УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах асуудлыг хуулиар ингэж зохицуулна
2018/04/14
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсоруулсан байна.
Энэхүү хуулийн төсөл нь 4 зүйлтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар судалж санал, дүгнэлт гаргах зохицуулалт нэмж, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах харилцааг зохицуулна.
Тодруулбал хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хязгаарлалт бий болно.
Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан, эсхүл гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Хуулийн төсөлд заасан 2 үндэслэл нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбоотой, Улсын Их Хурлын гишүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх, уг заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон тул хуулийн төслийг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөх эсэх, Улсын Их Хурлын гишүүдийг нийт ард түмнээс сонгодгоос гадна энэхүү заалтыг иргэдийн мэдээллээр маргаан үүсгэж хянан шийдвэрлэсэн тул иргэд хүлээн зөвшөөрөх эсэхэд үнэлгээ хийхийн тулд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хязгаарлалтыг хууль тогтоомжид хэрхэн тусгаж байсан, энэ талаар иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байсан байдал, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрүүдийг эргэн харахад:
Д/д |
ОГНОО |
ГАРСАН ШИЙДВЭРҮҮД |
ХУУЛИЙН ЗААЛТ |
|
2006.01.26 |
Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Хуулийн 6.9-д гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх 2 үндэслэл заасан. |
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ: 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан; 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан. |
|
2010.12.30 |
Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6.9.2-т заасан УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр зөвхөн гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон. |
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ: 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
|
|
2011.10.21 |
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 03 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн. |
|
|
2012.01.12 |
Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тухай 05 дугаар тогтоол баталсан. |
|
|
2012.02.15 |
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 02 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосон. |
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:
|
|
2013.01.17 |
Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх 2 үндэслэлийг заасан хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд төслийн 6.9.2-ыг хасаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. /Өргөн мэдүүлсэн төсөл: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан; 6.9.2.гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн/ |
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан. |
|
2017.12.20 |
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гарсан 02 дугаар тогтоолоор 6.9.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосон. |
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
|
Дээрх лавлагаанаас үзэхэд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хязгаарлах үндэслэлийг хуульд тусгахдаа гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан гэсэн 2 үндэслэлийг заасан тохиолдолд энэ талаар аливаа маргаан үүсгэж байгаагүй байна.
Харин зөвхөн гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан үндэслэлийг заасан тохиолдолд энэ талаар иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурал гишүүний халдашгүй байдлын хязгаарлалтыг заахдаа Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан, мөн гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжийг хязгаарлаж байгаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх эрүүгийн эрх зүйн суурь зарчим зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэж, 2012 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 6.9 дэх хэсгийг өөрчлөн найруулсныг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж гаргасан иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж, өмнө нь Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж хүчингүй болгосон байна.
Иймд гишүүний халдашгүй байдлыг хязгаарлах үндэслэлд гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан гэсэн 2 үндэслэлийг хамтад нь заасан тохиолдолд Үндсэн хуулийн цэц болон иргэд хүлээн зөвшөөрнө гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын Их Хурлын хувьд Үндсэн хуулийн цэцээс удаа дараа хүчингүй болгосон байдлыг харгалзан үзэж, хууль батлах онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм. Иймд хуулийн төслийн заалт хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангаж байна.