Банкууд 2017 оны 12 дугаар сард 816 зээлдэгчид 60.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Зээлийн 99.6 хувийг  төгрөгөөр олгожээ. Тус зээлд хамрагдагсдын  тоо мөн онд 93 мянга 147 болж нэмэгдсэн байна. Ирэх жилүүдэд ч тус зээлд хамрагдагсдын тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй болов уу.

Түүнийг ганцхан зүйлээс харж болно. Олгогдсон ипотекийн зээлийн 77.4 хувь нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ)-ийнх  аж.  Бусдыг нь арилжааны банкууд өөрийн болон бусад эх үүсвэрээс олгосон гэж Монголбанк мэдээлж байгаа юм.

Ер нь ипотекийн 8 хувийн бага хүүтэй зээл болон  ОСИСТТБ хөтөлбөр хоёр салшгүй холбоотой, өөрөөр хэлбэл нэг зоосны хоёр тал гэсэн үг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь баримт бичиг нь “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр юм билээ.  Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайд сайдын 2013 оны 01 дүгээр сарын 09 өдрийн А-2/06 тоот хамтарсан тушаалаар  энэ хөтөлбөрийг баталсан байдаг. Түүнээс хойш хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох газруудаас төрөл бүрийн шатанд хэд хэдэн журам гарч мөрдөгдөж байна.  

Эдгээр журмуудад дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  Монголбанкны оролцоо, үйл ажиллагааг тодорхой тусгаж өгсөн юм билээ. Тэр бүхнийг үндсэлэн Монголбанкны ерөнхийлөгч  ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг 2013 оны 6 дугаар сард баталсан юм.  Энд ипотекийн зээлийн эхний санхүүжилтыг Монголбанк гаргахаар зааж өгсөн байна. Тус банк хүлээсэн үүргээ биелүүлж эхний санхүүжилтыг 2013 онд 900 тэрбум төгрөгөөр хийж ипотекийн зээлийг  эхлүүсэн аж. Харин тус журмыг төвбанкны ерөнхийлөгч 2016 оны  10 дугаар сарын 25-нд шинэчлэн баталсан байна. Тухайн өдрөөс мөрдөгдөж ирсэн журмын амин сүнс нь, “Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Гэхдээ тухайн сард орж ирсэн эргэн төлөлтийн хүрээнд санхүүжилт хийнэ” гэж заасан байна. Энэ хүрээнд эхний ээлжинд банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгох, Монголбанк дараа нь санхүүжилт хийхээр тохируулжээ.

Гэхдээ төвбанк сар болгоны суулчийн өдрүүд эргэн төлөлт ямар байгаа талаар арилжааны банкуудад мэдээлэл өгч байх үүрэг хүлээжээ. Тэрхүү мэдээлэлд үндслэн арилжааны банкууд  хэдэн төгрөгийн ипотекийн зээл олгох тухай өөрийн шийдвэрийг гаргахаар болгожээ. Энэ өөрчлөлт нь   Монголбанк, арилжааны банкуудын өмнө, арилжааны банкнууд Монголбанкны өмнө хүлээх үүргийг урьдынхаас илүү тодорхой болгосон гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Дээр дурьдсан 2017 оны 12 дугаар сард ипотекийн зээлийн эргэн төлөлт  39.3 тэрбум төгрөг болж өмнөх сараас 3.4 хувиар өссөн аж. Үүний 8.1 тэрбум төгрөг нь хугацаанаасаа өмнө төлөгдсөн гэдгийг төвбанк онцолсон байх юм.  Монголбанкнаас сар болгон ийм мэдээлэл авсан арилжааны банкууд ОСИСТТБХ-ийн хүрээнд  дараагийн сард хэдэн төгрөгийн  зээл олгох төлөвлөлт хийдэг зарчим банкны салбарт хэвшил болжээ. Энэ хэлбэрээр 2017 онд ипотекийн зээл олгож  ирсэн байх юм. Ипотекийн зээлтэй 93 мянга147 иргэдийн  68 мянга 970 нь ОСИСТТБ хөтөлбөрийнх, 20 мянга 454 нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрт, гурван мянга 723 нь бусад эх үүсвэрт хамрагдсан байна.

