ГЕГ-ын залуу дарга Б.Асралт тун сонирхолтой тушаалыг үзэглэж магадгүй байна.

Тэрээр Гашуунсухайтын боомтын даргаар С.Батдамба гэдэг хүнийг томилох гэж буй ажээ.

Харин С.Батдамба АН угшилтай, тэр дундаа МоАХ-д харьяалагддаг нэгэн юм байна. С.Батдамбын Гаалийн байгууллагад хөтөлж оруулсан хүн нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан, бас МоАХ-ны дарга асан Ш.Түвдэндорж гэнэ.

Бас С.Батдамба нь Хотын орлогч дарга Л.Энхцэнгэлтэй маш ойр, хамтран ажилладаг гэдгийг АН-ынхан бүгд мэддэг аж.

Түүнчлэн С.Батдамба нь нэгэн цагт АН-ыг аварна гэж хөдөлгөөн хүртэл байгуулж, одоо Гаалийн Үйлдвэрчний эвлэлийн дарга хийгээд бужигнуулж яваа н.Нанжидын хамтран зүтгэгч юм байна.

Үүнээс гадна С.Батдамба өөрөө ч Гаальчдын холбоо байгуулж, ТУЗ-ийн даргаар нь ажиллаад бужигнуулж явсан эр. Энэ ч яахав, Үндсэн хуульд хүнийг үзэл бодол, өнгө зүсээр нь ялгаварлахыг хориглосон байдаг. Тиймээс С.Батдамбыг ингэж дэвшиж байгаад АН-ын болоод өөрийнх нь буруу гэж юу байхав. МАН, АН-ынхан сүжрээд, найраад сүйд болоод байгаа нь ч  маньд юуны хамаа байхав.

Харин түүнтэй холбоотой хэд хэдэн базаахгүй мэдээлэл байдаг аж. Нэг нь medee.mn сайтад 2015 оны сүүлчээр нийтлэгдэж байлаа.

“Өвсөн дотор чоно, зээр зэргийг нууж хил давуулж байна гэв” гэдэг гарчигтай мэдээлэлд “Сүхбаатар аймгийн Бичигт дэх боомтоор их хэмжээний өвс экспортлогдож байгаа талаар нутгийн иргэн Засгийн газрын “11-11” төвд мэдээлжээ. Түүний мэдээлснээр, нутгийн гүнээс, боомтоос 100 гаруй км-ын наанаас гаалийн ямар ч үзлэггүй ачаад очсон өвсийг Бичигтийн гаалийн байцаагч нар үзлэг шалгалт хийхгүйгээр шууд урагш нь гаргаж байгаа аж. Хятадууд өөрсдийн боомт дээр очуут дээрх өвсийг шалгаж байгаа бөгөөд дотор нь их хэмжээний чоно, зээр гэх мэт зүйлс нуусан нь илэрчээ.
Нутгийн иргэн “11-11” төвд илгээсэн саналдаа “Монголын гааль таг дүлий байдаг нь ямар учиртай юм бэ. Энэ байдлаараа ан амьтан өөр юу гарч болохыг Бичигтийн гаалийн ахлах Батдамба бүгдийг нь зохицуулж байна. Энэ ашиг сонирхол биш юм уу, ГЕГ-ын дарга аа” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өвс гаалийн хяналтын талбайгаар оруулахгүй гаргах нь дотор нь юм нууж гаргадагтай холбоотой” гэсэн байдаг.
Мөн саяхан С.Батдамбыг Сүхбаатар аймгийн нутаг дахь ураны орд бүхий газартай холбоотой талаар иргэний мэдээлэл хуулийн байгууллага хавиар ирсэн дуулдаж байна.
Гэвч энэ бүхнийг Б.Асралт дарга үл тоож Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн онцгой анхаарал тавиад байсан Гашуунсухайтын боомтын даргаар томилохоор хувийн шийдвэрээ гаргачихсан бололтой. Бас яг энэ өдрүүдэд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны сахилга хариуцлагыг чанга байлга гэж төвийн аймгуудаар яриад явж байх хойгуур
ГЕГ-ын залуу дарга Б.Асралт ийм тушаал төлөвлөж суугаа нь хачин байгаа тухай хүмүүс яриад эхэллээ.  Арай ч үгүй байлгүй дээ гэж Гаалийнхан бас ярьж байна шүү, Б.Асралт дарга аа?!

Aguulga.mn