Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүс хундаганы үгээ хэлж, шинэ оноо угтаж байсан бол Чимгээгийн хувьд хар дарсан зүүд шиг шөнө өнгөрчээ. Аминаасаа тасалж төрүүлсэн гуравхан сартай жаахан үр нь ханиадандаа дарлуулан мөөмөө ч хөхөж чадахгүй уйлна.

Эх хүн бүрийн хувьд үр хүүхдийнхээ өвдөж зовохыг харах хэцүү. Ийм л сэтгэлийн шаналал, зовлонг өвлийн урт саруудад эцэг, эхчүүд амсдаг болсон нь бодит байдал.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд тун ачаалалтай ажиллаж. Зөвхөн түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 4314 нь насанд хүрсэгсэд байсан бол 1605 нь хүүхэд байжээ. Эдгээр хүүхдийн дийлэнх нь ханиад хүндэрч, хатгалгаа болж хүндэрсэн нялхас. Энэ бол зөвхөн баяраар эмнэлгийн анхны тусламж авсан иргэдийн тоо. Харин хүйтний эрч чангарч, утааны бохирдол нэмэгдэхийн хэрээр ханиадны тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал 5-6 дахин нэмэгддэг гэх албан бус тоо байдаг.

Ичиг, ичиг хотын дарга аа

Хүн амын эрүүл мэндэд заналхийлсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд манай улс худалч хүнд бараг тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Нүдээ олоогүй олон ч арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүн эсрэгээрээ улсын төсвийг хуурайлсанаас цаашгүй. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 5 тэрбум, нийслэлээс 3 тэрбум, Улаанбаатар Цэвэр агаар төсөлөөс 2,6 сая ам.доллар зарцуулна гэж мэдэгдсэн. Тэгэхдээ нийслэлээс “Монватт” компанийн “Тулгат” зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд нэг тэрбум, ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 сая, агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэг тэрбум 150 сая, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 сая төгрөг төсөвлөжээ.


Уг нь, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Канад улсаас 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа хийснээ өнгөрсөн оны нэгдүгээр сард саяхан болж өнгөрсөн “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Судалгаагаар уушгины хорт хавдрын 39 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж гарчээ. Үүнээс гадна амьсгалын замын өвчлөлийн 28 хувь, цаг уурын хүчин зүйлээс үүдэлтэй амьсгалын замын өвчлөл 53 хувийг эзэлж. Харин ураг амьгүй болох тохиолдол ч эрс нэмэгдсэн нь нотлогджээ. Зуны улиралд 1000 ураг тутмын 23 нь энддэг бол өвлийн улиралд энэ тоо 70 болж өсдөг. Өөрөөр хэлбэл, ураг амьгүй болох тохиолдол өвлийн улиралд 3,15 дахин их байжээ. Түүнчлэн 2009 оны статистик тоо баримтыг загварчлаад 2011 онд олон улсад хэвлэгдсэн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын хүн амын нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэж өвчин нь хүндэрсэн болох нь тогтоогдсоныг тус хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар онцолж байсан юм.

Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч Бээжин хотоос ч илүү анхааруулсан улаан дохио ассан байхад манай улс өнөөг хүртэл нүдэнд харагдах, гарт баригдах хийсэн ажил алга. Эрүүл мэндийн салбарынхан л иргэдэд хандсан мэдээлэл, сурталчилгаа тарааж харагдана. Харин хотын захиргаа дахин 600 сая төгрөгөөр судлах гэнэ. Ийм хүнд нөхцөл үүссэн үед дэлхийн хотуудын удирдлага дор бүрнээ арга хэмжээ авч, зарим нь онц байдал зарлаж утаа үйлдвэрлэгчидтэй тулж ажилласан байх юм. Жишээ нь, манай урд хөрш гэхэд машины татварын хэмжээгээ нэмсэнээс гадна утаа их хаядгийг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй дүрэм гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг танах шат дараатай арга хэмжээ авч эхэлж.

Онц байдал яагаад зарлахгүй байна вэ

Манай улсын хувьд түүхий нүүрс, утаатай тэмцэх эрх зүйн зохицуулалтын орчинг бүрдүүлэх хууль бол Онц байдлын тухай хууль юм. Хуулийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед онц байдал зарлаж болно. Үүнд, улсын … зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд …-[д] шууд аюул учирсан буюу учруулахуйц … аюул тохиолдсон;” үед онц байдал зарлаж болно гэжээ.

Онц байдал зарлах хэмжээний нөхцөл үүссэнийг ч ДЭМБ-ын зөвлөмж харуулж буй. Түүхий нүүрсний шаталтаас үүсч агаар мандалд хаягдаж байгаа хийн төлөв байдалтай хаягдлын бохирдлын хэмжээ, агаарын чанарын үндэсний стандартаас 10-20 дахин хэтэрч, хүйтний улиралд бүх өдрүүдэд агаар дахь тоосонцор, хүхэрлэг хий зэрэг хорт бодисын агууламж агаарын чанарын стандартаас давсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн түвшин гамшгийн хэмжээнд хүрч, тоосонцрын хэмжээгээр дэлхийн хамгийн бохирдолтой хотын тоонд орсныг анхааруулсан бус уу. Хүн амын 40 гаруй хувь буюу 1.183 сая хүн амьдардаг нийслэл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд “гал намжаах” арга хэмжээ авах бус бодит ажил хийхийг нийслэлчүүд шаардаж байна, төр засгийн эрхмүүд ээ.

 

newscom.mn