"Парадокс" салоны гоо сайханч А.Уянгаас уншигч танд зориулан арьсны арчилгааны талаар зөвлөгөө авлаа. 

Арьс эрүүл байхад нөлөөлөх гол хүчин зүйл юу вэ?

 

-Зөв хооллолт, амралт, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг, ажлын онцлог зэрэг хүний амьдралын бараг бүх зүйлтэй салшгүй холбоотой. Амьдралын эрүүл, зөв хэв маягаас гадна арьс арчилгаа хамгийн чухал. Мэргэжлийн салоноор үйлчлүүлэн арьсаа зөв оношлуулж, зөвлөгөө авч, чанартай, хамгийн гол нь өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

 

Манай орны эрс тэс уур амьсгал арьсыг хэт их хуурайшуулдаг. Ялангуяа хүйтний улиралд арьс илүүтэй хуурайшдаг. Энэ үед хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

 

-Арьс хуурайшсан үед чийгшүүлэх бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь тохиромжтой. Гоо сайхны үйлчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Сард доод тал нь нэг удаа гоо сайхны салоноор үйлчлүүлээд хэвшчихвэл арьс чийгээ хангалттай авч, хүйтний улиралд ч хуурайшихгүй байх боломжтой. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад гэрийн нөхцөлд ч арьсаа арчлах олон арга бий. Жишээлбэл, тараг, өндөгний шарыг ашиглан нүүрэндээ маск тавих, тэжээлийн тос түрхсэнийхээ дараа бүлээн бигнүүр тавих зэргээр арьсаа арчлаарай. Бүсгүйчүүдийн түгээмэл хэрэглэдэг нэг удаагийн салфеткан маск ч үр дүнтэй. Эдгээр нь арьсанд тэжээл өгөхөөс гадна цайруулах үйлчилгээг давхар үзүүлдэг. Өндөгний шаранд 2-3 дусал оливын тос нэмж хутгаад нүүрэндээ түрхвэл арьсанд тэжээл өгөхөөс гадна үрчлээнээс хамгаална. Тарганд 4-5 дусал нимбэгний шүүс дусааж маск бэлтгэн түрхэх нь тослог арьстай хүмүүст илүү үр дүнтэй. Учир нь тараг тослог арьсны балансыг тэнцвэржүүлдэг. Энэ мэтчилэн арьсаа байнга тордон өдөр тутам арчлаад байвал заавал үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр эрүүл толигор чигээр нь байлгах боломжтой.

 

Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тос, энгэсэг гээд олон бүтээгдэхүүн байдаг. Эдгээрийг хэрхэн хэрэглэх вэ?

 

-Аль алийг нь хэрэглэж болно. Хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан бүтээгдэхүүн нь хувиар биш цагаар үйлчилгээ үзүүлдэг. Дээд тал нь 8 цагийн хугацаанд арьсыг нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаална. Зөвхөн зуны улиралд нарнаас хамгаалах тос хэрэглэдэг гэсэн ойлголт олны дунд бий. Энэ бол буруу юм. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тосыг жилийн 4 улиралд түрхэх ёстой. Энэ нь салхи, шороо тоос гээд бусад хүчин зүйлээс ч давхар хамгаалдаг. Эмэгтэйчүүдийн хувьд нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тосоо крем болон энгэсэгтэйгээ хослуулан түрхвэл илүү үр дүнтэй. Мөн арьсаа маш сайн бөгөөд зөв цэвэрлэж хэвших нь чухал. Зөөлөн бүтэцтэй цэвэрлэх хөөс зэрэг бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг сонгон хэрэглээрэй.

 

Өсвөр насныханд батга, үүнээс үүдсэн нүхжилтийн асуудал тулгарах нь элбэг. Энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Хүн арьсаа мөнгөөр худалдаж авч чадахгүй. Тийм ч учраас багаасаа арчилгаа зөв хийгээд сурчихвал арьсаа эрүүл байлгах боломжтой. Одоо үед шилжилтийн нас илүү залуужсантай холбоотой 12 орчим наснаас эхлэн нүүрэнд батга, идээт үрэвсэл гарах нь түгээмэл байна. Энэ нь одоогийн нийгэм, амьдралын хэв маягтай шууд холбоотой. Буруу хооллолт, утас, компьютерын хэт их хэрэглээ нь арьсанд ачаалал өгч байна. Ингэснээр хүний арьс амарч чадахгүй бохирдсоноос батга үүсдэг. Иймд мэргэжпийн хүнээс зөвлөгөө авч, өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нэн чухал. Хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй, хямдхан бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг гэмтээх, батга гарах, үүнээс үүдсэн нүхжилт үүсэхэд хүргэх аюултай. Арьсанд нэгэнт нүхжилт үүссэн тохиолдолд агшиж жижигрэхээс алга болно гэж байдаггүй. Иймээс анхнаасаа зөв арчилбал үүсч болох аливаа эрсдэлээс хамгаалж болно. Энэ талд эцэг, эхчүүд ч сайн анхаарах шаардлагатай.

 

С.Наранжаргал

Эх сурвалж: "Соёмбо" сонин