3-4 настай хүүхэд тань энгийн өгүүлбэр ойлгохгүй бол эмчид хандаарай
2019/01/12
ЭЭЖ, ААВ ТА 3-4 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
- "Болно", "болохгүй" гэдэг энгийн дүрмийг ойлгуулж дахин давтан хоногшуулах
- Хүүхдийг ширээнд суулган өөрийн хоолны хэрэгслээр хооллох нөхцлийг бүрдүүлж, шахахгүй, яаруулахгүй байх, сайн зажилж идүүлэх
- Хүүхэдтэй цуг ном үзэж, зураг харж ярилцах
- Хүүхдэд үлгэр ярьж, шүлэг уншиж, дуу дуулж өгөх
- Хүүхдийг сонсч, асуултанд нь хариулах
- Хийсвэрлэн сэтгэх, жүжиглэх тоглоом, угсрах, эсвэл зурахад нь хэрэгцээтэй зүйлсийг өгөх, чиглүүлэх
- Эерэг үйлдлийг магтаж, болох болохгүй зүйлийн хязгаарыг тогтоож өгөх
- Хүүхдийг эргэн тойрондоо эмх цэгцтэй цэвэр байхад үлгэр дуурайлал үзүүлж хамтран тоглоом, эд зүйлийг хураах, цэгцлэх дадал болгох
- Бусад хүүхэдтэй тоглох боломж олгох
- Шүд, нүүр, гараа угааж буйг байнга ажиглан, даган дууриалган хийлгэж засч залруулж, урамшуулж байх
ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?
- Тоглох, хоол идэх дур сонирхолгүй байх
- Байн байн унах
- Жижиг эд зүйлсийг барихдаа хүндрэлтэй байх
- Энгийн өгүүлбэрийг ойлгохгүй байх
- Үг холбож ярьж чадахгүй байх
ЭЭЖ, ААВ ТА 4-5 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
- Хүүхдээ сонсож, тэдний асуултанд хариулах, сэдэлжүүлж харилцан ярилцах
- Хүүхэдтэй тоглож, тэднээр зураг болон үйл явдлын талаар яриулах, яриаг дэмжих
- Сэтгэн бодох тоглоом, угсрах, зураг зурахад нь орон зай, цаг хугацаа, хэрэглэгдэхүүн, орчин нөхцлөөр хангах
- Эерэг үйлдлийг магтаж, аливаа эд юмс хэм хэмжээтэй гэдгийг ойлгуулах
- Өдөр бүр илж, үнсэж хайрлаж, магтаж урамшуулж сэтгэлийг нь сайхан байлгах
- Хүүхэд өөрөө аливаа зүйлийг бие даан хийж шийдвэр гаргаж байгааг дэмжих
ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?
- Хүүхдүүдийн тоглоомоос гадуурхагдаж найз нөхөдтэй болж чадахгүй байх
- Бусадтай тоглож байх үед айдас, уур хилэн, зодоон үүсгэх
- Харандаа, үзэг барихад хүндрэлтэй байх
- Хэл яриа нь ойлгомжгүй байх
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш