Бээжингийн төвийн дүүрэгт том том саглагар модтой урт гудамж бий. Тэрхүү гудамжаар шөнийн 01.00 цагаас хойш өндөр өсгийтэй туфль өмсч, хиймэл үс зүүн хурууныхаа салаанд янжуур хавчуулсан хүмүүс дээш доош хөлхиж хөл хөдөлгөөн оруулдаг.

Тэд бол Бээжингийн "Lady boy" буюу эмэгтэй дүрд хувиран биеэ үнэлдэг эрчүүд юм. “Chocolate” баарнаас чанх өмнө байрладаг тэрхүү гудамжинд зогсч буй биеэ үнэлэгчдийн дуу хоолой  эрэгтэй болохоос гаднах төрх нь яг л эмэгтэй хүн.

 

Тэдэнтэй мөр зэрэгцэн зогсдог монгол эмэгтэйчүүд ч бий. Өөрөөр хэлбэл, Бээжинд хамгийн хямд өртгөөр биеэ үнэлэгчид үүгээр эргэлддэг. Ойролцоогоор 40-өөс дээш насныхан. Энд зогсдог эмэгтэйчүүд нэг удаагийн ажлын хөлсөндөө 200-300 юань авч үйлчилгээ үзүүлдэг аж. Архи ууж, хоорондоо зодолдох нь энүүхэнд. Энд Орос үндэстнүүд ч олон. Тэдэнтэй монгол хүүхнүүд нэлээд дотно харилцаатай. Сурвалжлага бэлтгэж явах зуураа хөтөч залуугийн танил Дорнод аймгийн харьяат 45 настай Э гэгч эмэгтэйтэй уулзаж хэсэг хором ярилцаж суулаа.

 

Тэр Бээжинд ирж амьдраад арван дөрвөн жилийг үдэж байгаа аж. Түүний хэлж буйгаар гудамжнаас шөнө дунд танихгүй хүний автомашинд суугаад явах нь амь насанд нь хамгийн эрсдэлтэй байдаг гэнэ. Э бүсгүйн  найз болох  36 настай Б гэх эмэгтэй хэдэн жилийн өмнө хар өнгийн автомашинд сууж  явсан ч эргэж ирээгүй бөгөөд 12 настай охин нь үлджээ. Сураггүй болсон эмэгтэйн өнчирч үлдсэн охин тэнд амьдардаг монгол хүүхнүүдийн байраар дамжин амьдарч явсаар нас биед хүрч ээжийнхээ ажлыг үргэлжлүүлсэн тухай гашуун түүхийг өгүүлэв.

 

Бээжинд амьдардаг монгол хүүхнүүдэд тохиолддог зүйл нь дарамт, татаас төлөх явдал аж. Одоогоос хоёр жилийн өмнө Э бүсгүйг хэсэг хүмүүс авч яван хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарч байжээ. Түүнийг зодсон шалтгаан нь  хамт зүтгэдэг мэргэжил нэгтнүүдтэй нь холбоотой гэнэ.

 

Мөнгөний асуудлаас үүдсэн зодоон зохион, хэл ам гарвал зарим нутаг нэгт хүүхнүүд нь танил орос, өвөрмонголчуудаа ашиглан бусаддаа дарамт үзүүлэх нь ч  их. Одоогоос арав гаруй жилийн өмнө Лутаа гэх эрэгтэй монгол хүүхнүүдээс татаас авч амьдардаг байсан ч 1999 онд Монголоос Эрүүгийн цагдаагийн ажилтнууд, хятадын цагдаа нартай нийлж ажиллагаа явуулан түүний амьдарч байсан байрыг нь бүслэн баривчилснаас хойш хятадууд монгол хүүхнүүдийг дарамталдаг болжээ. Бээжинд суурин амьдардаг тэдгээр бүсгүйчүүд хэсэг бүлгээрээ зохион байгуулалтад орсон хятадын гэмт бүлэглэлд сард багадаа 2000 юанийн татаас төлнө.

