Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Уг асуудлаар хоёр намын бүлгийн дарга бүлгийн дүгнэлтээ танилцуулсан юм. Төсвийн тодотголын асуудлаар АН, МАН-ын бүлэг тэс өөр дүгнэлт танилцуулсаныг 24VS24 булангаараа хүргэж байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримт аль аль нь нотолж байна. Монгол Ардын Нам УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ тухай байнга сануулж, төр засгийн буруу бодлогыг засч залруулахын төлөө ажилласан боловч тухайн үеийн эрх баригчид үнэнийг үл ойшоон алдаатай бодлогоо үргэлжлүүлсээр Монголын эдийн засгийг туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна. Зарим судлаачид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1992 оны шилжилтийн хүнд түвшинтэй зүйрлэж үр дагавар нь 10-15 жил үргэлжилнэ гэж дүгнэж байна.

 

Дэлхийд гайхагдаж байсан 17,5 хувийн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 4 жил гаруйн хугацаанд 13 дахин уналаа. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болсон, гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор бүрэн шавхагдаж, хасах үзүүлэлттэй болсон, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан, улсын гадаад өр 23,5 тэрбум ам.долларт хүрсэн, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг уруудан, доройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээн авлаа. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуйн нэгжээс 66 мянга нь буюу 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "Стандарт пүүрс" агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал бууруулсан байна. Үүний улмаас Засгийн газар, үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийн бонд, хувьцааны ханш шалдаа бууж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа. Тухайлбал, энэ оны 4 дүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс 2 дахин өндөр байна.

 

Бид нэг л эх оронтой нэг л эдийн засагтай. Ардын намын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик тоо баримт нэг л байх ёстой. Гэвч Ардчилсан нам буруу бодлого явуулж ирсэн тэр цагаасаа хойш тоо баримтаа ч өөрсөддөө зориулан засч, гуйвуулсаар ирсэн. Одоо харин бид үнэнтэй нүүр тулж байна. Үнэн хэдий хатуу ч үйлд тустай гэдэг. Тиймээс Та бид одоо үнэнээс зугтаж алдаагаа давтах биш, үнэнтэй эвлэрч гарц шийдлээ олохын төлөө нэгдэх цаг болсон.

 

Манай нам Засгийн эрхийг авсан даруйдаа ард иргэддээ төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүсч болох сорилт бэрхшээлийг үнэн зөвөөр мэдээлэхээс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж, сонгуулийн зарим амлалтаа хойшлуулж, хэмнэж, танахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэдийгээр олон нийтэд таалагдахгүй, улстөрийн намын хувьд эрсдэл дагуулж мэдэхээр олон шийдэл санаачлагууд яригдаж байгаа ч бид үнэнтэйгээ нүүр туулж түүнийг даван туулахаас өөр замгүй. Энэ үйлдлийг зарим хүмүүс “хөрөнгө оруулагчдыг үргээлээ, хамаг булайгаа дэлгэлээ” гэх зэргээр багагүй шүүмжилсэн. Гэвч бид худлаа мэдээллээр эх орон, ард түмэн болон өөрсдийгөө хуурч, хөрөнгө оруулагчдыг хохироож, цаасан мөнгө хэвлэж эдийн засгаа сүйрүүлэх бодлогоос татгалзаж байна.

 

Эдийн засгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас илүү хүнд байна. 2016 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.4% буюу 940.5 тэрбум төгрөг байхаар баталсан ч бодит байдал дээр ДНБ-ий 18,2 хувь буюу 4,4 их наяд төгрөгт хүрэхээр болсон нь аюулын харанга дэлдэж байна. Ийнхүү алдагдал огцом нэмэгдэхэд улстөрийн сонгуулийг угтаж хууль бусаар их хэмжээний зарлага гаргасан хариуцлагагүй үйлдэл нь томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал, "Сайн хашаа", "Сайн малчин", "Сайн хувьцаа", "Сайн оюутан" хөтөлбөр нэрээр 1 их наяд 135,0 тэрбум төгрөгийг баталж 553,8 тэрбумыг олгосон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хязгаарыг 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар баталсан боловч энэ үзүүлэлт өнөөдөр ДНБ-ий 88 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, өрийн хямрал бодитоор нүүрлэж ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого гадаад, дотоод зээл, бонд түүний хүүг төлж чадахааргүй хэмжээнд хүрэхээр байна.Иймд үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. Гэхдээ цалин хасч, татвар нэмэхгүйгээр бусад нөөц бололцоогоо бүрэн шавхах арга замыг Засгийн газар сонгож хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмын байр сууринд нэгдлээ. Нөхцөл байдлаа тооцоолж, арга хэмжээгээ төлөвлөн оруулж ирсэн Засгийн газрын саналыг бид багагүй хязгаарлаж, хүндхэн даалгавар өгч байгааг ч ойлгож байна.

