Д.Даваа: Хариуцлагыг бид шат шатандаа хүлээх л болно
2017/05/17
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваагаас цаг үетэй холбогдсон зарим асуултад хариу авлаа.
-Зэвсэгт хүчинд хийгдэж буй зарим шинэчлэлийн тухайд?
-“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулиуд шинэчилэгдэн батлагдаж томоохон эрх зүйн шинэчлэлүүд хийгдэж байна. Үүнтэй уялдаад Зэвсэгт хүчний зохион байгуулалт, хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэтийн болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батлууллаа.
Цэргийн ангиудын тайван цагийн орон тоог шинэчилж, байлдааны дүрмүүдийг тасаг, салаа, рот, батальон, хороо, бригадын түвшинд шинэчилж, эхний ээлжид хоёр дүрмийг батлаад мөрдөж байна. Зэвсэгт хүчинд алба хааж байгаа байнгын бүрэлдэхүүний ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хуулинд нийцүүлж шинээр батлан гаргасан. Мөн цэргийн нийтлэг дүрмүүдэд ч шинэ хуулийн дагуу өөрчлөлт орох ёстой.
Зэвсэгт хүчний бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж байна. Жилд дунджаар 30-40 орчим команд штаб, хээрийн болон дайчилгаатай сургууль, олон улсын болон хоёр улсын хамтарсан хээрийн сургуулиудыг зохион байгуулаад байна. Монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадвар эрс нэмэгдэж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Мөн энхийг сахиулагчид маань дэлхийн халуун цэгүүдэд эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 1200 гаруй цэргийн алба хаагч хилийн чинадад газар орон, цагийн байдлын маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна.
Монгол цэрэг үүрэг гүйцэтгэх чадвараараа мэргэжлийн өндөр түвшинд байдгийг дэлхийн олон орны цэргүүд хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн жишээ гэвэл, БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нэг бүс, нэг зам” олон улсын чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахад ноёнАнтонио Гуттереш манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэх чадварыг бахархалтайгаар дурсаж байлаа.
-Гар гранат тэсэрч хоёр цэрэг амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг хэрэг явдалтай холбогдуулж хариуцлагын асуудлыг хөндөх болсон?
-Цэргийн сургалт, дадлага бол их хүнд хөдөлмөр юм. Сургалтыг танхимд болон бусад орчинд явуулахаас гадна бодит байдал дээр, тусгай сургалтын талбарт байлдааны зэвсэг техниктэй харьцах байдлаар явуулдаг онцлогтой. Гранат, мина, артиллери гээд эсрэг талдаа бүх төрлийн байдлаар хөнөөл учруулахаар бүтээгдсэн техник, хэрэгслээр сургалт дадлага хийдэг учир хүнд нөхцөлд тооцогдох нь зайлшгүй юм. Осол гарсан даруйд шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Шархадсан цэргийн алба хаагчдад анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, татан гаргалтын ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж ажилласан.
ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн амь үрэгдсэн цэргийн алба хаагчдын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн бөгөөд холбогдох хууль дүрмийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зэргээр дүрэм журамд заагдсан ажиллагааг авч хэрэгжүүлсэн. Байлдааны буудлагатай сургууль, байлдааны ажиллагаанд оролцохдоо хатуу дагаж мөрддөг байлдааны дүрэм бий. Энэ дүрмээр цэргийн алба хаагч бүрийн үүрэг нь маш нарийн заагдсан байдаг.
-БХЯ, ЗХЖШ хоёрын үйл ажиллагааны онцлогийг иргэд сайн мэддэггүй...
-Зэвсэгт хүчинд шинээр батлагдсан хуулинд олон түвшний удирдлага хэрэгжүүлэхээр заасан. Үүнд улс төрийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчинд УИХ хэрэгжүүлэхээр заасан. Төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол улсын Засгийн газар, Монгол Улсын батлан хамгаалах асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн буюу манай батлан хамгаалахын сайд хэрэгжүүлдэг.
Цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ буюу миний удирдаж байгаа байгууллага хэрэгжүүлдэг. Мөн цэргийн захиргааны удирдлага гэж хуулинд заасан удирдлагын түвшин байгаа. Энэ түвшинг цэргийн командлагч нар анги байгууллагын дарга, захирагч нар хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байдаг. Тиймээс батлан хамгаалахын сайдын хувьд төрийн захиргааны удирдлагыг дээрх хоёр субектын хамт хэрэгжүүлэхдээ хуулинд заагдсан өөрийнх нь бүрэн эрхийн хэмжээнд хэрэгжүүлж явдаг хуулийн зохицуулалттай. Сая гарсан осолтой холбоотой олон янзын өнцөгөөс харсан нэвтрүүлэг, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явсан. Ялангуяа манай салбарын сайд руу дайрсан Зэвсэгт хүчний чадавхи чадамжтай холбоотой олон зүйл ярьсан. Үүнд тодорхой тайлбарыг хэлье гэж бодож байна.
Шинээр батлагдсан батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг түүнд нийцүүлэн гаргасан батлан хамгаалах багц хуулинд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалах яамны үүргийг маш тодорхой заасан байгаа. Ялангуяа Батлан хамгаалах яам бол улс орныг батлан хамгаалах чиглэлээр бодлогын шинж чанартай үйл ажиллагааг эрхэлж явуулдаг. Ялангуяа улс орны батлан хамгаалахтай холбоотой дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгаатай холбоотой чухал асуудлуудыг хариуцахаар хуульчлагдсан. ЗХЖШ нь цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлж төрлийн цэрэг болон төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн төлөвлөлт, дайчилгааны төлөвлөгөө бусад стратегийн төлөвлөлтийн асуудлыг хариуцаж цэргийн сахилга бат, сургалт, бэлтгэл, бэлэн байдалтай холбоотой асуудлуудыг хариуцахаар хуульчилсан байгаа. Тиймээс хэн юу хариуцах уу, хэн ямар хариуцлага хүлээх үү гэдэг дээр тов тодорхой хариулт эндээс гарна.
Яагаад гэхээр олон хуулинд нийцүүлж гаргасан дүрэм, журмаар цэргийн алба, амьдрал зохион байгууллагддаг. Үүн дээр байлдагчаасаа эхлээд дэслэгч генерал миний бие хүртэл бүгдийнх нь эрх үүрэг хариуцлагыг тодорхой заасан байдаг. Би нэг жишээ хэлье. Салааны буудлагатай байлдааны сургуулийг салаан захирагч л хариуцдаг дүрэмтэй. Яагаад гэхээр салааг байлдааны ажиллагаанд салаан дарга л удирдаж оруулдаг. Энэ хариуцлагыг толгойгоороо өөрөө хариуцаж явуулдаг. Ерөнхий чиглэл үүрэг удирдлагыг шат дараалсан дарга нар өгдөг. Ийм л дүрмийн зохицуулалттай учир шат дараалсан дарга нарын үүрэг нь тодорхой, хүлээх хариуцлага нь ч тодорхой. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсаны дараа хүлээх болон хүлээлгэх хариуцлага тодорхой болно.
-Сүүлийн үед хийгдэж байгаа ажлаас товч танилцуулбал?
-Зэвсэгт хүчний 2016-2017 оны өвөл хаврын хичээлийн жилийн ажиллагаа дуусч байна. Энэ хичээлийн жилийн ажиллагаа хаврын төлөвлөгөөт байлдааны буудлагат сургууль, хээрийн гаралтууд болон төгсөлтйн болон командлалын шалгалтууд өгснөөр дуусгавар болж байгаа. Бид энэ үед хичээл сургуулийн ажиллагаа дуусгаад мэргэжлийн 2 жилд нэг удаа зохион байгууллагддаг марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлал болсон цэргийн мэргэжлийн тэмцээнээ зохион байгуулж байна. Энэ долоо хоногт уламжлал болсон марш тактикийн тэмцээн зохион байгуулагдаад 19-нд хаалтаа хийнэ. Мөн удахгүй манай энхийг санхиулагч дайчдын баяр болно. Энэ сарын төгсгөлд буюу тавдугаар сарын 28-нд болох гэж байна. Энэ баярыг тохиолдуулан нийт энхийг снахиулагчид цэнхэр дуулгатнуудад цэргийн алба хаагчид болон гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна
-Ярилцсанд баярлалаа.
Б.Мөнхзориг
www.shuum.mn