МАН-ын бага хурал мафижсан МАНАН-аас салгаж чадах уу?
2018/12/19
Нэгэнт эхлүүлсэн “их цэвэрлэгээгээ” Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Л.Амарбаясгалан нар зоригтой дуусгаач ээ...
МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын Бага бага хурал эхэллээ. Гаднаа жагсаалтай, уриа лоозонтой хаалттай эхэлсэн энэ хурлаас ард түмэн ялах уу, компанийн засаглал ялах уу гэдгийг харахаар ард түмэн хүлээж байна. Хурал хэдийгээр нэг намын дотоод асуудлыгг хэлэлцэж буй ч үүний үр дүнгээс Монголын ирээдүй хамаарах болчихоод байна. МАНАН-г бий болгож, Монголын улс төр, Монголын ард түмний баялгийг хэдхэн гэр бүл шийддэг болгосныг МАН төр, засгийн эрх барьсан өнгөрсөн 20 жилийн түүхээс салгаж ойлгох аргагүй юм. Тиймээс энэ хугацаанд МАН-д бугшсан хулгай луйвар, хуйвалдааныг өнөөдрийг хүртэл өөгшүүлэн, буглуулсан лидер нэртэй хүмүүстэй хариуцлага тооцож, их мөнгөөр өндөр эрх мэдэлд хүрсэн улстөрч нэртэй компанийн төлөөллийг МАН-аас зайлуулахаас нааш цэвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой. 60 тэрбумын схемээр Монголын төрийг мөнгөний авдар мэт харж байсан эрх мэдэлтнүүд, ард түмний баялгийг УИХ гэх 76-хан гишүүн хуйвалдаан хулгайгаар хувийн компанид шилжүүлсэн Цагаан суваргын стратегийн ордын хэрэг, төрийн бүх албанд зөвхөн мөнгө, танил талаар томилогдож төрийн албан хаагчдын дархлаанд халдаж буй зэрэг нь бүгд өнөөдөр улс төрд мөнгөөр шургалсан бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоотой юм. Үүнийг ч У.Хүрэлсүх Бага хурал дээрээ “Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” хэмээн хэлжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхлээд хууль тогтоох дээд байгууллага УИХ болон МАН дахь улс төрийн эрх мэдэл, нөлөөгөө хадгалж хамгаалаж үлдэхийн тулд яаж улайрч буйг бид бэлхэнээ харж байна. Бизнес, улстөрийн бүлэглэл МАНАН-д Монголын төрд бугшиж байр сууриа бэхжүүлсэн нь 2-3 хан жилийн хугацаанд бий болоогүй ээ. Ардчиллал гэх нэр зүүсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямх ямхаар бий болсоор эдүгээ үндэс суурь нь бат бөх бэхэжсэн ганц Хүрэлсүхийн хүчээр биш бүх нийтийн хүчээр хөдөлгөхөөс нааш дийлдэхгүй ургаа чулуу болсон. Тиймээс энэ их цэвэрлэгээг У.Хүрэлсүх шударга, зарчимч намынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр өөрийн багийнхны хамтаар тэмцэж байж ялж дийлж чадна. Харамсалтай нь “60 тэрбумынхан” өнөөдөр энэ их цэвэрлэгээг бага дээр нь дарах, намжаах хүчийг нь сулруулахын тулд У.Хүрэлсүхийг ганцаардуулах тактик барьж эхэлжээ. У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ-ын гишүүдийг хууль хүчний байгууллагуудаар дарамтлах, нам дахь баруун гар нь болсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах зэрэг самар чөмөх аргаар нэг нэгээр нь сугалж, хүчгүйдүүлэхийн тулд бүхэл бүтэн жагсагчид хөлсөлжээ. Намын байрных нь гадаа уриа лоозон баригчдын “бай” нь МАН-ын генсек Л.Амарбаясгалан бололтой. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх асуудлыг сарниулахын тулд тэд намын генсек Л.Амарбаясгаланг огцруулах асуудлыг өнөөдөр ийнхүү сөргүүлэн барьцаалж шоудаж байна.
М.Энхболдын хэлснээр МАН-д 20 гаруй жил бугшиж бугилсан “хатиг” өнөөдөр нүүрэн дээр нь ил гарч ирсэн нь энэ. Ийм “хатиг” дотроо бугшиж бугилж байсныг мэдэхэд цаг хугацаа, эрх мэдэл хэрэгтэй байсан. Энэ тохироо У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноор, Л.Амарбаясгалан МАН-ын генсек болж намынхаа гал тогооны гүнд нь орж, эрх мэдэлтнүүдийн дунд орсноор л илүү ихээр мэдэж-мэдэрч, ил болж гарсан. Тэд мэдэж-мэдрээд, бүтэн жил засах гэж залруулах гэж нам дотроо тэмцээд, дийлэлгүй өнөөдөр ард түмний дэмжлэгтэйгээр их цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Энэ тэмцэл, цэвэрлэгээг нэгэнт зориглон эхлүүлснээрээ хичнээн сайн муугаар цоллогдож буй ч У.Хүрэлсүх, Л.Амарбаясгалан хоёр л дуусгах ёстой.
Харин МАН-ын Бага хурал 60 тэрбумын толгойлогч гэгдээд байгаа М.Энхболдод хариуцлага тооцож, нам доторхи бизнесийн бүлэглэлийн хамгийн сонгодог төлөөлөл болохоо Цагаан суваргын хуйвалдаанаар харуулсан Н.Номтойбаяр нараа МАН-аас зайлуулж чадахгүй бол МАН гэдэг нам Монголоос байтугай дэлхийгээс зайлах цаг болсноо л ард түмэндээ батална. Бага хурлын гишүүд ээ, эхлээд МАН дахь бизнесийн бүлэглэлийн төлөөлүүдээ зайлуулчих. Монголын Засгийн газрыг хэдхэн гэр бүлийн “компанийн засаглалд” шилжүүлсэн улс төр, бизнесийн олиграхиуддаа хариуцлагаа тооцчих. Монголын төр, засгийг төр засаг шиг болгочих. Танай намын “гал тогоон” доторх хэрүүлээс илүү өнөөдөр ард түмэнд улс орны эрх ашиг, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, улс төртэй биш утаатайгаа тэмцэх чинь л чухал байна шүү. Та нар хор, хуйвалдаандаа харин ард түмэн утаа, угаарандаа хордож үхэх нь.
Irgen · 2018/12/20
Hot hydyygiin hyl nychen ygeegyi yaduuchuud negde gtyn ! Bidend ylsgylyn hodoodnoosoo yyr aldah zuil baihgyi.
хаа хаа · 2018/12/19
малнуудыг сайхан хошгоруулна шүү
зочин · 2018/12/19
Ухрах зам үгүй, ард чинь үгээгүй ядуучууд байна урагшаа Хүрэлсүх ээ, хэрэв чи өнөө орой дийлдвэл маргааш өглөө иргэний дайн гарна шүү, өлссөн хүмүүс утсан чинээ улаан голынхоо төлөө дайтахаас арга үгүй