Хууль зүйн сайд Х.Нямбаатар Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийн сэтгүүлчид захиалга өгч, бусдын тухай бичүүлэхийн тулд мөнгө төлж буй нууц бичлэг бүхий баримтыг энэ долоо хоногт дэлгэж олон нийтэд ил болгоно гэдгээ амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлдээ дурьдсан.

ТЕГ-ын даргаар ажилласан байсан Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр өнгөрсөн сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ураг садны хамаатай ба  тэдний дэмжлэгээр дээшилдэг гэх яриа улс төрийн хүрээнд өрнөдөг.

Үүнээс гадна Д.Гэрэлийг алтны уурхайтай, уурхай нь байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй хэмээн хэвлэлээр олон удаа баалуулж байсан ч тухайн үед энэ асуудлаар нь арга хэмжээ авсан төрийн өндөр албан тушаалтан байгаагүй.

Харин энэ удаад хууль зүйн сайд ямар баримт дэлгэхийг харах үлдлээ. Энэ мэдээлэлтэй холбоотой зарим нэг албан бус мэдээлэл гарсан бөгөөд захиалга авсан сэтгүүлч нь О гэх эмэгтэй ба энэ долоо хоногт зохион байгуулалттайгаар бичлэгийг нь цацна гэсэн мэдээллүүд гарч байна.