Баянцагаан багийн иргэдтэй уулзлаа
2018/11/21
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүд Баянцагаан багийн иргэдэд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг танилцууллаа. Тус хөтөлбөр 2018-2021 онд Орхон аймагт хэрэгжих юм. Уулзалтыг тус багийн Засаг дарга Г.Наранжав нээж үг хэлсэн. Тэрээр 2006-2015 онд хэрэгжсэн Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах богино хугацааны дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд орон нутаг, “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хамтран онцгой ач холбогдол өгч, иргэдийн санал хүсэлтийг тусгаж байгааг сайшаалаа. Уул уурхайн компанийн үйлдвэрлэлээс үүсдэг хаягдал булинга, элс нь хавар, намрын хуурайшилт, салхины хурд ихтэй үед цагаан тоос болон дэгдэж, Баянцагаан, Говил багийн нутаг дэвсгэрт тархдаг. Энэхүү зайлшгүй хүчин зүйлийн эдийн засаг, нийгэм, байгалийн сөрөг нөлөөллийг буруулах нь чухал гэдгийг уулзалтын үеэр ч онцолж байв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан, хамтарсан ажлын хэсэг иргэдийн санал авах уулзалтыг Жаргалант сум, Говил, Баянцагаан багт амжилттай зохион байгууллаа.