АH-ыг золиослон байж авч үлдсэн Tаван толгойг одоо зөв ашиглая
2016/09/10
Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 150 ам.доллараас давав. Өнгөрсөн мягмар гаригт нэг тонн коксжих нүүрс 152 ам.доллартай тэнцлээ.
Гуравдугаар сараас хойш нүүрсний үнэ тасралтгүй өсч байгаа нь энэ. Гэхдээ энэ өсөлт удаан хугацааных биш гэдгийг шинжээчид онцолж байна. Хятадын уурхайнууд ажиллах цагаа багасгаснаас гангийн эрэлт ихэсч, түүхий эдийн үнэ өсчээ. Яваандаа үнийн өсөлт тогтворжиж тонн нь 100 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байгаа. Энэ бол чамлахаар үнэ биш. Манайх өнөөдөр нэг тонн нүүрсээ ердөө л 27-хон ам.доллараар зарж “Чалко”-гийн өрийг төлж байгаа. Таван толгойг эрэлтэд оруулж, өрсөлдөх чадварыг бий болгосноор түүхий эдээ үнэд хүргэх боломж байна.
Таван толгой үе үеийн Засгийн газар, эрх баригчдын ярианы сэдэв, мөнгө босгох мөрөөдөл байсаар ирсэн. МАН 2012 оны сонгуульд оролцох мөнгө босгох, иргэдэд халамж тараахын тулд Таван толгойн нүүрсийг барьцаалж “Чалко”-д 350 сая ам.долларын өр тавьсныг өнөөг хүртэл нүүрсээрээ төлж байгаа. “Чалко” манайд зээл өгөхдөө нүүрсийг дэлхийн зах зээлд байхгүй доод үнэ буюу 27 ам.доллараар авахаар болсон. Ийм учраас “Эрдэнэс тавантолгой” хангалттай их олборлолт хийдэг ч байнга алдагдалтай ажилладаг.
Харин Ардчилсан нам олонхи болсон дөрвөн жилд Таван толгойг эргэлтэд оруулж, мөнгө босгож чадаагүй. Ардчилсан намынхны хагаралд ч Таван толгой том шалтгаан болсон гэдэг. Учир нь Таван толгойг БНХАУ-ын Шинхуа компанид 60 жилийн хугацаагаар өгөх гэрээг Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д оруулж ирсэн. Энэ гэрээг хийхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайхан голлох үүрэг гүйцэтгэсэн.
Гэсэн ч Засгийн газраас оруулж ирсэн гэрээг УИХ-ын дарга асан З.Энхболд эсэргүүцэн ажлын хэсэг байгуулж шалгуулахаар болсноор Ардчилсан намынхны зөрчил хурцдаж, улс төрийн хүрээнд “Нүүрсчдийн намын бүлэглэл” гэдэг нэр томьёо гарч ирсэн билээ.
2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр З.Энхболд “Монгол улсад илт хохиролтой гэрээ хийхийг зөвшөөрөхгүй. Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлсний дараа гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Эс тэгвээс зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Бүр Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулна гэх асуудлыг хүртэл хөндөнө гэсэн билээ.
Гэтэл 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. УИХ буруу шийдвэл яах вэ” гээд Засгийн газраар өөрөөр нь шийдүүлэх саналтай байгаагаа ил тод мэдэгдсэн. Эндээс Ардчилсан намынхны зөрчил Таван толгой руу чиглэж улс төрийн хатуу самар гэгддэг З.Энхболд ажлын хэсэг байгуулан гэрээг шалгуулж, Монгол Улсад ашиггүй хэмээн буцаасан.
Ажлын хэсгийн дүгнэлтээр “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болох нь тодорхой болсон талаар тухайн үед мэдээлж байв. Мөн Монгол Улсын Таван толгойг гадны компанид 60 жилээр үнэгүй шахам ашиглах гэрээ орж ирснийг ажлын хэсэг тогтоосон. Үүнийхээ хариуд сонгуульд ялагдсан гэж дүгнэж бас болно. Учир нь “Нүүрсчдийн намын бүлэглэл”-д багтдаг Ардчилсан намын нөхдүүд намынхаа эсрэг ажилласан нь ч бас үнэн. Тиймээс Ардчилсан намыг олонхи гишүүд Таван толгойг өөрсдийгөө эрсдэлд оруулж, “амиараа” хамгаалсан гээд байгаа юм.
Харин одоо дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өслөө. Таван толгойг ашиглаж, эдийн засгийн хүндрэлээс гарах боломж МАН-д байна. Гэхдээ өмнөх дөрвөн жил яригдсан алдагдалтай гэрээг оруулж ирэхийг ард түмэн зөвшөөрөхгүй. Ард түмэнд Таван толгойг Шинхуа-д өгвөл манай нүүрс Өмнөд Монгол дахь “Бугатын үйлдвэр”-ийн түүхий бааз болж, 60 жилийн турш алдагдал хүлээнэ. Таван толгой 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тэгвэл Монгол Улсын 26 жилийн туршид авсан дөрвөн тэрбум ам.долларын зээлийг Таван толгойн 26-хан сая тонн нүүрсээр нэг жилд төлж болох тооцоо гарчээ.
Тухайлбал, Хятадын гол үйлдвэрүүд байрладаг Хэбэй муж руу гаргаж чадвал манай нүүрс өрсөлдөх зах зээлд очно гэсэн үг. ОХУ бас 70 сая тонн ган үйлдвэрлэдэг. Түүнийхээ түүхий эдийг Монголоос авах санал тавьсан. Мөн Японы тал олон жилийн турш Таван толгойг сонирхож байгаагаа мэдэгдэж буй. Нүүрсээ гуравдагч зах зээлд гаргаж чадвал дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ бидэнд хамаатай болно. Тэгэхгүйгээр ганц Хятад гэдэг хэрэглэгчээс хамаарч байсан цагт дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 200 ам.долларт хүрсэн ч бид 20 ам.доллараараа зарсаар л байна. Үүнийг хэт олонхи болсон МАН мэдэрч, Таван толгойг хөдөлгөнө гэдэгт итгэхээс өөр арга алга.
Зочин · 2016/09/10
Нямаа