Хэл зүин хувид зүгшрээгүи...
2013/11/15
"Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл" Д.Нацагдорж гуай мөн ч сайхан хэлсэн юм шүү. Дээр үед монгол хэлээрээ буруу зөрүү ярьсан хүнийг "Монголоо алдсан", "хэлээ зажилсан" гэж зэмлэдэг байж билээ. Эх хэлээрээ ярьж чадахаа болихоороо л "Монголоо алдаж" байгаагийн шинж гэж бидний ой тойнд суулгасан хэрэг.
1. Фесбүүкийн хэл.
-Чадкум чадахгүй юм
-Зүэр зүгээр
-Айр лаг аймаар лаг
-Би чихсэн би ч гэсэн
-Хэнд хлэдаган хэнд хэлээд байгаа юм бэ?
-өмсөөдаахийн өмсөөд байх юм
-Даам вгаздээ даам байгаа биз дээ?
-Яаж хаадын Яаж хаадаг юм бэ?
-мддэг хүн мэддэг хүн
Их хурдацтай хөгжиж байгаа цахим ертөнцийн орчинд, тэр тусмаа фэйсбуукд ийм хэллэгүүд ихэд дэлгэрэх болсон. Цахим хөгжлийн хурдцад өөрийн хэлээ тааруулах гээд байгаа юм уу? эсвэл хэн нэгэнд эрхэлж, "хэлээ зажлаад" байгаа юм уу? нэг бол эх хэлнийхээ талаар ийм хайнга хандаж болно гэж итгээд байгаа юм уу? нэг л ойлгомжгүй.
10-12 жил дунд сургуульд монгол хэлний дүрмийг үзэж судалсан хэрнээ:
-эх хэлээ хүндэлж сураагүй
-зөв сайнаар ярьж, өөрийн санаа бодлоо бусдад илэрхийлж сураагүй
-наад захын шаардлагатай бичиг баримт болон, өргөдөл гомдлоо илэрхийлэн бичиж сураагүй
-номыг анхааралтай уншиж, өөрийн санаа бодолдоо тунгааж сураагүй
-бусадтай зөв боловсноор харилцаж сураагүйн балаг.
Өөрийн дуудлагаар үг үсгийн байрлал болон өгүүлбэрийн бүтцийг эвдэнэ гэдэг дэндүү бүдүүлэг үйлдэл. Бусдыг хүндлэхгүйгээр барахгүй, тохуурхан доромжилж байгаа мэт танд санагдахгүй байна гэж үү? Монгол хэл гэдэг чинь хэн нэгний дур зоргоор өөрчилж болдог зүйл биш. Танай гэрт орж ирсэн хэн нэгэн өөрийн дур зоргоор тавилга сэлтийг тань өөрчлөөд, байрлалыг нь солиод, хаа хамаагүй газар шидлээд байвал танд сайхан санагдахгүй. Хувь хүний эрх чөлөө болон дураар авирлах үйлдэл нь олон нийтийн эрх ашгаар заавал хязгаарлагдаж байдаг нь хууль.
Би заримдаа гайхдаг юм. Бүтэн 10-12 жил монгол хэл, уран зохиолын хичээлийг үзэж судалсны бодит үр дүн нь хаана байна вэ? Гээгдэх гээгдэхгүйн дүрэм, эр эм эгшигийн ялгаа, үг зүй болон өгүүлбэрийн бүтэц зэргийг залхтал судалсаар атлаа түүнийгээ амьдралд хэрэглээ болгож сургаагүйн муу үр дүн. Эх хэлээ хүндэлж дээдэлж сургаагүйн гай. Энэ бүхний эцэст зузаан ном унших дургүй хэрнээ түүнийгээ тайзан дээрээс олон нийтийн өмнө улайх ч үгүй учирлах "тэнэгдүү" гоо бүсгүй, ном сурах бичгийг хүүхдэд "хэрэгтэй" гэдэг талаас нь биш, мөнгө "унагааж" баяжих боломж болгон хувиргаж байгаа шуналтай улстөрчид, энд тэндээс эвлүүлж хуулсан бичвэрээ шавь нартаа "шахдаг" ичих булчирхайгүй болсон ядуу багш нар, сэтгэлгээний ном уншиж ухаарал авахаасаа илүүтэй солонгос сериал телевизээр үзэж таашаал авдаг олон нийттэй болж хувирчээ бид. Бид "тэнгэр язгуурт монголчууд" гэж цээжээ дэлдэн онгирох хэрнээ, эх хэлээрээ аятайхан ч ярьж, бичиж чадахгүй "монголоо алдаж" байгаа, хэн ч биш хүмүүс болж хувирах нээ.
2. Зэрэмдэг хэл.
Монголчууд бид энэчлэн хэл зүйн хувьд бүрэн зүгширч чадаагүй, учраа олохгүй мунгинаж байх хооронд Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон крилл бичгийн цагаан толгойн 35 үсэгнээс "зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг, хагас и, ишчэ" гэж нэрлэдэг дөрвөн үсгийг хасах төслийг хэл шинжлэлийн 5 эрдэмтэд санаачилж ЗГ-аар хэлэлцүүлсэн нь дэмжигдээгүй аж. Хүмүүс гайхан эгдүүцэж:
-Монголын ЗГ-т үүнээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм уу?
