Долларын ханш чимээгүйхэн өссөөр
2017/09/19
Олны хөлд дарагдсан саарал гудамж. Мөнгөний жижигхэн цүнх үүрч, хуруу нь цоорхой бээлий, өнгө муутайхан амны хаалт, салхи, наранд борлосон царай, гандуухан хувцастай хүмүүс. Дэлгүүр лугаа хаяг, хаалга, лангуутай жижиг жижиг өрөөнүүд.
Өрөө бүрийн ханан дээр тухайн улсын төрийн далбаа бүхий зурагны өмнө валютын ханшийн мэдээ нь жирийн үзэгдэнэ.
Энэ бол “Найман шарга” валют арилжааны зах. “Доллар авна. Зарна”, “За ямар валют байна. Үнэ тохироод авна шүү”, “Зарах доллар байна уу” хэмээн тэр хавиар явах хүмүүсээс шална. Валют авах, зарах тухай л тэд товчхон ярина.
Валютын ханш сүүлийн үед хэр байгаа лавшруулан хэд гурван юм асуувал “Гайгүй дээ” гэх мэт товчхон хариулна. Зарим нь үг ч эс дуугаран, болгоомжлон, цэрвэнэ. Өрөөнд сууж валют арилждаг хүмүүс нь бол бүр үг дуугарахгүй.Тэд яагаад юунаас ингэж болгоомжлон, цэрвэдэгийг ойлгосонгүй. Тус зах дээр холхих хүмүүс олон ч валют арилжих нь ховор аж. Хаа нэг цөөн төгрөг барин солиулах хүмүүс ирэх бөгөөд ижилхэн ханштай тэр байшингуудаар бүгдээр нь орж гарна. Тэдний нэгээс яагаад банкан дээр солиулаагүй тухай асуухад “Дараалал, үйлчилгээний журам нь ойлгогдохгүй ядаргаатай байдаг юм. Энд ирж солиулаад сурсан юм. Валютаар нэг их арилжаа хийдэггүй ээ. Гадаадад байгаа дүүгээс хэдэн төгрөг ирэхээр солиулдаг” хэмээлээ.
Сүүлийн үед валют худалдаалах, авах хүмүүс багассан тухай валютын ченж ярихдаа “Одоо хүмүүс цөөн байгаа нь улиралтай холбоотой. Зун хүмүүс гадны орнууд руу их зорчдог тул валют их авдаг. Ялангуяа манайхан Солонгос руу их явж байгаагаас үүдэн вон сайн арилжаалагдаж байсан. Валютын ханш өсөхөд сайн зүйл байхгүй л дээ. Ханш өсөхөөр манайхан улам өсөхийг нь хүлээгээд арилжахгүй байгаад байдаг. Жаахан унахаар нь валютаа бариад гүйлдээд ирдэг юм. Гадуур валют авч зардаг бид зах зээлээс хамгийн хямд ханшаар л худалдаалж байна. Лангуу түрээсэлж, дотор суудаг хүмүүсийнхээ ханшийг харж байгаад үнээ тогтоодог. Доллар, юань хамгийн их эргэлттэй байдаг. Энэ нь худалдан авч, худалдаалагддаг гэсэн үг л дээ” гэлээ. Тус зах дээр евро хамгийн эрэлттэй байлаа. Учир нь еврог тэр бүр худалдаалахгүй байгаа учраас ховордсоныг ченжүүд тайлбарласан юм. Тэд аливаа валютыг худалдан авч байж, дараа нь худалдаалах журмаар бизнэсээ өргөжүүлдэг байна. Валютын ханш хамгийн хямд гэгдэх уг зах дээр вон авах нь өнгөрсөн баасан гаригийн байдлаар 2.17, доллар авах нь 2461, зарах нь 2463, юань авах нь 378, зарах нь 379, рубль худалдаж авах нь 43.43 төгрөг байсан юм.
Монголын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг долларын ханш сарын өмнө 2398 байсан бол 2460 төгрөг даваад байна. Сарын дотор бараг 60 гаруй төгрөгөөр нэмэгдчихэж. Цаашдаа хэд болж өсөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Ямартай ч засаг төр хөдөлгөөнтэй байгаа энэ өдрүүдэд холбогдох байгууллагууд ноён долларыг “хазаарлахгүй” бол нэг л мэдэхэд 2500 гарч мэдэхээр боллоо.
Валютын зах зээл нь улс хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын хувьд валютын ханш тэр дундаа долларын ханшинд гол анхаарлаа хандуулан өдөр ирэх тусам өсөж буй юаний ханшаа мэдэхгүй байгааг ченжүүд энэ үеэр онцолж байсан юм. Өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгаараа ихээхэн хамраалтай манай улсын хувьд юаний ханш 379 төгрөгтэй тэнцэх нь цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс эхлээд олон сөрөг үр дагавартайг тэд нэмж хэлэв. Доллар, юаний болон бусад валютын ханшийн өсөлтийг бууруулахад цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваагаас асуулаа. Тэрбээр “Долларын ханшийн хөдөлгөөн нь тухайн валютын зах зээлд орж ирж буй нийлүүлэлт болон эрэлтээс тогтож буй зүйл. Нэг ёсондоо төлбөрийн тэнцэл гэсэн үг. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар төлбөрийн тэнцэл нь ашигтай гарсан. Цэвэр дүнгээрээ ийнхүү эерэг байна гэдэг нь валютын гарч буй урсгалаас орж ирсэн урсгал нь илүү байна гэсэн үг. Тэгэхээр валютын зах зээл дээр долларын нийлүүлэлт эрэлтээсээ давсан байгаа юм. Сүүлийн гурван долоо хоногийн байдлаар тус ханш сулрах хандлагатай байна. Энэ нь зах зээлийн эрэлтээсээ болсон. Харин эдийн засгийн суурь хүчин зүйл талаасаа ярьвал валютын урсгал, экспортын гүйцэтгэл, төлбөрийн тэнцэл сайн байна. Суурь хүчин зүйл талаасаа сулрах шалтгаан олж харахгүй байгаа. Их хурлаар тогтоосон төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлээр валютын ханш харьцангуй уян хатан байх ёстой гэсэн заалт бий. Цаашдын хандлагыг төв банкнаас тодорхойлж хэлэх нь учир дутагдалтай. Эдгээр нь нөлөөлөх хүчин зүйлээсээ шалтгаална” гэлээ.
Бодлого баримтлагч байгууллага валютын ханш суларсан хэмээн судалгаа, тоо баримт дурдаж байгаа боловч “Найман шарга” захын ченжүүд чангарч байгааг учирлаж байсан юм. Валютын ханш хүмүүст үл анзаарагдам мөнгөөр аажим аажмаар өссөөр байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаад анхаарах цаг болжээ.
"Үндэсний шуудан" сонин
Зочин · 2017/09/20
3000 болно гэжийшд
Зочин · 2017/09/20
3000 болно гэжийшд