Х.Тэмүүжин: С.Зоригийн хэрэгт цаг үе болгонд улс төрийн нөлөө байсан
2017/04/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа дэнслэгдсэн ч одоог хүртэл эргэлзээ, таамаг олон нийтийн дунд хөвөрсөөр байна. Энэ хэргийн талаар ард түмэн цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж байгаа бол эрх мэдэл бүхий болоод олны танил хүмүүс хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би С.Зоригийн хэргийн цаад учрыг нь гадарлаад байгаа” гэдгийг хэлсэн. Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар байр сууриа илэрхийлжээ. Энэ үеэр түүний хэлсэн 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Өнөөдөр С.Зорийн хэргийн шүүхэд ард түмэн итгэхгүй байна. Арга ядаад Ерөнхийлөгч нь зарим нэгэн мэдээллийг ил болго гэж байна. Энэ чинь өөрөө бантан болж байгаагийн шинж байхгүй юу.
Баримт 2. С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн эсэхийг дараа нь тайлбарлаж болох байх. Хууль зүйн сайд нь МАН-ынх, УИХ-д МАН-ынхан 65 уулаа, Засгийн газар нь өөрсдийнх нь байгаа ийм үед болж байгаа процесс шүү дээ.
Баримт 3. Үнэхээр эрүүдэн шүүсэн, хаалттай, мэдээллүүд нь ил гарахгүй байна гэвэл энэ бүхэн нь төрийн нууцийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд маш нарийн заасан байгаа. УИХ мэдээллийг ил болгож болно. Бүх эрх мэдэл нь байна. Үнэхээр нуугаад хэлмэгдүүлээд байна гэж байгаа бол тэр бүх мэдээллийг ил болгох эрх нь УИХ-д байна. Гоншигонох хэрэггүй. Ил болгоод л харах хэрэгтэй.
Баримт 4. Би нэг түүхийн маш сайн санаж байна. С.Зоригийн аллагын захиалагчийг М.Энхсайхан, гүйцэтгэгчийг нь Д.Энхбат гэж. Хэргийг нь бүх байдлаар нотлож, ял үүрүүлэхийн тулд 2004 оны сонгуулийн өмнө М.Энхсайхан нь тэр үед Ардчилсан намын дарга байсан. АН-ыг сонгуульд намын даргагүйгээр оруулна. Ардчилсан намынханг өөрсдийг нь С.Зоригийн алсан гэж харуулна гэж Францаас Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлж авч ирээд С.Зоригийн аллагатай холбогдуулан М.Энхсайхан гэдэг хүн захиалсан, захиалагчаа хэл, гүйцэтгэсэн гээд байгаа хүмүүсийг чинь бид саатуулчихсан. Чи энэ хүмүүсийн холбоосыг нь хэлж өгсөн” гэж авч ирээд тэр хүнийг үхүүлж байсан.
Баримт 5. Тэр үед хууль зүйн сайд, Ерөнхий сайд нь хэн байсан гээч, тэр үед буюу 2004 оны сонгуулийн өмнө аль нам засаг барьж байсан билээ.
Баримт 6. Хуулийн байгууллагаар улс төрийн зорилготой, яаж ажиллаж болдог гэдгийн түүх нь тэнд байна. Тийм түүхийг мэддэг хүмүүс, тийм зүйл болсон байж магадгүй гээд хардаж байж магадгүй. Тийм түүхийн зохиолыг өөрсдөө бичиж, гардан гүйцэтгэсэн хүмүүс яг бидэн шиг ажиллачихвуудаа гэж хардаж байж магадгүй.
Баримт 7. Би энд дахин бүүр аймшигтай зүйл яръя. Дамдангийн Энхбат гэдэг хүнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг нь “Төрийн нууц задалсан” гэдэг үндэслэлээр шоронд хийсэн.