-Энэ 4 үсгийн юу нь болохоо болиод, яагаад хасах гэж байгаа юм бэ?
-Үүний оронд хуучин монгол бичгээ сэргээн хэрэглэх нь дээр бус уу?
-Ингэж өөрчлөлт хийх нь хэнд хэрэгтэй юм бэ?
-Ийм өөрчлөлт нь маш их зардал шаардаж, үрэлгэн байдлыг үүсгэнэ шүү дээ?
гэхчлэн маргаж бичиж байна. "Ухаангүй ноёд урагшгүй албат", "Бушуу туулай борвиндоо баастай", "Будаач, будаач гэхээр сахлаа будав" гэдэг хэллэгүүд бий. Ямарваа өөрчлөлт нь цаг хугацаа болон, хэрэгцээ шаардлагаас хамаардаг.
Тэр тусмаа олон нийтийн өдөр тутмын хэрэглээт зүйлийг өөрчлөхдөө бусдаас асуулгүй, хэдхэн хүний санаан зоргоор шийдэх нь хүмүүсийн бухимдлыг асар ихээр бий болгодог. Эх хэл гэдэг бол хамгийн эмзэг зүйл, бас үндэстний соёл, зан заншлын тулгуур нь. "Бичгийн" болоод "ярианы" хэлтэй байхдаа монголчууд хүчирхэг, бас соёлын үлгэр дуурайлал нь байсан. Тэр цаг нэгэнт түүх болон улирсан хэдий ч, нэгэн цагт үзэл суртал болон захиргааны албадлагаар бий болгосон крилл бичиг өдгөө цагт олон нийтийн бичгийн хэрэглээ болон хэвшжээ.
...Мини бие өөрин мунхаг хигээд бас дүрмээ банга өөрчилж бадаг мана хэлни шинжлэлин агуу эрдэмтдин ачаар шинэ үсгиг одоо хэр огт сурч чадаагү ба өдгөө азгү 4 үсэг хог дээр хаягдсан түүхэн, цаг үеэ олсон шидвэриг дагаж инхүү бичиж сурснаа та бүхэндээ толилууля.
"Мини нутаг"
Хэнти Ханга Саяны өндөр сахан нуруунууд
Ход зүгин чимэг болсон о хөвчин уулнууд
Мэнэн Шарга Номины өргөн их говиуд
Өмнө зүгин манла болсон элсэн манхан даланууд
Энэ бол мини төрсөн нутаг
Монголын сахан орон
"Маамуу нааш ир"
Маамуу нааш ир
Манад хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом би шүү
Мор унаж давхия
Машин барж явя
Ном сонин уншя
Ногоон модоо таря фейсбуук дээрх хошин бичлэгүүдээс жишээ татав
Наргиан болгон янз янзаар уншиж үзэхэд дуудлага аялга нь өмнөд хэв маягийг санагдуулаад байх. Санаатай болон санамсаргүйг мэдэхгүй ч ийм оролдлогууд нь бидний хэл болон сэтгэлгээг зэрэмдэглээд байх шиг. Олон нийтээс "нууж" хийж байгаа ийм үйлдлүүдийн цаана нэр төр, гавьяа шагнал, их мөнгө олох гэсэн хувийн явцуу ашиг сонирхол давамгайлж байдаг нь улам улмаар тодордог. Бас их зусардал, олон нийтэд биш, хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагдах гэсэн богинохон мөрөөдөл нуугдаж байгааг ч анзаарч болно.
3. Шийдэх асуудлууд байгаа юу? гэвэл байгаа.
-Сүүлийн жилүүдэд босоо зурлагатай монгол бичгээ сонирхон сэргээж, адил төст сонирхлоороо нэгдэн сурталчилж, хөгжүүлж байгаа залуус олон болжээ. Босоо монгол бичгийн зурлага, татлагыг урлагийн хэмжээнд хүргэж хөгжүүлэхээр хичээн зүтгэж байгаа нь цөөн бус. Мөн монгол бичгийг сурах, цахим бичлэгт монгол бичгийн үсгүүдийг оруулах, монгол бичгээр сонин хэвлэл гаргах эрмэлзэл ч бий болж байна. Ийм залуусын ийм оролдлогуудыг урамшуулан дэмжмээр. Босоо хийморь гэж хөөрцөглөж байхаар босоо монгол бичгээ монгол хүн болгон сурч баймаар. Алсдаа энэ нь бидний нэгэн бахархал болон бадрахыг хэн "үгүй" гэх.
