photo hagarsan_04_zpsb18d3a08.jpg Бүтэн өдрийн туршид чи гутлаа тайлалгүй нааш цааш гүйх үед хөлний чинь арьс хагарах явдал гардаг. Харин хагарсан арьс өвдөж, загатнаж, тэр ч байтугай завсраас нь цус гарч ч мэднэ. Хэрвээ арьс хагараад байвал чийгний дутагдалд орсны шинж. Өөрөөр хэлбэл арьс чинь хэтэрхий их хуурайшжээ. Хөлний арьс нь ихэвчлэн хөлний ул ба өсгий хэсгээр хагардаг. Арьс хуурайших болсон шалтгаан нь арьс чийгээ ямар нэгэн шалтгаанаар алдаж байгаатай холбоотой. Энэ нь их хэмжээний саван, угаагч бодис хэрэглэх, жин их алдах, бариу гутал өмсөх зэргээс үүдэлтэй байж мэднэ. Мөн ямар нэгэн өвчнөөс болж арьс хуурайшиж, хагардаг. Тухайлбал: бамбай булчирхайн ажиллагаа доголдох. Мөн цаг агаарын огцом өөрчлөлт, эсвэл насны онцлог ч байж мэдэх юм.

 photo hagarsan_03_zps9517cd96.jpg
 Хэрвээ хөл зүгээр ч нэг хагараагүй, хажуугаар нь өвдөөд загатнаад байвал яах вэ?
 Мэдээж, алдагдсан чийгийг эргүүлж өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг зөв хийх ёстой шүү. Тухайлбал, ус дүүргэж орсноос, шүршүүрт орох нь зөв болно. Чийгшүүлэх тосыг усанд орсны дараа, загатнах тоолонд нь түрхээрэй. Дашрамд, тосны найрлаганд нь Витамин В5, Аллантоин байвал гэмтсэн, хагарсан арьсыг нөхөн төлжихөд нь туслах бол Пантенол ба Бисаболол нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлдэг онцлогтой. Тиймээс, тосны найрлагыг нь сайн хараарай.

 photo hagarsan_02_zps0768da82.jpg
Аль эсвэл мөөгөнцөрдсөн үү?
 Мөөгөнцөрийн халдвар нь арьс хуурайшиж, загатнахын бас нэг шалтгаан нь болдог. Мөөгөнцөрийг цаг тухайд нь эмчлэхгүй бол хүрээгээ улам тэлж хөлний улыг тэр чигээр нь бүрхдэг. Мөөгөнцөр үржих хамгийн таатай орчин нь хөлний хуруунуудын завсар юм. Учир нь тэр л хэсэг хамгийн дулаахан, чийглэг байдаг шүү дээ. Хэрвээ чи хөлрөмтгий бол эсвэл байнга бариу, битүү гутал өмсдөг бол мөөгөнцөрдөх эрсдэлд орох магадлал өндөр байгааг анхаарна уу.
Энэ тохиолдолд мөөгөнцөрийн эсрэг зориулалтын тосыг эмийн сангаас авч түрхэх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй