Монгол Үндэсний соёлыг сэргээн босголцсон Архад Бакула
2018/04/25
Тайван замаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд бий болсон пост коммунист, үндэсний бахархал дүүрэн шинэ Монголын нэг онцлог бол эзэн Чингис хааныг үндэсний баатар гэж албан ёсоор үнэлж хүндэтгэдэг болсон.
Үндэсний соёлын энэхүү цоо шинэ хэв шинж ардчилсан шинэ үндсэн хуульд ч тусгалаа олсон.1990-ээд оны эхэнд олон хүн үндсэн хуульд буддын шашныг төрийн шашин гэж нэрлэхийг хүссэн ч, зарим төрийн бус байгууллага, бусад улсын элчин төлөөлөгчийн газрууд эсэргүүцсэн, харин ренбүчи эл асуудлаар төвийг сахьсан бодолтой байсан бөгөөд ардчилсан нийгэм мөн л бол Монгол Улс гадны шахалт дарамтгүйгээр өөрсдөө шийдвэрлэх ёстой гэж хэлсэн. УИХ эцсийн бүлэгт бүх шашинд хуулийн хүрээнд ижил тэгш хандана, шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх гэдэг байдлаар үндсэн хуулиа баталсан.
Монголд өөрчлөлт шинэчлэл бүхэлдээ тайван замаар явагдсан боловч энэхүү тайван байдлыг хөндсөн харамсалтай хэрэг явдал тохиолдсон нь төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч олны хайр хүндэтгэл хүлээж байсан С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн явдал байв. Бакула ренбүчи шулуун шударга, чадварлагч удирдагч гэгдэж байсан талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлж ном уншсан.
Ренбүчи буддын шашинд ялангуяа гэлэгва, сажава урсгалд монгол лам нар жинтэй үүрэг гүйцэтгэсэн, нэрд гарсан олон монгол лам түвдийн сүм хийдүүдэд өндөр зэрэг зиндаа хүртсэн, Монголын шарын шашны тэргүүн, халхын наймдугаар Богд Жавзандамба хутагт (1869-1924 он) манж-чин гүрнийг 1911 онд мөхөн унахад туурга тусгаар Монгол Улсын төр, шашныг тэргүүлсэн түүхийг бахархалтай сануулдаг байсан.
Монгол оронд 1930-аад онд буддын шашны өв уламжлалыг үгүй хийж, олон сүм хийдийг нурааж, өмч хөрөнгийг нь тонон дээрэмдэж эрх мэдлийг нь хориглосон. Сүм хийдийг ингэж хааж хориглосон нь үндэсний соёлыг тарамдуулж асар том, хоосон орон зайг үлдээсэн. Саяхан болтол ярихад ч хориотой байсан хэлмэгдүүлтийг ил тод буруушааж, чингэснээр олон жилийн дараа ч гэсэн улс хотлоороо эмгэнэн харуусч байна. Хэлмэгдүүлэлтэд гар бие оролцсон хүмүүс ч Бакула ренбүчитэй уулзаж гэмшил харууслаа түүнд наминчлан тоочсон гэдэг.
Захиргаадалтын дэглэмд шашны зан үйл, нийтийг хамарсан үйл ажиллагаа, уншлага мөргөлийг хориглодог, ганц л Гандантэгчилин хийд албан ёсоор зөвшөөрөгдөн байнгын ажиллагаатай байсан. Тус хийдийн настай лам нар шашны ном судраа унших, мөргөл үйлдэх, хөгжмийн зэмсэгүүдээ тоглох талаар мэдлэг сайтай боловч уншлага мөргөл үйлдэх, ном тогтоохдоо урам зоригтой, хичээнгүй залуу ламхай нарыг Энэтхэг оронд илгээж дэвшүүлэн суралцуулахад элчин сайд Бакула чухал үүрэг гүйцэтгэсэн.
Бакула ренбүчи Элчин сайдаар ажиллах хугацаандаа Улаанбаатар хотноо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей нээгдэхэд оролцсон бөгөөд бурханч лам Г.Пүрэвбат бээр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж, Хамбын овоонд цац суварга босгоход хатгалгаа тусаад бие нь барагтай байсныг үл харгалзан намрын жихүүн салхитай тэр нэгэн өглөө өөрийн биеэр очиж ном уншиж билээ. Тэр бол Монголд Бакула ренбүчийн оролцсон сүүлчийн арга хэмжээ байсан бөгөөд хэдхэн хоногийн дараа яаралтай эмчлүүлэхээр явж одсон билээ.
Лам оюутнууд энэтхэгийн Дөрвөн Гоман, Сера, Гьюми болон бусад сургуульд буддын гүн ухаан, Дарамсала дахь Диалектикийн сургууль, Дехрадуны Сажавагийн хийдэд шавилан суралцахад удаан хугацааны виз шаардлагатайг Элчин сайд Засгийн газартаа мэдүүлж зөвшөөрүүлсэн бөгөөд Дарамсала дахь Намгияаль, Нечун хийдэд суралцдаг хуваргуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж тэдэнд маань үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлсэн.
Монголд амар тайван байх юм гэж бодсон ч ажил үүрэг нэмэгдэхэд Элчин сайд К.Бакула хэзээ ямагт хянамгай, сэтгэл хангалуун ажиллаж цаг агаар нь төрөлх Ладакх нутагтай маань төстэй, Монголд ирэхэд төрсөн нутагтаа байгаа мэт дотно санагддаг, монголчуудын гутал хувцас, хоол унд, төрх байдал, царай зүс хүртэл ладакхчуудтай адилхан гэж тун элгэмсүү өгүүлдэгсэн. Тэр жилүүдэд ренбүчи Элчин сайдын хувиар радио телевизүүдэд ярилцлага өгч, сонин хэвлэлд нийтлэл бичиж ер нь л идэвхтэй ажилласан.Том мяндагтан хувилгаан хүний хувьд түүнээс адис жанлав хүртэж сахил авахыг хүссэн хүмүүст цаг зав гаргадаг байсан. Тэр үед дотоодын нислэг үйлддэг агаарын тээврийн онгоцоор алсын аймгуудад аялж нисэх буудлын аюул осолгүй ажиллагаа байтугай хөөрөх зурвас ч үгүй, нүцгэн тал дээр олон удаа бууж, хөөрсөн. Нислэгийн зурвас байсан ч гэсэн тэнд мал бэлчиж үзэгдэх нь ч бий. Хөдөө хээрийн, донсолгоо ихтэй хол замыг бөх бат боловч тохь муутай, УАЗ 469 машинаар туулдаг байсан. Өндөр настай хүн, олон цаг тийнхүү аялахад амаргүй боловч Элчин сайд гомдоллож бусдыг сандаргадагүй харин ч аяны замд амарч, хөдөөгийн хот айлд жирийн хүмүүстэй гэрт нь сууж ярилцах дуртайсан.
Монголд Элчин сайдаар ирж ажилласан эхний жилдээ ренбүчи Хархоринд зочилж, Эрдэнэ зуу болон бусад хийдээр ороход нутгийн олон хүндэтгэн угтсан бөгөөд хамба лам Д.Чойжамц гуай хамт явж бараа болохын хамт түүний яриаг энгүүн сайхан орчуулж байсан санагдана. Дараа жилийн нь тавдугаар сард ренбүчи Амарбаясгалант хийдийн хэсэг лам нарт сахил хүртээж, 1991 оны тавдугаар сард Завхан аймагт зочилж билээ.
Тэгэж явахдаа хамаг амьтны, түүний дотор мэдлэг оюунтай хүмүүний аз жаргалын үндэс нь Буддын шашин.Түүнийг хамгаалж, хадгалж хөгжүүлэх нь эгэл жирийн лам хуваргуудын хичээл зүтгэлээс ихэд хамаарна. Буддын шашныг ойлгох нь номын мэдлэг, түүний ухаарч ойлгох хэмээх хоёр хэсгээс бүрддэг.Эхнийх нь Ганжуур, Данжуур зэрэг хөлгөн судар, ( винай, судар боло наби-дарм)-ыг унших, удаах нь гурван сургаалийг ухамсартайгаар хэрэгжүүлэх (ёс суртахууны сахилга, хичээл зүтгэл, оюун билэг), ялангуяа гагцхүү бодьсатва нар хүрч чадах ёс зүйн сахилгад суралцахад оршино. Үндэсний ёс заншил, ёс зүйн сонор соргог байдал лам хуваргуудын мөн үнэн чанар дээр тогтдог учир тэд сурч мэдэхийг эрмэлзэхийн сацуу виайн ёсыг чанад сахих ёстой гэж сургаж байсан нь санаанд үлдсэн байна.
Буддын сургаалийг жирийн хүмүүст энгийн үгээр тайлбарлахдаа ренбүчи ёс журмын голыг өгүүлж, лам хувцас, өмсч орхимж нөмрөх огт хангалтгүй. Сурч мэдэхийг хичээдэггүй, өмссөн хувцасныхаа утга учрыг ойлгодоггүй олон ламаас, жинхэнэ мэдлэгтэй, гуйвшгүй ёс суртахуунтай цөөн лам байхад нийгэмд их тусыг хүргэнэ. Бурханы шашны хуварга мөн л бол бүхий үйл ажиллагаа нь дулвад нийцдэг байх ёстой хэмээн захидагсан.
