Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилга, байгууламжийг маргааш буюу энэ сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Дуудлага худалдаа маргааш 11.00 цагт болно. Тагнуулын ерөнхий газрын шинэ байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1,5 га газарт байрлаж байгаа аж.

Энэхүү дуудлага худалдаанд оруулах барилга нь зургаан корпустай, инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгджээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн юм. Энэ талаарх мэдээллийг сарын өмнө өдөр тутмын сонинуудаар зарласан бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон” гэлээ.

Уг дуудлага худалдаа Төрийн өмчийн хороон дээр явагдах юм байна. Энэхүү дуудлага худалдааны дэнчингийн доод үнэ нь үнийн дүнгийн 20 хувь буюу 2 тэрбум 700 сая төгрөг. Улаанбаатар хотын төвд тэр дундаа ногоон бүс буюу хүүхэд залуучуудын очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байршилтай  уг барилга бизнесийн байгууллагуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа гэх сураг ч байна.

Уг дуусаагүй барилга, байгууламж нь нийт 6 корпустай бөгөөд 5 корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна  ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. 150 автомашины зогсоол бүхий газар доорхи байгууламжтайгаас гадна цахилгааны болон инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн. Нийт барилгын гүйцэтгэл 80 орчим  хувьтай, эзэмшилдээ 1.5 га газартай гэдгээрээ өндөр үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа аж.

Х.Даваа

1