Дөнгөж сая тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.  Улсын онцгой комиссоос гаргасан захирамжийн дагуу нийслэл болон аймгууд руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл хориглож, хугацааг нь сунгаад байгаа билээ.

Мөн энэ хугацаанд орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг ч бүрэн зогсоогоод байгаа юм. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Нийслэлийн харьяат иргэдийг иргэний үнэмлэхийг нь үндэслэн хот руу оруулна гэсэн мэдээлэл сошиал орчинд явж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Хязгаарлалтаас өмнө нийслэлээс нэгэнт гараад явсан бол 03 дугаар сарын 3-ны 08.00 цагаас өмнө орох боломжгүй. Нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй, оруулахгүй. Аймгуудад ч мөн адил үйлчилж байгаа. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу улсын онцгой комиссоос авсан зөвшөөрлөөр нийслэлээс орж гарах шаардлагатай автомашинуудын дугаарыг урьдчилж өгсөн байгаа. Гэтэл зарим иргэд худлаа хэлж, хууль бусаар нэвтрэх гэж оролдож байна. Үүнийг тухай бүрт нь шалгаж, таслан зогсоож байгаа" гэлээ.