Баримт 8. Д.Энхбат гэдэг хүнийг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж, байгаад за одоо энэ болохоо болилоо гэхээрээ Тагнуулын байгууллагын мэдээлэгч гэгчээр элсүүлсэн байгаа юм. Тэгэхээр нь өмгөөлөгч нь “Манай үйлчлүүлэгчийг хулгайлж авч ирээд эрүүдэн шүүж, байгаад өөр гэмт хэрэгт холбогдуулан шоронд хоричихлоо. Ингэхдээ үг хэлүүлэхгүйн тулд мэдээлэгч болголоо гэж хэлсэнийнх нь төлөө Төрийн нууц задрууллаа гээд өмгөөлөгч н.Санжаасүрэн гуайг шоронд хоричихсон. Энэ бол түүхийн шаралсан хуудсанд хуучраагүй байгаа баримт. Энэ бол цөм үнэнийн зөвхөн нэг нь. Ил болсон хамгийн их хэл ам дагуулсан нь л энэ.
Баримт 9. С.Зоригийн гэх энэ хэрэгтэй холбогдуулаад байгуулсан ажлын хэсэг яг С.Зоригийнхоо хэргийн араас явсан нь хэдэн хувь, С.Зоригийн хэрэг гэдэг нэрийн доор улс төрийн захиалга гүйцэтгэсэн нь хэдэн хувь бол.
Баримт 10. Би энд дахин нэг ноцтой юм хэлье. Яагаад С.Зоригийн хэргийн ил болгож, шүүхээр оруулахгүй байгаа юм. Яагаад гэвэл С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан маш олон хууль бус үйл ажиллагаа байгаа.
Баримт 11. Энэ бүх хууль бус үйл ажиллагаануудыг шүүхийн давцанд ил гаргаж, олон нийтийн нүдэн дээр тавина гэдэг бол аймшиг. Харин энэ нь аль намд хамаатай аймшиг гэхээсээ илүүтэй хэнүүстэй хамаатай аймшиг бол гэдэгт л ач холбогдол өгч байна.
Баримт 12. Анх С.Зоригийн хэргийг сэжиг таамаг байсаар байтал байнга Эрдэнэтээс холдуулж ирсэн юм, хэний захиалгаар, хаашаа оччихгээд, ямар хүмүүс холбогдчих гээд байсан учраас тэр сэжиг таамаг руу явсан хүн болгоныг С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс гаргаж байсан юм.
Баримт 13. Яагаад дандаа С.Зоригийн хэрэг гэдэг нэрийн доор өөр маш олон улс төрчдийн хувийн амьдралыг ухаж төхсөн юм. Тэр бүх баримт яагаад С.зоригийн хэргийн хавсат хэрэг дээр байхгүй, эсвэл шүүх рүү очихгүй дандаа яагаад тэр улс төрчдийг шантаажлах хэрэг болдог юм. Яагаад С.зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон, дандаа улс төрийн захиалгаар явдаг мөрдөгч хууль сахиулагчид улс төрчдөөсөө илүү өндөр зэрэглэлийн тэрбумтан болчихсон байгаа юм. Яагаад С.Зоригийн хэрэг нэрийн доор гүйцэтгэх ажлын хяналтгүй маш нууц гэдэг зэрэглэлээр өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр дандаа улс төрчдийн ангуучилдаг юм.
Баримт 14. Намайг Хууль зүйн сайд байхад С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон хурандааг чи хөдөлгөх эрхгүй гэх команд дээрээс ирж байлаа. Хурандаа нарыг дээрээс нь хэн удирддаг билээ. Ойлгомжтой шүү дээ.
Баримт 15. С.Зоригийн хэрэг гэдэг өөрөө хуулийн байгууллагуудын удирдаж байгаа хүмүүсийн дуртай хүмүүс рүүгээ чиглүүүлэх зэвсэг болж хувиргасан байсан.
Баримт 16. Дуртай хүмүүс рүүгээ чиглүүлэх зэвсэг ашиглаж байсан хүмүүс энэ хэргийг хардаж байна. Тийм учраас би энэ хэргийг зөв шийдсэн буруу шийдсэн гэдэг маргааны аль нэг талд орох бус. Ер нь ийм зэвсэг ажиллаад байгаа хуулийнхаа орчинг бид яагаад өөрчилж чадахгүй байсан юм гээд гэдэг тухай л ярих ёстой гэж бодсон юм.
Баримт 17. С.Зоригийн хэрэгт цаг үе болгонд улс төрийн нөлөө байсан. Учир нь энэ зэвсгийг атгах гэж оролдсон хүн бүхэн улс төрийн эрх мэдлээр дамжуулаж тэнд очиж байсан.
