахуйн намын хорооны дарга Ц.Маамдайгаар ахлуулсан бүрэлдэхүүн нам-төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргыг Сэлэнгэ мөрний Бүдүүний гүүрэн дээр угган хүлээж авах үед бидэнтэй мэндлэн “Маш дотно элэгсгээр бид бүгдтэй гар барин, хүн бүгдийн амар мэндийг мэдэж, харилцаж байсан” нь юм үзэж нүд тайлаагүй над мэтэд “Энэ том удирдагчдаа гар маш чанга атгуулан мэндэлсэн минь нь амьдралд минь тохиолдоогүй сэтгэл ханамжтай үе мөч тохиосон” билээ.
Мэндчилгээний дараагаар Ю.Цэдэнбал дарга бидэнд хандан “Та бүгдэд дуулгах сайхан мэдээтэй ирсэн дээ. “Атрын ууган хөдөлмөрийн баатар Найдангийн Санжаад цол тэмдгийг зөвлөгөөний үеэр би өөрийн биеэр гардуулж өгөхөөр авчирснаа мэдэгдээд “Та бүгддээ баяр хүргэе” гэж бидэнтэй дахин гар барьсан нь ёстой л сэтгэл огшино гэгч болж билээ.
Ингээд л бид Бүдүүний гүүрнээс үр тарианы Цагаан-нуурын хоёрдугаар тасгийн зүг хөдлөхөд манай сум сангийн аж ахуйн намын хорооны дарга Ц.Маамдай, Ю.Цэдэнбал даргын сууж явсан машинд даргатай зэрэгцэн сууж / гупер/ машин нь Сэлэнгэ аймгийн Нийгмийг аюулаас хамгаалахын хэлтсийн дарга Д/Х Намсрайжав гуай явж байсан. Мөн тэдний араас нэг ГАЗ- 66 машин, кабинд нь эмнэлгийн таних тэмдэгтэй хошууч цолтой хүн явсан ба энэ талаар хамт яваа нөхдийн яриа-таамгаар Ю.Цэдэнбал даргын хоол хүнсийг авч явдаг таамаглал ярьж байсан. Ингээд бид ёстой л бөөн баяр Санжаа баатрыг маань олон жилийн өмнөөс ХАА яаман дээр Зэлтэрийн баатар гэж л яриад байдаг “Цол-тэмдэг” нь өгдөггүй, манай сум, сангийн аж ахуйхны тухайд Санжаад маань баатар өгөх ч өнгөрөв бололтой гэж ярилцдаг байсан нь биеллээ олж бид баяр бахдал дүүрэн байхаас яахав.
Цагаан-нуурын тасаг дээр ирээд хурал цуглаан хийсэнгүй Ю.Цэдэнбал дарга хэсэг хүмүүсийн хамт гудамжаар явж амар мэндийг мэдэн гар барьж, аль аймаг нутгаас ирсэн, амьдрал байдалтай нь танилцаж байгаад хамт яваа улс, шуурхай реферэнтээр нь Доржбат гэдэг настай буриад хүн. Энэ хүн Зэлтэр нутгийнх байсан. Энэ хүмүүсээс Ю.Цэдэнбал гуай Амарбаясгалан хийд одоо чухам аль чигт, хаана, хэдэн км газар байгааг лавлан тэр хийдийг сайхан сэргээж тохижуулах хэрэгтэй юм шүү дээ гэж хамт явагсдаа зөвлөн ярьж байгаад манай сум, САА-н намын хорооны дарга Ц.Маамдайд хандаж “Танайд Зэнэ гэдэг малчин байх ёстой, Булган аймгийн Энхтолгойн САА-гаас шилжиж ирсэн, тэднийх хаана байна.
Бид хоёр цэргийн найзууд байгаа юм. Надтай уулзуулж өгөөч гэж хүссэний хариуд Маамдай дарга “Одоо бид эндээс Боргиогийн эхний өвөлжөөнд Рэнцэн гэдэг айлд очих ёстой. Боргиогийн доод өвөлжөөнд бидний замд сайндаа л 300 м зайтай” гэснээр тэд Зэнэ гуайнхаар очих болж бид түрүүлж очиж хэл дуулгахад Зэнэ гуай дээд зэргээр баярлаж, идээ таваг засаад эхнэр хүүхдийн хамт гэрийнхээ үүдэнд эгнэн зогсоцгоож угтлаа даа.