Ипотекийн зээл орон сууцны санхүүжилтын тогтовортой тогтолцоо, сан бий болгох зориулалтаар анх гарч ирсэн тэр үүргээсээ өнөөдөр хүртэл хазайгаагүй явна. Эх үүсвэрийн хувьд эргэн төлөлтийн хүрээнд байгаа болохоор хязгаарлагдмал байгаа бололтой.  Хөнгөлөлттэй ийм зээлийн тогтолцоо бий болохоос өмнө зөвхөн арилжааны банкууд өөрийн эрх үүсвэрээр 24 хувийн өндөр хүүтэй  орон сууцны зээл олгож байсанг бид бүгд мэднэ. Тэр цагт орон сууцны зээлд хамрагдана гэдэг нь тэнгэрийн “амьтаных” байв. Шинэ зээлийн тогтолцоо бий болсоноор тэр өндөр хүүг доошлуулж ирсэн гэдгийг  хэлэхэд олон гэрчийн  шаардлага байхгүй гэж хэлж болно.  2017 онд арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож байгаа зээлийн жилийн дундаж хүү 10,7 хувьтай гарчээ. Энэ бол ипотекийн 8 хувийн хүүтэй зээл, хуучин банкны өндөр хүүг буулгах боломжийг бүрдүүлсэн гол  үзүүлэлт гэж зарим эдийн засагчид хэлэх юм билээ. Тэр үнэн биз.

Шинэ тогтолцоо хөлөө олох, сангийн хөрөнгийг аривжуулахад хугацаа хэрэгтэй нь ажиглагдаж байна. Сангийн хөрөнгө нимгэн эмзэг  энэ үед  түүнийг тойрсон олон  байр суурь илэрхийлэгдэж байх юм. Тэднээс  ипотекийн зээлийг үлдээх үү, зогсоох уу гэсэн байр суурь бусдын анхаарлыг  татах боллоо. Зээлийг зогсоох талын байр суурь баримтлагчид “одоо баригдсан байгаа орон сууц борлогдохгүй, түүнээс гадна үнэ нь буухгүй байгаа нь энэ зээлийг зогсоох гол нөхцөл” гэсэн тайлбарыг хийж байх юм.

Харин цааш нь үргэлжлүүлж үлдээх ёстой гэсэн байр суурийг баримтлагсад “ ипотекийн зээлийг  үнэ тогтворжуулах, орон сууцны тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бий болгох зоилгоор бий болгосон юм. 2013 оноос хойш хэрэгжиж байгаа энэ зээлийн тогтолцоо зорилгоо биелүүлж, үүргээ гүйцэтгэж байгаа” гэсэн тайлбарыг хийж байна.

Ипотекийн зээл нь бий болж хөлөө олох хүртлээ дэлхийн олон улс оронд дардан замаар яваагүй юм гэдэг. АНУ-д 1950-иад онд хүчээ авч гарч ирэхдээ  тус улсын банкны салбарыг татаад унагачихсан тухай хэвлэлд дурьдсан байдаг. Харин  манай улсад олны хүртээл болохдоо  банкны бус барилгын салбарыг хүндрүүлж байна. Банкныхан дээрх гашуун туршлагыг мэддэг байсан тул өөрөөсөө тойруулж байгаа нь энэ биз. Гэхдээ барилга гэдэг газар дээр  хүний хүч хөдөлмөр, хөрөнгө шингэсэн “нүдэнд харагдаж гарт баригдах бодит хөрөнгө” түр зуурын түгжрэлд орж байгаа нь энэ болов уу?

Гэхдээ  энэ нь хөлөө олох гэж тэнцэж ядаж байгаа ипотекийн зээлийг зогсоох гол шалтгаан болохгүй гэж зарим судлаачдын хэлснийг давтан хэлэхэд илүүдэхгүй байх аа. Ипотекийн 8 хувийн зээл үлдээх үү, зогсоох уу гэдэг дээр ямар нэг шийдвэр одоохондоо гараагүй байна. Энэ зээлийг үлдээх үү, зогсоох уу гэдгийг шийдхэд хүрвэл иргэн та энэ талаар үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй шүү гэж зөвлөх байна.

Г.Эрдэнэбат