Парламент ирэх оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа.  Урьдчилсан тооцоогоор ирэх онд бидний төсөв ямар байх вэ, эдийн засгийн өсөөд байгаа үзүүлэлт иргэдэд мэдрэгдэх үү, цалин, тэтгэвэр нэмэх нь үү гээд олон асуултыг 2018 оны төсөв дагуулж байгаа.

 

Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцон баталсан.  ДНБ-ий өсөлтийг 2016 оны гүйцэтгэлээс даруй 3 пунктээр өсгөхөөр тооцсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгоно лээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг ирэх онд 7.2 их наяд төгрөгт хүргэнэ. Энэ нь мөн л 2016 оынхоос 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн үзүүлэлт.  Харин төсвийн  зарлагыг 9.6 их наяд төгрөгт байхаар тооцон баталлаа.  Ингэснээр төсвийн алдагдлыг 2018 онд 2,4 их наяд төгрөг  байх юм. Гэхдээ энэ нь  хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1,2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт  гэж хууль тогтоогчид онцолж байсан.  Ер нь эдийн засаг өсөлттэй үед ч  төсөв алдагдалтай батлагдсаар ирсэн бичигдээгүй хуультай.

 

Эрх баригчид өнгөрсөн хугацаанд  эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар ажилласны  үр дүн  гарч,  тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдсан.

 

Эрх баригч хүчин МАН ирэх жилээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа шуудран орж байна.  Тиймээс ч ирэх оноос “Хүүхэд бүр цэцэрлэг” хөтөлбөрийн  хүрээнд цэцэрлэгийн 86 барилга шинээр барьж, 16 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийхэд зориулж  нийтдээ 73.4 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ.

 

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр  84.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ санхүүжилтэд 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барихаар тусгажээ.

 

 

Ирэх онд өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулахаар болжээ.  Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг  төрөөс 100 хувь санхүүжүүлэх юм байна.  

 

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хүрээнд   396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Хуулиар малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд   44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ.

 

Түүнчлэн  “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулахаа р төсөвлөсөн байна.

 

Энэчлэн эрх баригчид ирэх оноос сонгуулиар амласан мөрийн хөтөлбөртөө төсөвт тусган, хэрэгжүүлэх аяныг эхлүүллээ.

 

Нөгөөтэйгүүр энэ парламентын төсөв нэлдээ тойрогт чиглэгдэхээр байгаа. Учир нь 2016 оны УИХ-ын сонгууль 76 тойргоор явагдсан. Тиймээс ч жил бүрийн төсөв хэлэлцэх үед гишүүн бүр тойргийн асуудлаа чухалчилж,  танагдсан зардлыг эсэргүүцэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр улайрдаг нь гэм биш зан. Гишүүн Д.Цогтбаатар  төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг хэлэлцэх үед “улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэг хоёр жилээр бус  урт хугацааны зураглалаар харах хэрэгтэй. Төвсийн төсөөлөлд 2019-2020 он гэсэн байна. Наад зах нь таван жилээр харж, төсөөлж болохгүй юу” гэсэн асуудлыг хөндсөн. Гэвч “Гишүүн бүр улс хөгжлийг зураглалыг урт хугацаагаар харах хэрэгтэй гэж үзэж байгаа ч хэлэлцүүлгийн үеэр тойргийн төсөв, хөрөнгө оруулалтаа хөндөж ярьдаг” хэмээн Засгийн газрын гишүүдэд амаа таглуулсан.

 

Үнэндээ ч энэ удаагийн төсөв тойргийн хийгээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шигтгэх зорилгод гишүүд санал нэгдсэнээс бус  урт хугацааны хөгжлийн зураглал, төсөөллийг  хойш тавьсан нь гашуун үнэн. Цаашдаа ч парламентын бүрэн эрхийн хугацаанд МАН-ын хөтөлбөр, тойрог гэсэн хоёр хүрээнд жил бүрийн төсвийн хууль батлагдсаар байх биз. 

Н.Энхлэн

www.shuud.mn