Ю.Цэдэнбал дарга машинаасаа буугаад яаравчлан Зэнэ гуайтай нэлээд удаан тэврэлдэн үнсэлцэж, дараагаар нь гэр бүлийх нь хүн, хүүхдүүдтэй нь мэндэлж дуусахад Зэнэ гуай Ю.Цэдэнбал даргыг хамт явагсадтай нь гэртээ орохыг урилаа. Гэтэл нэгэн махлаг биерхүү /драпан пальтотой/ залуу “Маршрут хэн зөрчиж энэ айлд даргыг авчрав” гэж нэлээд уцаарлангуй, “Танайд даргыг оруулахгуй” гэлээ. Гэтэл Зэнэ гуай би МАХН-ын гишүүн яагаад нам-төрийн тэргүүнээ гэртээ оруулж болохгүй байдаг билээ гэж нэлээд ширүүн, бухимдалтайгаар хандлаа. Гэтэл Ю.Цэдэнбал дарга “За Зэнээ чи битгий мунгина. Чамтай уулзах гэж маршрут зөрчсөн хүн нь би байна. ‘Ёс ёмбогор-төр төмбөгөр” гэж үгтэй. Сайхан уулзацгаалаа шүү дээ энээс илүү яахав. Чи маань маш сайхан баян амьдарч байгаа юм байна шүү дээ. Олон сайхан хүүхэдтэй, томчууд нь сургууль соёлд суралцаад, том хүү чинь тасгийн механик гэсэн.
За Зэнээ “Дэлхийд хүнээс үнэтэй капитал” гэж байдаггүй юм” гээд ГАЗ-66-ийн кабинд байгаа хошуучийг дуудаад /нэрийг нь мартжээ/ Миний гарын бэлэг аваад ир гэсний нь дагуу дуран, цаасан хайрцаггай чихэр 5-6 орчим кг болов уу авчирч өгсөн. Зэнэ гуайд малаа дурандаж бай гээд дуран гардуулан өгч, чихрийг хүүхдүүддээ амсуул гэж өгөөд шууд л анх уулзсан шигээ тэврэн үнсэлцэх үед бид ч түрүүлэн Боргиогийн дээд өвөлжөөнд Рэнцэн гуайнд давхин ирэхэд гэр бүлийн хүн Пэлжид гуай тогоотой цайгаа самраад л бүх юм бэлэн, жин тан байсан учир гарч дарга нараа угтан Рэнцэн гуайнд орууллаа.
Ю.Цэдэнбал дарга Рэнцэн гуайнхтай бүгдтэй нь мэндэлж, гар бариад суудлаа эзлэн суухдаа “За яасан сайхан цайны үнэр үнэртэж байна вэ. Хоёр аяга сайхан цай ууя” гэсээр суудлаа эзлэхэд: Пилжэд гуай цайныхаа дээжийг аягалаад Ю.Цэдэнбал даргад барихад нөгөө бие хамгаалагч залуу: “Та наад цайгаа нааш нь өгөөтөх” гэдэг шаардлага тавихад Пилжэд гуай маш их гайхаж нөгеө залуу руу харж байгаад Ю.Цэдэнбал даргад харц шилжүүлэхэд “Өг өг” гэсний дагуу бие хамгаалагчид өгөхөд цайг нь амсч үзээд Пилжэд гуайд аягатай цайг буцааж “Та энэ цайг асгачихаад аягаа надад өгөөдөх” гэдэг шаардпага тавих үед “Зуухныхаа төмөр шиг хар хөх болон дургүйцлээ илэрхийлж зүүн тавиур дээрээ цайгаа нэг саванд хийгээд аягаа өгөхөд аягыг нь авч пальтоныхоо кармаанаас алчуур гаргаж арчаад “За та одоо цайгаа аягалж даргад өг” гэснээр өглөө.
Энэ үед миний нөгөө л юм үзэж нүд тайлаагүй байдал дахин тодорч Ю.Цэдэнбал даргаа нэг талаар маш их өрөвдөж энэ хүн улс орноо дөч гаран жил удирдаж, бүх ачааг үүрч яваа шүү дээ. Тэгээд замаасаа 300-хан метр хүрэхгүй газар хазайгаад дотно найз нөхөдтэйгөө уулзах эрх нь хязгаарлагдмал, айлд ороод аяга цай уух эрх нь хязгаарлагдмал байх ч гэж дээ. Хөөрхий минь гэсэн бухимдал харуусал минь туйлдаа хүрч өөрөө өөртэйгөө дотроо ярилцаж, өөрийн нь хэлдэг “Ёс ёмбогор- төр түмбэгэр” гэдэг нь ийм байдаг юм болов уу даа гэж л өөрийгөө тайвшруулж байв даа.
1991 онд шиг санагдаж байна. Төв аймгийн Баянчандманьд сумын намын бүх гишүүнийг клубт цуглуулж МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Болдбаатар /түүхийн ухааны доктор/ уулзалт яриа хийхээр индэрт гарч яриагаа шууд л “Нөхөр Цэдэнбалын ганцаараа ноёрхлын үед” гээд л эхэллээ.
Миний бодол тэр “Ганцаараа ноёрхол” гэдэг өгүүлбэр үнэхээр таалагдсангүй. Шууд л “Болдбаатар гуай танаас асуух асуулт байна”гэж нэлээн ширүүхэн шаардлаа. Гэтэл хариуд нь “Би яриагаа дуусгаая дараагаар нь асуу” гэж байна. Би шууд “Танаас одоо асуух шаардлагатай байна” гэсэн Сумын намын хорооны дарга “Нөхөр Бямбаа та зохион байгуулж байгаа ажил битгий үймүүлээд бай" гээд л ихээхэн зэвүүрхэн шаардлаа. Би “Ажил үймүүлээгүй ээ. Болдбаатар гуайгаас асуух шаардлагатай асуулт байгаа.
