Сумо. Энэ үгийг мэддэг болоод монголчууд 25 жил болжээ. Яг энэ түүхэн цаг үеийг монголчуудын нүд чихэнд амилуулж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор Далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Даваажаргалыг урьжээ.

Тэр үнэхээр нүдээ олсон содон гоё зочин байлаа. Нэвтрүүлэг 3 цаг 30 минутын туршид үзэгчдийг суудлаас нь босгож суваг солиулаагүй гэдэгт итгэж байна. Түүний амьдрал, явж туулж ирсэн замнал, хувь хүний дотор мөн чанар, хүсэл эрмэлзэл, эмзэглэл, мухардал гээд хүний сэтгэл зүрхний бүхий л өнгө будгийг тус нэвтрүүлгийн багийнхан гайхалтай тодруулжээ. Омогшиж, онгирч, бахдаж, баярлаж, догдлон байж түүний хөрөг нэвтрүүлгийг үзэж дуусгав. Гэтэл энэ бүхний төгсгөлд яагаад ч юм гуниг төрж Хакуход гомдож ердөө л ийм хананд тулах гэж амжилтын оргил өөд хөлс хүчээ шавхасан юм уу, ердөө л сумогийн дэвжээний үнэ цэнэ, нэр хүнд, ёс жаяг, ил далд дарамтын төлөө эх орноо орхих хэмжээний нүүдэл хийх байсан юм уу, ердөө л иргэншлээ солиод л бүхнийг цэгцэлж байгаа юм уу хэмээн асуумаар болоод нэвтрүүлэг жаргав. “Сумо намайг хүмүүжүүлсэн” гэж та хэлэв. Тийм байх.

“Ганцхан ширхэг далбаа дэвжээн дээр гарч ирэхэд 60 мянган иен буюу 600 ам.доллар байдаг. Нэг дугтуйнд 300 ам.доллар байдаг. Үлдсэн 300 ам.долларынх нь 50-ыг нь сумогийн холбоо үйл ажиллагааныхаа зардалд авчихдаг. 250 ам.доллар нь тухайн бөхийн нэр дээр сумогийн холбоонд хадгалагддаг. Хадгалагдсан хэмжээгээрээ татвараа төлдөг. Ийм нарийн системтэй” хэмээн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал яриандаа дурсав. Сумочдын ялалтынхаа ард гар сунган авдаг боодолтой энэ мөнгө бол сумогийн үнэ цэнэ, амжилтын мялаалга. Үүгээр ч хэмжигдэхгүй үнэт зүйлийг арлын японы үндэсний бөхийн дэвжээ түүнд олгосон учраас өнөөдрийн М.Даваажаргал гэж Монгол хүүгийн ухаан бяр тэгширжээ. Ийн бодлоо ч түүнийг бүтээлцсэн япон хэв загварын үнэ цэнэ Монгол эх орных нь үнэ цэнээс үнэтэй байж боломгүй. Хакухогийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдсан  “японы иргэншилтэй болно” гэх яриаг сонсуут сумогийн дэвжээнээс ч хямдхан миний эх орон юмсан уу хэмээн гуниглан бодсоноо нуухгүй ээ.

Яагаад монголчууд үнэ цэнэтэй байгаагийнхаа төлөө, амжилт гаргаж хүч бяраараа цойлж байгаагийнхаа төлөө, эх орныхоо нэрээр овоглож ард түмнийхээ бахархал омогшил болж байгаагийнхаа төлөө бусдын нүдэнд илүү харагдах ёстой гэж. Яагаад Монгол хүн хувь заяагаар ч байдагсан уу, хууль журмаараа ч зохицуулагддаг уу харийн нутагт амьдарч ёс заншлыг нь мөрдөж амьдралынхаа хэсэг хугацааг зориулсныхаа төлөө тухайн орныхоо иргэн болж үлдэх шийдвэр гаргатлаа “мухардах” ёстой гэж. Хэдийгээр “иргэншил бол цаасан дээр л бичигдэх зүйл. Зүрх сэтгэл нь монголынх шүү дээ” гэх хүмүүс байгаа ч уучлаарай, тиймхэн бодлоор хязгаарлагдаж бүтэн үлддэг баялаг гэж хаана ч байдаггүй шүү гэмээр санагдана.

Тэгвэл иргэншлээ солих тухай ам нээсэн жишээ ганц Хакухо биш юм. Урвуулах гэсэн, худалдаж авах гэсэн, амьдралыг нь диваажин болгоё, манай иргэн болчих гэсэн санал манай хэд хэдэн залуу тамирчдад ирсээр л байсан шүү.

Тухайлбал, бөмбөрцгийн хамгийн баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт санал тавьж манай улсын иргэн болооч хэмээсэн байдаг. Түүнээс гадна мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга   Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нямхүү нарт ч ийм санал хэд хэдэн удаа ирсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэргэслээр шуугиж байлаа. Манай улсын хувьд буудлагын спортын гавьяат тамирчин Г.Мөнхбаярыгаа Германд алдчихсан бол Г.Отгонцэцэгээ Казакстаны нэрийн өмнөөс тив дэлхийн жудогийн дэвжээнээ хүч бярыг нь сорьсоор байгаа. Мөн л нэг жишээ. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Солонгосын талаас хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон амласан нь биднийг сандаргаж байлаа. Тиймээ энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэмцээний зардалгүй хандив гуйж нүүрээ улалзуулдаг манай тамирчдад атгаж болох л үнэ цэнэ байлаа. Сардаа л  20 гаруй сая төгрөгийн цалин аваад л төвөггүй амьдарч болно гэсэн үг. Гэтэл манай тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан.  Яг эдэн шиг эх орныхоо үнэ цэнийг нэгдүгээрт тавьж болоогүй юм уу аваргаа. Нэг ч гэсэн Монгол хүн монголоороо үлдэж дэлхийн энтэй амьдарч олон олон хүчтнийг өлгийдөн авсансан бол юутай сайхан. Нэг ийм үг санаанд бууж байна. Малгай тавьбал манайх…гэж.  Сумогийн дэвжээнээс хямдхан хөөрхий МИНИЙ ЭХ ОРОН.

niigmiintoli.mn