Монголын хөдөө нутгаар аялж олон ч хүнтэй уулзсан ренбүчи хэд хэдэн сүмийг сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн боловч тэдгээр сүм шашны эд хэрэглэлийн хувьд хоосон шахам, мэдлэг боловсролтой багш үгүй учир бусад хийдэд үлгэр дуурайлал болохуйц “Битүб” хэмээх хийдийг Улаанбаатар хотод байгуулж, олон жилийн уламжлалтай боловч бараг хаагдмал байсан ардын эмнэлгийг сэргээн хөгжүүлэхээр тус хийдийн дэргэд ардын уламжлалт эмчилгээний эмнэлэг нээсэн Эрүүл мэндийн сайд хатагтай Д.Сарангэрэлийн урилгаар Энэтхэгийн уламжлалт эмчилгээний АЮУШ хэмээх яамны сайд ирэх 5 дугаар сард манай оронд айлчилж Энэтхэг, Монголын соёл, оюун санааны харилцааны бас нэгэн илэрхийлэл болсон энэхүү салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх аж.
Энэтхэг, Монголын харилцаа урт удаан хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн боловч Бакула ренбүчийг Монголд Элчин сайдаар ажиллаж байхад Монгол орон шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжсэн. ЗХУ болон зүүн Европын харьцангуй хөгжингүй орнуудаас үзүүлдэг санхүүгийн тусламж дэмжлэг зогсч эрүүлийг хамгаалах, боловсрол зэрэг нийгмийн салбарт газар тариалан, аж үйлдвэрийн санхүүжилт эрс багассан нь хүмүүсийн амьжиргаанд хүндээр туссан. Өмч хувьчлал гүнзгийрч, үнэ төлбөргүй байсан нийгмийн олон төрлийн үйлчилгээ зогссоноос хүмүүс амиа аргацаахад хүрч, ажилгүйдэл газар авч өндөр боловсрол эзэмшиж нарийн мэргэшсэн эмч, инженерүүд амьжиргаагаа залгуулахын тулд биеийн хөдөлмөр, ганзагын наймаа эрхэлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон бусад газраас тусламж хүсч, 1990 онд байгаль, цаг агаар хүндрэн цас их унахад, 1993 онд хүчтэй шуурч зарим аймагт байдал хүндрэхэд нөхцөл байдал даамжирсан.
Монгол орныг 1999 оны зун хур бороо багатай, ган болсоноос өвөл нь хүйтэн цасаар шуурч зуд хэмээх байгалийн хүнд гамшиг нөмөрч мал сүрэг хорогдож хүнсний гачаалд ороход Бакула ренбүчи шуурхай ажиллаж хөнгөлөлттэй зээл, эд материал нийлүүлэх хэлбэрээр яаралтай тусламж үзүүлэхийг Засгийн газартаа санаачилж, шийдвэрлүүлсэн. Энэтхэгийн Засгийн газар тэр жилүүдэд боловсрол, ялангуяа мэдээллийн технологийн сургалт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах болон соёлын салбарт үлэмж хэмжээний хөгжлийн тусламж үзүүлсэн.
Тэр амаргүй үед Энэтхэгийн Элчин сайдын хувьд Бакула ренбүчи Монголд тусалж дэмжихэд, ялангуяа хүний нөөцийг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Хүний сэтгэл санааны сайн сайхан чанарыг хөхиүлэн дэмжих арвин туршлагатай тэрбээр хүнд хэцүү цагт тайван, ухаалаг, элэгсэг хандахыг хэлж зөвлөдөг байсан.
Энэтхэгийн Элчин сайд олон чиглэлээр түүний дотор, үндсэн хуулийг шинэчлэх, сонгуулийг зохион байгуулах талаар мэргэжилтэн, зөвлөхүүдийг ирүүлэхээр шаргуу ажилласан бөгөөд соёлын солилцооны хүрээнд монголын оюутан залууст олгодог тэтгэлэгийн тоог ихээхэн нэмэгдүүлсэн. Монголын оюутнуудыг “Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа” болон Соёлын солилцооны хөтөлбөрийн шугамаар энэтхэгийн их, дээд сургуулиудад, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад энэтхэгийн талын зардлаар хүлээн авч хамруулдаг болсон. Бакула ренбүчийн хувийн холбоо харилцааны ачаар Сарнатх дахь Буддын гүнзгийрүүлсэн судалгааны төв институт монгол оюутнуудыг хүлээн авч буддын гүн ухаан, түвд хэл, судалгааны арга барилд суралцуулж, монгол лам нарыг өмнөд Энэтхэг болон Дарамсалагийн түвд сүм хийдүүдэд илгээж эхэлсэн.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Бакула ренбүчийн үйл ажиллагааг “Элчин сайд Бакула төрийн зүтгэлтэн дипломат, буддын шашны хуваргын хувьд Монголын түүхэнд өөрийн байр суурийг үлдээж чадсан бөгөөд монгол үндэсний соёлын өв уламжлалыг хөгжүүлэхэд түүний салшгүй хэсэг болсон буддын шашныг сэргээн хөгжүүлэх нь түүхэн чухал ач холбогдолтойг мэдэрсэн, нийгмийн байгуулал коммунист тогтолцооноос ардчилалд тайван замаар шилжих үед манай ард түмнийг зоригжуулах эх үндэс болсон “Тэнгэрийн элч” байв. Миний бие 1994 онд Энэтхэг Улсад Төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглэх түүхэн ач холбогдолтой Найрамдал, хамтын ажиллагааны гэрээг байгуулахад түүний биечлэн оруулсан их хувь нэмрийг онцлон дурдахыг хүсч байна” гэж сайшаан тэмдэглэсэн байдаг.
