Массын дунд нэг хачин хандлага анзаарагддаг. Амьдралынхаа мөчлөгийг наадмаас өмнө, наадмын дараа, цагаан сараас өмнө амжаад, цагаан сар өнгөрөөж байгаад гээд хуваачихдаг. Нэг ажил эхлэх болохоороо наадмаас өмнө шалавлая гэж уухирдах нь энүүхэнд.

Эсвэл наадмын дараа болъё доо гээд налайчихдаг. Нүүдэлчин амьдралаас улбаатай буруу хандлагын нэг л дээ. Энэ сэтгэлгээнээсээ татгалзах цаг хаяанд ирчихээд хаалга тогшоод удаж байна. Наадам, цагаан сарын дараа бүх зүйл дуусах юм шиг сэтгэж адгахаа больё.

Яг энэ хандлага УИХ дээр анзаарагдаад байх юм. Наадмаас өмнө амжуулъя гээд хууль, шийдвэрүүдийг бөөнддөгөө болимоор байна.УИХ цаг хугацааны ийм хачин мэдрэмжтэй ажиллавал улсаа хөгжүүлнэ гэж мянгантаа яриад нэмэргүй. Өнөөдөр гэхэд л хууль тогтоогчид Таван толгойг яахаа наадмаас өмнө шийдье гээд дээр доороо орсон шигээ бужигнаж байна. Нөгөө талд АН-ынхан наадмын өмнө хэлэлцүүлэхгүй шүү гэж завсарлага авч бойкотлосон ч “Хоёр тал ойлголцсон учраас хэлэлцүүлэг үргэлжилнэ” гэсэн агуулгатай мэдээлэл өчигдөр цацагдлаа. Хэлэлцэхээс аргагүй асуудлыг гацааж уях нь хэтээсээ дэмий хэрэг л дээ. Гацаахдаа огт үндэслэлгүй гаргалгаа, гарц ярьж далийгаад бүр дэмий. Зарим улстөрчдийн хэлээд байсан шиг Таван толгойн 51 хувийг ард түмэнд өгвөл юун IPO болно. Хөрөнгө босгож том төслөө хөдөлгөх ажил үлгэр болоод дуусах өндөр эрсдэлтэй. Таван толгойг Сингапурын нэг хүн сонирхож байгаа гэсэн дэл сул яриа дуулддаг. Нүүрсний зах зээл дажгүй байгаа ийм үед Таван толгойг сонирхох хөрөнгө оруулагчид мэдээж бий. Тэдний хувьд коксжих нүүрсний их нөөцтэй ордоо ямар хувилбараар, яаж ашиглах нь вэ гэдгийг харж байж мөнгөө оруулах эсэхээ шийдэж таарна.

Хэрвээ УИХ-аас иргэддээ энэ ордын дийлэнх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргачихвал гадны ямар ч хөрөнгө оруулагч Таван толгойд мөнгөө хийхгүй. Том төсөл дээрээ ингэж попорвол синга нь байтугай инга нь ч олдохгүй. Ямартаа ч хоёр тал ойлголцолд хүрч Таван толгой дээр гар барьцгаах шиг боллоо. Гэхдээ өчигдрийн үйл явдлаас харахад Таван толгойг хөдөлгөх тухай санааг гажуудуулчихав уу гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Уул уурхайн сайд “Эрдэнэс Таван толгой”-н тодорхой хувийн хувьцааг арилжаалж мөнгө босгоё гэсэн хувилбар оруулж ирсэн. Гэтэл нөгөө талаас “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг нийтэд нь арилжаалах хувилбар гаргаад ирлээ. Засгийн газрын хувьд цаг алдахгүй гэсэн санаагаар нөгөө талынхаа хувилбар дээр толгой дохисон ч юм шиг өнгө ажиглагдаж байна. “Эрдэнэс Монгол” хэд хэдэн охин компанитай. ”Эрдэнэс Монгол”-ын хувьцаа гэдэг дээр хоёр тал гар баривал Оюу толгойгоос эхлээд бүх охин компанийн асуудал яригдана гэсэн үг. Хэрвээ асуудал ийм зургаар шийдэгдвэл Таван толгойг хөдөлгөх санаа талаар болно гэсэн үг. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа болохоор дүгнэлт хийхэд эрт байна.

