Адууны махны экспорт 40.7 хувиар нэмэгджээ
2016/08/21
Адууны махны экспорт 40.7 хувиар нэмэгджээ Монгол Улс оны эхний долоон сарын хугацаанд 3.9 сая ам.долларын адууны мах экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 40.7 хувиар нэмэгдсэн байна. Харин тоо хэмжээний хувьд жилийн өмнөхтэй харьцуулахад 66 орчим хувиар өсч, 2100 орчим тонн болсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Монгол Улсын хувьд адууны махаа голчлон ОХУ-д экспортолдог байна. Монгол Улс махны экспортоо дэмжихээр зорьж байгаа бөгөөд дийлэнхийг нь ОХУ, БНХАУ, Казахстан улсад гаргаж байгаа аж. Түүнчлэн Вьетнамд мах экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Хатан сүйх импекс”, “Дархан мах экспо”, “Перком” компаниудад олгожээ. Энэ онд БНХАУ-ын мэргэжлийн хяналтынхны шинжилгээгээр шүлхий өвчингүй болохыг нь тогтоосон баруун таван аймгаас дотоодын гурван компанид БНХАУ-д хонь, ямааны мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Үүнээс гадна өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан экспортын өөр боломжит зах зээл нь гэвэл Ойрхи Дорнодын орнууд байгаа юм.
Мах экспортлоход гардаг гол бэрхшээл нь малын өвчлөлөөс гадна боловсруулсан махны савлагаа нь шаардлага хангадаггүй талаар салбарынхан онцолж байна. Харин наймдугаар сарын 19-ний өдрөөс “Хатансүйх” компани дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д , үхрийн ясны өтгөрүүлсэн шөл бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортолж эхэлж байна. “Хатансүйх” компани Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан дөрвөн компанийн нэг бөгөөд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байгаа нь анх удаагийнх гэдгээрээ онцлог юм.