Засгийн газрыг огцруулж болно. Эдийн засгийн өсөлтөө баллуурдаж болохгүй
2017/08/30
Өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “компаниудын хувьцаа унаж байна” гэх мэдээлэл цацагдав. Өөрөөр хэлбэл, Монголд үйл ажиллагаа явуулдаг хэрнээ гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьцаа унасан юм.
Учир нь, гаднынхан Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг тооцохдоо улс төрийн нөлөөллийг ач холбогдолтойгоор хүлээж авдаг. Мэдээж улс төр нь тогтворгүй байвал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашиггүй ажиллах эрсдэлтэй учраас тэр. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригч намаас сөрөг хүчин илүү оноотой байсан нь компаниудын хувьцаа унахад нөлөөлсөн гэдгийг Хөрөнгийн биржийн мэргэжилтэн П.Нямдорж тухайн үед ярьж байв. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан Засгийн газраа огцруулахаар бужигнаж эхлэв. Сонгууль дөнгөж дуусаад амсхийх зуур дахиад л улс төрийн холион бантан, халаа сэлгээг УИХ-ын 30 гишүүн хүслээ. Дөнгөн, данган сэргэж эхэлж байсан эдийн засагт дахин хар шуурга дэгдлээ. Монголд хөрөнгө оруулахаар эргэлзэж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг бүрмөсөн шилээ харуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж хэлэхэд нэг их хатуудахгүй болов уу. Мэдээж энэ Засгийн газарт дутагдалтай зүйл олон бий.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хууль бусаар 800 гаруй тэрбум төгрөгийн тендер олгосон, сонгуулийн өмнө хууль зөрчиж хүүхдийн мөнгө тараасан зэрэг үндэслэлээр огцруулах бичигт Т.Аюурсайхан, Ц.Гарамжав. Ж.Энхбаяр зэрэг МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан нь үндэслэлтэй. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хэмжээтэй зээл авахаар хүлээгдэж байгаа энэ үед Засгийн газрыг огцруулахаар хүсч буй нь цагаа олоогүй хэрэг. Тэд энэ Засгийн газрын алдаа, дутагдлыг залруулж хамтарч ажиллаж болохгүй гэж үү. Хөнжилдөө хөлөө жийлцэхээс илүүтэй өд шиг хийсч магадгүй эдийн засгаа бодвол дээр санагдана. Хоорондоо өс хонзонгоо санана уу, яана падлий алга. Гагцхүү ард түмнийхээ халаасанд битгий гар дүрээч, улс орноо бодооч ээ гэж алга хавсран гуймаар санагдах.
Хэдхэн сарын өмнө Монголын эдийн засаг -1.6 хувь руу шилжиж, төсөв нь улайсч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан үе саяхан. Энэ хэцүү үед сайд, дарга нар нь гадаадын орнуудаар нэг тарж бадар барьж, тусламж хүсч явсан ичгэвтэр үеэ ямар хурдан мартдаг юм бэ. Харин аз ивээж дэлхийн зах зээл дээр нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн үнэ өссөн нь манай эдийн засгийг аварсан. Оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, орлого нь нэг тэрбум 282.3 сая ам.доллараар өсөв. Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг гадагшаа гаргасан гэсэн үг. Ийнхүү нүүрснээс орж ирэх орлого Монголын эдийн засгийг өргөж байна. Түүнээс гадна тонн зэсийн үнэ өнгөрөгч баасан гаригт 6747 ам.долларт хүрлээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн дээд төвшин болов. Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эрэлт нэмэгдэх төлөвтэй, Лондоны металийн бирж дэх нөөц багассан хэвээр байгаа нь голлон нөлөөлсөнийг гаднын хэвлэлүүд онцолж байна. Ийм таатай үед улс төрийн өс хонзонгоос болж улс орон, ард иргэд хохирох учиргүй. Харин ч хожих учиртай.