Ямартаа ч өчигдөр болсон үйл явдлаас анзаарахад УИХ наадмаас өмнө том төслөө хөдөлгөх шийдвэр гаргаж магадгүй зураг харагдаж байна. Яг нарийндаа наадмаас өмнө Таван толгойгоо тачигнуулчихъя гэж яарах нь ч буруу хандлага. Наадам хоёрхон өдөр болоод дуусах баяр. Хоёр өдөр наадаж амарчихаад үргэлжлүүлээд хэлэлцэхэд болохгүй юмгүй. Тэгэх ч учиртай. Наадмын өмнө хэлэлцэж шийдвэр гаргаж чадсангүй наадмын дараа болъё гэсэн алгуурлал лав л Таван толгой дээр байж болохгүй. Өнөөдөр төр засгийнхан долларын нөөц гурван тэрбум, эдийн засаг дажгүй өсөлттэй гэж ирээд толгой өндөр суугаа. Гэхдээ ногоон валютаар тасарчихгүйхэн шиг аятайхан амь зуугаад байгаа нэг л зүйл бий гэдгийг санаж сэрж суугаа нь хэд бол. Хатуухан хэлэхэд уяачид нь морио, бөхчид нь бөхөө бодоод юун эдийн засаг манатай яваа нь гашуун ч гэлээ үнэн.

Эдийн засаг амь тасарчихгүй яваад байгаа нь нүүрстэй холбоотой. Мэдээж бидний сайных биш л дээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн учраас эрх баригчид овоо дориун, том дуугарсан шигээ сууцгааж байгаа юм. Төмөр замаа бариагүй, баяжуулах үйлдвэрээ байгуулаагүй, Таван толгой дээрээ ер нь юу ч хийгээгүй мөртлөө нүүрсээ их хэмжээгээр давгүй үнээр зараад байгаа нь Хятадын зах зээл дээр эрэлт үүссэнтэй холбоотой. Муу хүний заяа завагт гэдэгчлэн сүүлд гэхэд л Хятад АНУ-аас авах нүүрсэндээ 25 хувийн импортын татвар тавиадахлаа. Дэлхийн худалдааны дайнаас өгөөж хүртэх цөөхөн улсын нэгд багтсан маань л Монголын эдийн засагт аврал болж байна. Ингээд харахаар Азийн Монголын эдийн засаг гарцаагүй шалтгаанаар биш азаар л овоо сэхүүн яваад байна. Эдийн засагчид “Нүүрсний зах зээл дээр эдийн засаг тогтож байна” гэж анхааруулаад байгаа нь ийм учиртай. Тэгэхээр энэ алтан үеийг алдахгүйгээр Таван толгойгоо хөдөлгөе гэж шамдуулж яваа Д.Сумъяабазар сайдын санааг дэмжихээс аргагүй. Наадам ч болчихлоо, намрын чуулганаар л ярилцъя гэж алгуурлавал бид боломжоо алдана.

Наадмын дараа морь, бөх хөөцөлдөж хөдөө гадаа хэсэхгүйхэн шиг Төрийн ордондоо тогтож суумаар байна. Долдугаар сардаа багтааж Таван толгойг хөдөлгөх Засгийн газрын санааг ажил шийдэл болгомоор байна. Намрын чуулган гэж алгуурлавал эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон болчихсон. Бондын төлбөрөө төлөх гэж хэдэн доллар татахад л ногоон валютын ханш савлахаар орчинд байгааг УИХ-д суугаа хэд мэдэхийн цаагуур мэдэж суугаа. Өнөөдрийнх шиг Төв банкаа гал руу түлхсэн шигээ суугаад байвал цаашдаа инфляци өсөх эрсдэл бий. Инфляци өсвөл шатахуун, мах, цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ. Ингээд харахаар хамгийн хүнд ачаа нь иргэдийн нуруун дээр ирэхээр байна.

Төр засгаас Таван толгойн 1072 хувьцааг иргэн бүрдээ өгснөөс хойш өчнөөн жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл иргэн Дорж, Дулмаагийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй нь бодитой үнэн. Энэ том ордыг зах зээлийн жамаар нь, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь хөдөлгөөгүй цагт Таван толгойн хувьцааны өгөөжийг хэн ч хүртэх боломжгүй. Таван толгой ингэж амилаагүй цагт 1072 хувьцаа хэргээ өгөхгүй. Шилний цаадах чихэр долоож байгаагаас ялгаагүй, ямар ч үнэ цэнэ, ашиг өгөхгүйгээр олон оныг үднэ. Таван толгойн 51 хувийг иргэддээ өгөх ёстой гэдэг санааг өнгөц сонсоход чихэнд чимэгтэй л дээ. Гэхдээ ийм хувилбараар гаднаас мөнгө татах боломжгүй тухай өмнө дурдсан. 1072 шиг хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй хувь чухал уу, эсвэл шатахуунаас эхлээд хамаг юмны үнэ нэмэгдсэн орчинд тарчиг даржин амьдрах уу гэсэн сонголтуудыг иргэдэд санал болговол мэдээж бүгд хоёр дахийг нь сонгоно. Хэн ч хөдөлмөрлөж олж байгаа төгрөгөө үнэгүйдүүлэхийг хүсэхгүй.