Монгол оронд үндэсний соёлыг сэргээн хөгжүүлэхэд болон ардчиллыг ялуулахад Бакула ренбүчи их хувь нэмэр оруулсныг монгол төр өндөр үнэлж түүнд Алтан гадас одон хүртээсэн.
Монголын бүх аймагт салбартай Монгол, Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УИХ-д суудалтай намуудын оролцоотой Монгол, Энэтхэгийн найрамдлын бүлэг байгуулахад ренбүчи халуунаар дэмжсэн. Энэ дагуу Энэтхэгийн парламентад Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг байгуулсан билээ.
Улаанбаатар хотноо Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ерөнхий сайд агсан Ражив Гандийн нэрэмжит мэргэжил-сургалтын төв, Атал Бихар Важпайн нэрэмжит мэдээллийн технологийн төв байгуулагдсан. Эдгээр төвийг байгуулахад монголын Засгийн газар барилга, үйл ажиллагааны урсгал зардлыг, энэтхэгийн Засгийн газар техник тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээрийг тээвэрлэх, ажиллагсдыг сургаж дадлагажуулах үүрэг хүлээсэн.Тус хоёр сургууль арьсан эдлэл, радио, телевизийн болон автомашины засварчин, сантехникч, үнэт чулууны өнгөлгөө, холбоо мэдээллийн технологи, програм хангамж, компютер завсарын мэргэжлүүдээр олон залуусыг сургаж бэлтгэсэн. Энэтхэгийн Үндэсний конгресс намын дарга асан хатагтай Сония Ганди 1995 онд Монголд айлчилж тэр жилийн үндэсний их баяр Наадамд хүндэт зочноор оролцсон.Тэр үед Энэтхэгийн санхүүжилтээр Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулагдсан.
Ренбүчи ард иргэд болон албаны хүмүүстэй уулзахдаа мах, сүү цагаан идээнд нэмэлт болох хүнсний ногооны тариалалтыг хөхиүлэн дэмжих асуудлыг ярилцаж, 1996 онд Хөдөө аж ахуйн яамтай хамтран Дархан хотод Найрамдал сангийн аж ахуйг нээж, Энэтхэгээс ганд тэсвэртэй, олон төрлийн үр авчирч Монголд тариалах туршилтыг амжилттай эхлүүлсэн.
Хоёр орны хоорондын соёлын харилцааг сэргээн идэвхжүүлэхээр Улаанбаатар хотноо 1993 оны нэгдүгээр сарын 20 –нд Энэтхэгийн соёлын төв байгуулсныг нь мөн дурдах ёстой. Соёлын төвд манай хоёр орны найрсаг дотно харилцааг билэгдэн хинди, англи хэл, энэтхэгийн сонгодог бүжиг, хөгжим, йога зэргийг заадаг бөгөөд уг төвийг хоёр тал мөн хамтран ажиллуулдаг юм.
Хэдийгээр хоёр талаас чармайж байгаа ч Энэтхэг, Монголын хамтын ажиллагаанд хараахан ашиглаагүй нөөц бололцоо их юм. Хаяа залгадаг хөршүүд бус, хоорондоо алс хол оршдог болохоор худалдааны нийт эргэлт харьцангуй бага хэвээр байна. Монголд ажиллаж эхэлсэн Энэтхэгийн зарим компаниудын тоо болон хамрах хүрээг ч нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ байна. Монголын байгалийн баялаг, газар зүйн таатай байрлалыг энэтхэгийн техник технологийн ололт, үйлчилгээний экспортыг хөгжүүлсэн туршлага, ажиллах хүч, эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн чадавхтай хослуулах боломжийг эрэлхийлсэний дүнд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн аутсорсингийн, Цахим аюулгүй байдлын төв байгуулах ажлууд эхлээд байна.
Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хийж бүтээсэн нь удтал ач тусаа үзүүлсээр байгаа Элчин сайдын Монгол үндэсний соёлыг сэргээн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Монгол орон өнөөдөр ч талархан дурсч байна.
Г.Ганболд