Дээрээс нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг наашаа хандах нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Ийм үед МАН-ын зарим гишүүдийн тэнэглэл арай хийн өндийж байгаа эдийн засгийг буцааж өндийхгүй болтол нь хүнд цохилтод оруулж, баллуурдаж мэдэхээр байна. Учир нь дээрх нөхцөл байдлаас болж олон улсын санхүүгийн зах зээлд Монголын бондын өгөөж өсч эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын бондын эрсдэл нэмэгдлээ гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын эргэн төлөлтийн хэлэлцээрт ч хүндрэл үүсээд байгааг эх сурвалж мэдээлэв. Таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд барагдуулна. Мөн ирэх онд “Дим Сам” бонд буюу нэг тэрбум юанийн зээлийн хүүд 160 сая ам.доллар төлөх юм. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар ирэх онд 660 сая ам.долларын өр төлбөр барагдуулах үүрэг хүлээж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн бэлтгэл ажлыг зогсоогоод байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа мэдээлсэн юм. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явах уу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байна. Тиймээс бэлтгэл ажлаа зогсоосон. ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэхэд ч эргэлзээ үүссэн. Яагаад гэхээр УИХ-ын зарим гишүүд ОУВС-гийн хөтөлбөрийг буруутгаж хэвлэлээр ярьсан. Үүнтэй холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөр Засгийн газрын бодлого мөн үү, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд хөтөлбөрөө үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Тиймээс гадаад зах зээлээс эх үүсвэр татах бэлтгэл ажлыг хэсэг хугацаанд зогсоохоор болсон. Хэрэв бондын өр төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл дефолт зарлах процесс руу орно. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу ганцхан бонд дампуурахгүй, Монгол Улсаас гаргасан бүх бондуудад дампуурал зарлана. Цаашлаад олон улсаас авсан зээлүүдэд дефолт зарлах эрсдэлтэй. Тэгэхээр бид эдийн засгийн нэлээн томоохон өөрчлөлт рүү орно. Дампуурал зарлалаа гэхэд Засгийн газрын үйл ажиллагаа хязгаарлагдаад зогсохгүй хувийн хэвшилд орж ирэх хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх бусад эх үүсвэрт нөлөөлнө. Энэ нь эдийн засагт маш муу” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Дээрээс нь хур бороогүй, гантай зун болсноос болж ургац их хэмжээгээр алдах эрсдэлтэй байгаа. Өвлийн бэлтгэл ажил ид өрнөх энэ үед Засгийн газраа унагах тухай ярих нь яавч ухаантай явдал биш.
Ер нь Засгийн газраа унагаад өөдөлсөн түүх Монголд л лав байхгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд 2014 онд “Монголын эдийн засгийг галзуу хөгжүүлнэ” гэж амалж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг намын нөхөд нь унагаж орхисон. Оронд нь Шийдлийн гэх нэртэй Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд хөлөө олох гэсээр байтал 2016 оны сонгуультай залгасан. Ингээд ард түмэн “АН-д огт итгэж болохгүй юм байна. Арай тулхтайгаар нь МАН-аа сонгоё” гээд итгэл хүлээлгэсэн. Эдийн засгаа аврах байх гэж найдсан. Ингээд сонгууль арай хийж дуусаад эдийн засаг нь тогтворжих гэж байтал дахиад л улс төр. Хэрэв дахин нэг Засгийн газар гарч ирвэл хөлөө олох гэсээр хугацаа алдана. Дахиад л тодорхойгүй байдал үүснэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нь улам суларна. Дахин нэг Засгийн газар гарлаа гэхэд сандал, суудлын төлөө тэмцдэггүй, үнэнч шударга, шуналгүй түшээд гарна гэхэд олонхи нь итгэхгүй байна.
Үндэсний шуудан сонин
эдийн засаг · 2017/08/31
хэдэн шуудай нүүрс зарчихаад эдийн засаг энэ тэр гэж яриад байх болж үнэ нь өсөхөөр эдийн засгаа өсгөсөн гавьяатан болдог юм бол үнийг нь манай засгийн газар хятадуудтай ярьж тохироод өсгөөд байгаа ухааны юм ярих гээд байгаамуу алт зэсийн агуулгатай хэдэн шуудай шорооных нь үнэ өсөхөөр лондонгийн металлын биржид монголын Ерөнхий сайд Эрдэнэбат гэж дүнкүү нөлөөлөөд өсгөцөн болж таарах уу ядаж хэдэн шуудай шороогоо цэвэр металл болгон ангижруулах үйлдвэр бариад ашиглаад эхэлцэн бол эдийн засаг гэх ойлголт үүсэх юм шүү дээ уууууууг нь бол
шаабар · 2017/08/30
Муу ажиллаж буй Засгийг авч үлдэх нь унагааснаасаа илүү уршигтайг судлаачид, улс төрчид мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Харин дараагийн Засгийн Газрыг хэрхэн байгуулахаас л илүүтэй хамаарна. Одоогийг ГЗ сайн ажиллаж байна гэж хэлэх хүн ховорхон л олдох байх. Өөрсдөө бол мэдээж хамгийн сайн, удахгүй улам сайн болно, биднийг унагаавал ард түмэн та нар л хохирно гэх биз. Буруу ч биш л дээ. Буянаараа л болог.
Зочин · 2017/08/30
HAANA EDIIN ZASAG USUUD BAIGAAN SHAANA BIZ