Баримт 18. Энэ зэвсгийг ашиглаад би цагдаагийн дарга байя, би ерөнхий прокурор, би шүүх рүү очье гэдэг хуульчдийн тохироо тэнд явдаг байсан. Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн циклл.
Баримт 19. Бид энэ хэргийг үнэн мөнөөр шийдэхэд улс төрийн нөлөө байсан эсэхэд бус энэ хэргийг үнэн мөнөөр шийдэхэд боломж нь юу юм. Үнэхээр боломж байгаа юм уу гэдгийг нь олох нь чухал.
Баримт 20. Би хууль зүйн сайд байсан хүний хувьд хэлэхэд С.Зоригийн хэрэг гэдэг Эрдэнэттэй холбоотой, захиалагч нь хэн байсан гэдэг таамаг ч анхнаасаа байсан. Харин улс төрийн маш хүчтэй нөлөө ороод энэ таамаг руу явуулдаггүй байсан. Энэ явуулдаггүй байсан хүч нөлөө сүүлийн 8 жил суларсан учраас энэ хэрэг тодорхой хэмжээнд урагшаа ахиц гарсан.
Баримт 21. Надад гурван зүйл асуудалтай санагдаж байна. Шүүхийн процесс, энэ хэргийг нотлож болохуйц нотлох баримт өнөөдрийн процессын хуулиар шүүх рүү шууд очиж чадахгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ажил гэдэг нэрийн доор халхавчлагдсан хууль ёсны ч юм шиг хууль ёсны бус ч юм шиг бантагнасан олон юмнууд байгаа.
Баримт 22. Энэ хэргийн шүүн таслах үйл ажиллагаа хаалттай хийчихээд дараа нь зөвхөн прокурор яллах талынхаа баримтуудыг гаргаж ил болгох байдлаар гаргаж ирчихээд өмгөөлөгч ярьвал дараа нь Санжаасүрэн гуай шиг төрийн нууц задалсан хэргээр шоронд орчихоор нэг талыг баримталж байгаа нь хүмүүсийн эргэлзээг хэтэрхий их өдөөчихлөө. Уг нь аль аль баримт нь ил болсон бол дэнслэгдэж, бодит үнэн болох байсан юм. Гэтэл дэлгэсэн баримт нь зүгээр л улс төрийн тархи угаалт шиг гарагдаж байна.
Баримт 23. Прокурорын гаргаж ирсэн баримтанд нэг аюул байна. Шоронд эрх чөлөөгүй хоригдож байгаа хүний мэдүүлэг дээр түшиглэх гэж оролдвол энэ нь өөрөө эрүүдэн шүүгдэж байгаа шиг. Эсвэл өөрийнх нь хувь заяа 100 хувийн эрсдэл дээр байгаа хүн хэнийг ч гүтгэх аюултай. Гэхдээ би гүтгэсэн гэж хэлэхгүй. Ийм эргэлзээ үүсч байгаа юм.
Баримт 24. Захиалагч нь тогтоогдоогүй байхад захиалгаар хүн алсан гэж хүнд ял өгч байна гэдэг эргэлзээтэй.
Б.Энхжин
www.24tsag.mn
Зояин · 2017/04/10
энэ хэргийн захиалагч 2024 оноос л цааш олдож магадгүй. Учир нь алуурчид нь бүгд алагдсан. Хэргийн мөрөөр зөв орсон зөв дүгнэлт гаргасан хуулийн хүмүүс зарим нь алагдаж зарим нь ажлаасаа ралагдсан амаа үдүүлсэн.Зохиомлоор алуурчин бий болгож ялаллаа.Аллагыг тэр тусмаа улс төрийн аллагыг мэргэжлийн алуурчид захиалж гүйцэтгүүлдэг эсвэл тагнуул тусгай албаныхан гүйцэтгэдэг болохоос 16,17настай жулдрайгуудаар гүйцэтгүүлдэг тэнэгүүд хаана ч байхгүй. Энэ хэргийн захиалагч хаацайлагчид хууль бусаар хэрэг үүсгэгчид шүүгчид хэзээ нэг цагт хариуцлага хүлээх болно. Нүгэл нь нүдээрээ гарна гэдэг биздээ. Зөвхөн Зотиг биш өчнөөн хүнийг алж өчнөөн хүнийг хэлмэгдүүлсэндээ.