“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэр өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Тодруулбал,  М.Мөнхтэнгэр энэ сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Хэргийн газарт  Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнуудыг ирэхэд М.Мөнхтэнгэр “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашгирч байсан бөгөөд тогтворгүй байсан юм. 

М.Мөнхтэнгэр нь  “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү бөгөөд тэрбээр  хэрэг гарах үед НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.  Тиймээс  осол гаргасан хэргийг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бол  мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болж буй аж.

М.Мөнхтэнгэрийн хувьд эртнээс мансууруулах бодис хэрэглэдэг, худалдан авдаг хүмүүсийн жагсаалтад орсон нэгэн бөгөөд өдгөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлоод буй С.Баярмаад холбогдох хэрэгт гэрчээр байцаахаар болж байсан гэдэг.