Хэрэв энэ мөнгөө цаг хугацаандаа төлөхгүй бол хүү бодогддог аж. Харин гудамжинд зогсдог ахимаг насны биеэ үнэлэгчид бол тэдэнд барагтай л мөнгө төлөхгүй. Учир нь тэд зодуур нүдүүрээс айхгүйгээс гадна  орлого багатай тул  гэмт бүлэглэлүүдийн анхаарлыг нэг их татахаа больсон гэж хэлж болно. Нэг ёсондоо тэтгэвэртээ гарсан биеэ үнэлэгчид. Харин тэр хавийн баарнаас биеэ үнэлдэг залуухан монгол, орос хүүхэн бүр гэмт бүлгийн гишүүддээ татаас төлнө. Харьяалагддаг эзэдтэй. Тухайлбал, орос эмэгтэйчүүдийн эзэд нь онгоцоор нутгаасаа ирээд л татаасаа аваад өдөртөө буцдаг бол монголчууд хятад хүмүүсийн эрхшээлд амьдардаг юм байна. Тэднээс арай зальтай, овжин нэг нь хятад эздийнхээ найз бүсгүй болж амьдардаг бөгөөд бусдыгаа дарамталж амьдрах сонирхол ихтэй. Нэг ёсондоо тэндээ хамгийн нөлөөтэй хүүхнүүдийн тоонд ордог.

 

Түүнчлэн Бээжинд амьдардаг хүүхнүүдэд хүүтэй мөнгө зээлдүүлдэг шинжяанууд олон бий. Тэд мөнгө зээлэхдээ сараар бус өдрөөр хүүгээ тооцно. Хэрэв 5000 юань авсан бол өдрийн 500 юань, 1500 юань зээлвэл  150 юань зээлэх гэх мэтээр өдөртөө арван хувийн хүү төлж мөнгө зээлүүлнэ.

 

Мөнгөө зээлсэн шинжяанууд монгол эмэгтэйчүүдийн ажилладаг баарны үүд хавиар эргэлддэг бөгөөд орлого олсон өртэй эмэгтэйчүүдээс   мөнгөнийнхөө хүүг авна. Хэрэв нэг удаа хүүгээ төлөхгүй бултах зэргийн авир гаргасан хүүхнүүдийг шууд л машиндаа ачиж аваачин үсийг нь  хусч шийтгэнэ. Тэгээд ч зогсохгүй Бээжингийн ойролцоох саунд  нэг сарын турш  гадагш  гаргахгүй хорих зэргээр шат дараатай шийтгэл оногдуулдаг юм байна. Энэ мэтчлэн Бээжинд амьдардаг монгол хүүхнүүдийн амьдрал үргэжилжилсээр иржээ.

Монгол хүүхнүүд хулгайч эрчүүдтэйгээ гэр бүл болж амьдардаг тохиолдол ч мэр сэр бий гэж хөтөч тайлбарлалаа. Тэд нэг нэгнийнхээ ажлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эмэгтэйчүүд нь өдөртөө эрчүүдээ дагаж гадуур явж томоохон зах дэлгүүрээс хулгай хийдэг бол эмэгтэйчүүд нь орой нь мөнгө олохоор баар руугаа явцгаадаг гэв. Зуны улиралд мөнгө олохоо больсон хөгшин монгол хүүхнүүд, бууз, цуйван тэргүүтнийг хийж тэр хавийн монголчууддаа худалдаж хэдэн бор төгрөг олдог аж. Тэдний толгой хорогддог газар бол подвалын буудал. Ямар ч цонхгүй, хэмхэрч эвдэрсэн эд хогшилтой, нийтийн бие засах газартай бохир буудалд хоног төөрүүлдэг. Хоног төөрүүлдэг буудлынхаа хөлсийг олохын тулд хоол худалдаж, зах дэлгүүрээс ганц нэг хувцас хунар авч монголчуудын амьдардаг байр, буудлаар явж зарах зэргээр өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тэд Монголдоо буцах бодолгүйгээр барахгүй олсон мөнгөнийнхөө ихэнх хувиар нь архи ууна. Ийм маягаар амьдарч ирсэн гуч гаруй монгол хүүхнүүд бий.

 

Н.Түвшин