Ц.Элбэгдорж буруугүй, З.Энхболд мэдээгүй, цаана нь Ч.Сайханбилэг ганцаараа үлдлээ
2016/10/07
Эрдэнэтийн 49 хувь Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигчид очиж, төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй болсон гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулаад улстөрчид ч эхнээсээ үгээ хэлж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлаар мэдээлэл хийж, ойр ойрхон хэвлэлт яриа өгөх болсон. Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх асуудлыг төрийн гурван томтой ярьсан л байж таараа, тэр байтугай тухайн үед сөрөг хүчин байсан Ардын намынхан ч хутгалдсан тухай тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан нь байдлыг хурцатгасан.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож улмаар 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон байна. Нөгөөх сайд асан Б.Болорын гарын үсэгтэй, хууль бус гээд байгаа Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч ХХБ-ныханд давуу эрх олгох болсон тушаалуудыг.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон байна. Ерөнхийдөө эндээс дүгнэхэд Засгийн газар асуудлыг шийдэж нийгэмд зөв ойлголт өгөхөөс илүүтэй өмнөх Засгийн газраа шившиглэхээр шийдсэн бололтой байна. Үүнийг Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг ил болгохоор болсон зэргээс харж болно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгох шийдвэр гаргаж байх зуур чөлөөндөө гарсан улстөрч, Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэж байх үед ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг байсан З.Энхболд твиттер хаягаараа “Эрдэнэтийн 49 хувийг улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” хэмээн жиргэж өөрийн байр суурийг илэрхийллээ.
Өөрөөр хэлбэл З.Энхболд би үүнд хамааралгүй шүү гэдгээ дипломат маягаар мэдэгдэж буй хэрэг. Цаана нь тухайн үеийн гурван томын нэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар үлдэж байна. Нийтлэлч Д.Жаргалсайхан саяхан Ерөнхийлөгчийг энэ асуудалтай холбоотойгоор тайлбар тавих цаг нь болсон гэдгийг сануулж, энэ наймааны эзэн, асуудлын гогцоо болсон ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн тухай “Эрдэнэбилэгизм хэмээх Монголын ардчиллын шинэ үзэгдэл” гэсэн нийтлэл бичсэн байв. Үүний ч хариуд Ерөнхийлөгч маань зүгээр сууж тэвчсэнгүй бололтой өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрбээр энэ наймаанд би ямар ч хамаагүй, ХХБ-нд ямар ч хувьцаа эзэмшдэггүй, харин зургадугаар сарын 20-нд Ташкент хотноо В.Путинтай уулзахдаа Эрдэнэтийн асуудлаар түүнтэй ярилцаж байсан гэж хэллээ. Ингээд нуман тулгуураас Ерөнхийлөгч гарлаа. Цаана нь шаварт унасан шарын эзэн хөөрхий Ч.Сайханбилэг л үлдэж байна. Гэхдээ Эрдэнэтийн асуудал ингэсгээд чимээ алдрах нь тодорхой болж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаас өчигдөр гаргасан шийдвэрүүд баталж байна.
1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2. 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.
3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.
4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.
Засгийн энэ шийдвэрээс харах юм бол төрийн 51 хувийн төлөөллөө Засгийн газар шинээр томилж хувийн 49 хувийн төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд сууна гэсэн үг. Хэлэлцээр амаргүй явагдах боловч хоёр тал яаж ийгээд тохирч таарна. Өөрөөр хэлбэл хонь бүрэн, чоно цатгалан үлдэнэ. Хөөрхий Б.Болорын тушаалууд тэртэй тэргүй хүчингүй болсон, хуралдааны тэмдэглэл ил болсноор баахан шүүмжлэлд өртөөд л мартагдах болно. Цаана нь нэг л асуудал бүрхэг үлдэж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах мөнгийг гаргасан нэр бүхий арилжааны банкийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Засгийн газрын зөвлөснөөр шалгах уу, үгүй юу гэдэг асуудал л нээлттэй үлдэж байна. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Увс аймгийн уугуул Д.Чойжилсүрэн, мөн Увс аймгийн уугуул Монголбанкны ерөнхийлөгчид асуудлын хамгийн ээдрээтэй хэсгийг шилжүүлж уснаас хуурай гарлаа. Ингээд голын хоёр эрэгт нэг талаас Ерөнхийлөгчид бут ниргүүлсэн Ц.Нямдорж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар, нөгөө талд нь хүнд хэцүү шийдвэр гаргалцсан Ч.Сайханбилэг нар тунаж үлдлээ.
Зочин · 2016/10/07
Буруу тушаал гаргасан сайд зөв зүгээр үлдэх үү. Гэр байшингаа засаад л худалдаж авсан амралтын газраа тохижуулаад л байх уу.
Зочин · 2016/10/07
nice
Зочин · 2016/10/07
Елбегдорж ард тумене боддог бол ене Ядуурлын уед ерденетиин 49 ииг улсын меделд абч болох баисан даанч хедхен цададгуи луибарчид аблаа яахаас ч буцах гуи сежгиин амьтад ур хуухед ур удамд чинь. Гаи болно доо олон хунии хараал та нарыг ниргенее хезее нег цагт
Г.Батнасан · 2016/10/07
Элбэгдорж Нямдоржийг бут нэргэв үү? өөрийгөө бут ниргэв үү? МАН орон нутгийн сонгуулиар АН-ыг Эрдэнэтээр бут ниргэх гээд байна уу? өөрсдөө бут ниргүүлэх гээд байна уу?
Дорж · 2016/10/07
Луйвар явагдсан нь хэтэрхий ил байгааг зөвтгөх гээд Баярмаа минь будлив даа Сэтгүүлч гэдэг уг нь их нэр хүндтэй ажил юмшүү
Зочин · 2016/10/07
ийм ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙЛАА Ч ЯАЛАА БАЙГААГҮЙ Ч ЯАЛАА
Зочин · 2016/10/07
saikhanbileg eronkhii said dangaar iim tom asuudliig shiidej chadakhgui. Zi tuuniig khaash n khodolgoogui