 

Төсвийн орлого буурч байгаатай холбогдуулан тэвчиж болох үр ашиггүй урсгал зардлыг танахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын зардлуудыг боломжит түвшин хүртэл бууруулах шаардлагатай байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хяналтгүй болсон концессийн гэрээнүүдийг нэг бүрчлэн судлан үр ашиг, төсөвт өртөг, санхүүжигдсэн байдал, цаашид төсөвт учрах дарамтыг бууруулах чиглэлээр Засгийн газар тодорхой санал боловсруулан Улсын Их Хуралд мэдээлэл хийх шаардлагатай байна.

 

 

 

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ

 

Дээрх хуулийн төслүүдийн 90 гаруй хувь нь Манай улсад 1992 оноос хойш төлөвшин тогтож хууль тогтоомжид тусгалаа олоод байсан хүний эрх, өмчлөгчийн эрх, төрийн албан хаагчийн эрх зүйн баталгаа, татварын тогтолцоо, нийгмийн халамжийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэжээ.

Тухайлбал: 8 төрлийн татвар нэмэхээр 5, төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар 3, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгахаар 6, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог байсныг 3 сар болгохоор 1, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэхээр 1, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай гэх зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулахаар 4, хуулийг хүчингүй болгохоор 1, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулахаар 1, оюутны тэтгэлгийг зогсоох, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургах явдлыг зогсоохоор 1 хуулийн төслийг оруулж ирсэн байна.

 

Тэдгээрийн зохицуулалт нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хямралыг бууруулах гэхээсээ илүү нийгмийн дундаж орлоготой хэсэг болох ард иргэдэд үлэмж дарамт учруулах, эдийн засгийг улам хямраахаар байна.

 

Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас ухарч, хуулиа баримтлалгүй түүнд заасан шаардлагуудын хэрэгжих хугацааг 2017-2024 он болгож, өрийн таазыг 2020 он гэхэд 100 хувьд хүргэхээр байгаа нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнээс хэт хальсан, ард түмэнд өгсөн амлалтаасаа ухарсан, хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчны тогтвортой байдалд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн, улсаа худалдах байдалд оруулах болчимгүй алдаатай үйлдэл боллоо.

 

Хуулийн төслүүдэд хямралыг богино хугацаанд даван туулах арга хэмжээний талаар тодорхой шийдэл, хувилбар, санал байхгүй байгаагийн сацуу тооцоо судалгааг бодит байдалд тулгуурлаж хийгээгүй, тооцоолол нь олон удаа огцом их дүнгээр өөрчлөгдөж байна. Мөн Засгийн газар эдийн засгийн хямралын үндсэн шалтгааныг олж тодорхойлж чадахгүй, мухардалд орсон нь харагдаж байна.

 

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн нийт 40 гаруй хуулиас 70 гаруй хувь нь нийгмийн бухимдал, сөрөг хүчний шаардлага, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгаран хууль санаачлагчид буцаагдаж байгаа нь Засгийн газар төсөв боловсруулах энэ ажилдаа туйлын хариуцлагагүй хандсан, УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байгаагийн тод жишээ юм.

 

Иргэд, аж ахуйн нэгжийн халаас руу орохгүйгээр төсвийн орлогоо бүрдүүлэх нь битгий хэл урсгал зардлаа танах талаар ямар ч ажил хийж чадаагүй энэ Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хуваах замаар ялгаварлан өгөх шийдвэр гаргаж чадсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгөчинээ, эрхэлсэнажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцод заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана. 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Оролцогч улсууд хүүхэд бүр нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу авна гэснийг тус тус зөрчиж хууль дээдлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг уландаа гишгэсэн харамсалтай, хариуцлагагүй явдал юм.

 

65-ын бүлгийн эрхэм гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг дийлэнх олонхын хүчээр түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг хатуу анхааруулан шаардаж байна.

 

 

 

 

24tsag.mn