Төрийн банкны АТМ (бэлэн мөнгөний машин)-ыг эвдэн, их хэмжээний мөнгийг авсан хэрэг жилийн өмнө гарч хэргийн шалгалт үргэлжилсээр гэмт хэрэгтнийг илрүүлсэн байна.

 Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-ээс 50.5 сая төгрөг хулгайд алдагджээ. Хэрэг гарах өдөр уг машины хяналтын камер ямар ч ажиллагаагүй байсан учир ямар нэг ул мөр, дүрс бичлэг үлдээгүй аж. Зурагтын шинэ эцэс буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ийг 2019 оны есдүгээр сарын 13-ний өдөр 61 сая төгрөгөөр цэнэглэсэн бөгөөд үүний маргааш өдөр нь уг хэрэг гарсан байна. 

Хэргийг жил орчим мөрдөн шалгасны эцэст гэмт этгээдийг олсон ба  тухайн этгээд нь Төрийн банкны ажилтан 36 настай Д болохыг тогтоожээ. Одоогоор энэхүү хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байгаа юм.