Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын Буриад сурын харваа өчигдөр болж, цэц мэргэдээ тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн боллоо. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүлсэн байна.

Буриад сурын харваа нь  Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг.

Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.