Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрсөн сард болсон. Гэвч хэн нь ч нийт сонгогчдын 50 хувь+1 хүний санал авч чадаагүй. Тиймээс дахин санал хураалт энэ баасан гарагт болно. Дахин санал хураалтын үеэр хэн нь ч ямар ч сурталчилгаа  явуулах ёсгүй. Гэтэл АН, МАН аль аль нь далд сурталчилгаа явуулсаар байх юм.  Далд сурталчилгааны ачаар нэр дэвшигчдийн  сул тал, нүгэл буяныг  энэ хэдэн хоногт хангалттай харж байна. Нөгөө талаас тархи угаалт, попдолтыг  нэр дэвшигчид биш  намынх нь нөхөд хийж эхлээд байна.

Уг нь сонгуулийн ил, далд сурталчилгаа хийх хориотой. Ийм байхад намууд хуулиа зөрчиж байгаа нь улс төрийн соёлгүй, бүдүүлэг үйлдэл юм. Үүнд СЕХ тоосон шинжгүй намжмал байдалтай байна.  Үг хэлж, үйлдэл хийсэнгүй.  

Сонгуулийг зохион байгуулж байгаа бол ил, далд хэлбэрийн сурталчилгааг таслан зогсооход анхаарч, төрийн бусад байгууллагатай хамтран  энэ төрлийн зөрчлийг  арилгуулах учиртай.  Хуулийг мөрдүүлж, намуудад хариуцлага тооцуулах ЁСТОЙ.

Гэтэл ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж өнөөдөр Монголчууд цахим орчинд талцан маргалдаж, найз нөхөд, гэр бүлийнхэн тангараг тасарч байна.  

Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол сонгуулийн ирц, нэр дэвшигчдын  санал 50 хувь+1 хувьдаа хүрэхгүй байх эрсдэлтэй.  Улмаар улсын төсвөөс  хэдэн тэрбумаар нь дахин мөнгө гаргаж дахин сонгууль  болно. Наадам “цаашаа” болтлоо  сонгуульдах болно.

Өнөөдөр Монголын нийгэм энэ их улс төрөөс залхаж байгаа. Залхаж байгаа ард түмний сонголт ямар байх уу? СЕХ-ны бүх ажил үр дүнгүй болно гэсэн үг.

 

Тиймээс  сонгуулийн далд сурталчилгаа явж л байг уу Ч.Содномцэрэн дарга аа?