-Google, amazon зэрэг хайлтын системуудэд монгол хэлийг шууд орчуулгын хэлбэрт оруулахаар хичээж байгаа залуус бий. Мэдээж энэ нь эхлэл болохоор одоогоор өгүүлбэрийн байршил нь солигдож гарч ирж байгаа тохиолдлууд байгаа. Фейсбуукийн элдэв зургууд дээр лайк дарж байхаар, энэ оролдлогыг дэмжиж лайк дарж байвал дээрх оролдлогыг дэлхийн хэмжээнд дэмжих боломж бий болно. Нэгэнт тийм хэлбэрт орж чадвал аажимдаа төгөлдөржүүлэн сайжруулах цаг хугацаа , боломж ч бий болох аж. Харин үүнийг сонирхож үзсэн зарим нь "энэ ямар тэнэг юм бэ?" гэж хараагаад, муулаад бичээд байвал бид л өөрсдийн боломжоо алдахаас, өөр хэн ч хохирохгүй. Ядаж л монгол хэл маань дэлхийн цахим ертөнцөд шууд орчуулагдаж байвал бидний бахархал төдийгүй, тусгаар улсын баталгаа болох биз. Бас бидний хойч үед ч хэрэгтэй.
-10-12 жил дунд сургуульд судалж байгаа монгол хэлний хичээлээр хэт шинжлэх ухаанжсан дүрмээр "толгойг нь эргүүлж", зовоож байхаар хэрэглээ болгох тал дээр нь эрдэмтэд илүү судалж ажилламаар. Уг нь ингэж судалсаны эцэст дунд сургууль төгсөж байгаа залуус маань ээрч мууралгүй эмх цэгцтэй ярьж, хүн гуйж царайчлахгүйгээр бичиг баримтаа өөрсдөө боловсруулж, хэрэлдэж маргалдахгүйгээр бие биенийхээ яриаг сонсож, харааж зүхэхгүйгээр санаа бодлоо ойлголцож сурах учиртай юм шүү дээ. Ядаж л зузаан ч бай, нимгэн ч бай ном уншиж байх нь таны сэтгэл оюуныг задалж ухааруулахаас гадна, монгол хэлний баялаг үг хэллэг толгой дотор тань үлдэж хоцорно. Хэтэрхий мэргэн цэцэн болдоггүй юмаа гэхэд хүний нүүр рүү эгц харж байгаад санаа бодлоо хэлж чаддаг болно. Боловсролын Яамны бодлого нь үүнд чиглэж баймаар.
-Фейсбуук ч бай, твиттер ч бай, цахим хуудас болон блогтоо санал сэтгэгдлээ бичихдээ хүн болгон бүрэн бүтэн хэллэг, алдаагүй цэгцтэй бичиж байх нь, таны зүгээс өөрийгөө болон бусдыг бас монгол хэлээ хүндэлж байгаагийн илрэл. Таны хэр зэрэг соёлтой, хэр зэрэг мэдлэг боловсролтойн хэмжүүр. Фейсбуук дээр бусдын анхаарал татах гэж, өөрийгөө илэрхийлэх гэж, хөөрхөн гоё харагдах гэж, ухаантай мундаг дүр эсгэх гэж элдэв маяг үзүүлэхээс, утга төгс, алдаа мадаггүй, боловсон сайнаар бичиж байх нь таныг бусад хүмүүс хүндэтгэн үзэх нэгэн боломж. Үүнд ЗГ, хэн нэгэн дарга, эсвэл эрдэмтэн оролцоод байх ямар ч шаардлагагүй, та өөрөө л хичээж байхад болох юм. Бид зөв ярьж, зөв бичиж сурах нь эх орондоо, эх хэлэндээ хайртай байгаагийн нэгэн илрэл.
Монголчууд бидний тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь, бидний бие болсон монгол хэл. Бидний өвөг дээдсийн бидэнд өвлүүлэн үлдээсэн их баялаг. Харин бид энэ цагт эх хэлээрээ тоглоод, маазраад, марзаганаад байж боломгүй. Биднээс монгол хэл, монгол бичгийг минь салгаад авчихвал бид хэн болж үлдэх билээ. Аяа "ЧИХНЭЭ ЧИМЭГ БОЛСОН АЯЛГУУТ САЙХАН МОНГОЛ ХЭЛ МИНЬ" мөнхөд оршиг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Нанхиад · 2013/11/16
...Мини бие өөрин мунхаг хигээд бас дүрмээ банга өөрчилж бадаг мана хэлни шинжлэлин агуу эрдэмтдин ачаар шинэ үсгиг одоо хэр огт сурч чадаагү ба өдгөө азгү 4 үсэг х.о.г дээр хаягдсан түүхэн, цаг үеэ олсон шидвэриг дагаж инхүү бичиж сурснаа та бүхэндээ толилууля.
ХАХА ХИХИ · 2013/11/16
...Мини бие өөрин мунхаг хигээд бас дүрмээ банга өөрчилж бадаг мана хэлни шинжлэлин агуу эрдэмтдин ачаар шинэ үсгиг одоо хэр огт сурч чадаагү ба өдгөө азгү 4 үсэг ****** дээр хаягдсан түүхэн, цаг үеэ олсон шидвэриг дагаж инхүү бичиж сурснаа та бүхэндээ толилууля.
Зочин · 2013/11/16
uneheer saihan bichjjee