Одоо асуух сонирхолтой байна” гэсний хариуд Болдбаатар гуай надад хандаж: “Бямбаа гуай та асуултаа асуу даа” гэлээ. Би босч Ж.Болдбаатар гуайд та яриагаа “Нөхөр Цэдэнбалын ганцаараа ноёрхлын үед" гэж эхэллээ. Энэ хүн “Ганцаараа ноёрхох байтугай замаасаа 300 метр ч хүрэхгүй газар хазайгаад дотно найз нөхөдтэйгөө уулзах эрхгүй, айлд ороод аяга цай ч өөрийн дураар уух эрхгүй байсныг би нүдээр харж чихээрээ сонсч явсан болохоор “Үнэн юм үнэнээрээ байх ёстой.
Та энэ намын суртал ухуулгын /цээл/ төвөөс яваа хүн гэж би ойлгож байна. Ингэж Ю.Цэдэнбал гэдэг хүнийг “Үйлсгүй- гүтгэх” ямар шаардлагатай юм гэдгийг л танаас асуух гэж яарч адгаад байна” гэхэд Ж.Болдбаатар гуай “За Бямбаа гуай таны хэлдэг үнэхээрийн үнэн тэр үед бүхнийг Нийгмийг аюулаас хамгаалах яам үйлддэг байсан юм. Танд би нэг л зүйлийг амалчихъя. Энэ минутаас хойш Ю.Цэдэнбалын ганцаараа ноёрхол гэж хэн нэгний амаас ийм үг гарахгүй, хэвлэл мэдээлэлд ийм утгатай өгүүлбэр бичигдэхгүй гэдгийг танд амалъя” гэж хариу өгснөөр хэлсэн ёсоороо хэрэгжсэнд нь Ж.Болдбаатар гуайдаа туйлаас баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
БНМАУ-ын нам, төрийг дөч гаран жил Ю.Цэдэнбал гуай удирдан чиглүүлж байх бүхий л хугацаанд БНМАУ-ын ард түмэн эрх тушаал, эд хөрөнгө, хөгшин залуугаараа ялгаварлан гадуурхагддаггүй, өвчин зовлон туссан бол хэд хоног, хэдэн cap, жилээр ч улсын зардлаар эдгэрч, эрүүлждэг байсан. Энэ түүхийн нэгэн бодит үнэн.
БНМАУ-ын бас ард түмэн /дэлхийд/ улсаараа “Бичигтэн” болж байсан нь түүхийн бас нэгэн бодит үнэн. БНМАУ-ын үр хүүхдүүд шиг дархлагдсан иргэд дэлхийд өөр хаана ч байгаагүй. Энэ бол түүхийн бодит үнэн. Энэ талаар гадаадын хэвлэл мэдээллээр ч мэдээлдэг байсан.
ЗСБНХУ-ын хөгжил дэвшил социалист эдийн засгийн орнуудын хөгжил дэвшлийг эх орон, ард түмэндээ чамлах арга үгүй эдлүүлж хэрэгжүүлэн Улаанбаатар хот “АЗИЙН ЦАГААН ДАГИНА" гэж нэрлэдэг байсан нь түүхийн нэгэн бодит үнэн. Ингээд төсөөлөн бодохоор Их эзэн Чингис хаан, Их жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж явсан удирдагч “Буянтай буурал" байжээ гэдгээр хувь хүний сэтгэлээ илэрхийлэхийг зорилоо.
Энэ бол ганц миний ойлголт биш нийт монголчуудынх байх ёстой билээ. Тэр үед ард түмний санал, шүүмжлэлийг цаг алдалгүй ажил амьдралд соргог тусгаж хэрэгжүүлээд тодорхой хариуг нь өгдөг талаараа “ОНЦГОЙ” байсан. Энэ мөн л түүхийн нэгэн бодит үнэн.
Тухайн үед намын дүрэмд ард түмэнтэйгээ байгуулсан бат барилдалгааны холбоонд “хүч чадал нь оршиж байдаг" нэн ялангуяа дутагдал шүүмжлэлийг амьдралд тусгаж ажилласнаараа “эрүүлжиж-цэвэршиж” байдаг. Мөн тэр үед намын гишүүн хүн “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх эрхгүй” байдаг онцлогтой байлаа.
Алдарт эхчүүдийн эрхийг хамгаалах энхийн өргөө холбоо
НҮТББ-ын тэргүүн Чой.БЯМБАА
Зочин · 2016/08/18
tiimee. tuuxiig zoriud mushgij guivuuldag xumuus sain unsh. ylanguya bat-uul.
Зочин · 2016/08/17
Мундаг хүн шүү!
Зочин · 2016/08/17
okay