Зайсан дахь дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт ял эдэлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр орой Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн байна.

Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн удирдлагууд эмнэлэгтээ онц хүнд, хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг хэвтүүлэн эмчлэхээс татгалзсан хэдий ч Н.Энхбаярыг ийнхүү хүлээн авч, эмчлэхээр болжээ. Энэ талаар ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж “Н.Энхбаярыг гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх эмчийн дүгнэлт гарсан тул нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлээд байна” гэжээ.

“Хорих ангид ял эдэлж байгаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг орон нутгийн болон төвийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг хориглоно” гэх 2002 оны журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хамтарсан тушаал гаргаж, хүчингүй болгосон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ял эдэлж байсан хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж, эмчлэхээр болсон билээ.

ШШГЕГ-аас эмчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тус эмнэлгийн 50 ортын гуравдугаар давхрын зүүн жигүүрт тусгаарласан гурван тасгийн цонх, салхивч, өрөөний үүдийг хорих ангийн камер шиг давхар торлож, хорих ангийн стандартын дагуу бэлтгэсэн байна.

Я.Баяраа