Таван толгойг цогцоор нь хөдөлгөж чадвал харин эдийн засаг жинхэнэ утгаараа сэргэнэ. Том төслийг дагаад ханган нийлүүлэгч компаниудын бизнес цэцэглэдэг. Том уурхайд ариун цэврийн цаас, сүү, ногоо, ажлын хувцас, барилгын материалаас эхлээд өчнөөн бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ үүснэ. Тэр бүхнийг нь үйлдвэрлээд, бүтээгээд нийлүүлэх олон компани гарч ирнэ. За тэгээд засварын үйлчилгээ, барилгын ажил гээд дотоодын компаниудаа дэмжсэн хэрэгцээнүүд том төслийг дагаад үүсдэг. Том төсөл эдийн засагт яаж нөлөөлдгийг Оюу толгойгоос харчихаж болно. Улсад төлж байгаа татвар нь гэхэд л аварга тоо дуулддаг. Оюу толгой 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулсан гэсэн статистик бий. Яг одоо ид өрнөж байгаа гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгуулчихсан яваа. Том төслийн бүтээн байгуулалтын шатанд гэхэд л компаниудын бизнес ингэж цэцэглэдэг. Таван толгой хөдөлвөл монголчуудын хүртэх өгөөж нь мөн л ийм том мөнгөн дүнгээр яригдана. Өндөр цалинтай ажлын байрууд олноор бий болно, өнөөдөр хаалгаа барих гээд сандарч байгаа олон компанид Таван толгойд ханган нийлүүлэлт хийх зах зээл нээгдэнэ гэж ирээд яривал монголчуудын хүртэх өгөөж их.

Тэгэхээр наадмын өмнө, дараа гэсэн хачин зуршлаа хаяад, чуулганы танхимдаа тогтож сууж, нухацтай хэлэлцэж байгаад Таван толгойгоо даруйхан хөдөлгөмөөр байна. Шийдвэр гаргах түвшнийхэнд анзаарагддаг нэг том гэм бий. Иргэдэд өгөөжөө өгөхөөр том төслүүдийн тухай яриа хэлцэл идэвхжихээр л хоосон айдас зохиож элдэв бүтэхгүй, худлаа тоо баримт тоочоод унадаг. Энэ хандлага нь Оюу толгой дээр маш тод анзаарагддаг, одоо ч анзаарагдаж байгаа.Саяхан гэхэд Оюу толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч нь “Бидний ч мэдэхгүй том тоотой “но” татвар дээр байна” гэсэн битүү хатуу мэдэгдлийг хэвлэлийн хурал зарлаж байгаад ярьсан. Хөмсгөө зангидан эх оронч дүр эсгэж Оюу толгойг шалгаж суугаа гишүүд яагаад ч юм энэ төслийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, компани, иргэдэд очиж буй ашиг, өгөөжийн талаар тоо баримттай ярих тун дургүй байгаа. Таван толгой дээр ч ялгаагүй. Том төслүүд хөдлөхийн өмнөхөн яригддаг хоосон айдас, худлаа тоо баримтууд ордонд тухалсан хэдийн амнаас унаад эхэлчихсэн. Улстөрчдийн агуу эх оронч, жигтэйхэн хурц мэдэгдлийн цаана өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэсэн айхавтар үг бий. Ер нь улстөрчдийн жигтэйхэн эх оронч мэдэгдэл, үйлдлүүдийг анзаараад, ухаад байх нь ээ яг л ийм дүр зураг харагддаг. Манай эрх мэдэлтнүүдийн олонх нь дансан дахь хэдээ арвижуулах гэсэн аминч жижигхэн санаагаар агуу том эх оронч үйлдэл хийцгээдэг нь эмгэнэлтэй боловч үнэн л дээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүд хувийн жижиг эрх ашгаа түр ч болов мартаж, цаг хугацааны хайч гэх мэт хэрэггүй дэмий яриагаа орхиод Таван толгойг цогцоор нь хөдөлгөх шийдвэрийг ирэх сардаа багтаж гаргамаар байна.

Эх сурвалж : Өдрийн сонин