Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
2014/02/19
Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр / 2014.02.20 / Төрийн ордны Б танхимд боллоо. Тус зөвлөгөөнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С. Ламбаа, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар оролцон Төрийн аудитын байгууллагын удирдлагуудад хандан үг хэлж, тэдний саналыг сонслоо. УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ-ын даргын нэрийн өмнөөс тэдэнд мэндчилгээ дэвшүүлж, 2013 онд батлагдсан “Төрийн аудитын тухай” хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр “Төрийн аудитын тухай” хуульд 50 гаруй өөрчлөлт орсон учраас шинээр нэмсэн, өөрчлөн найруулсан, хүчингүй болгосон бүх зүйл, заалтыг хуучин хуультай нь харьцуулан судлах түүнчлэн тогтолцоо, чиг үүрэг өөрчлөгдсөнтөй холбоотойгоор үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар саналаа хэллээ. Мөн 2014 оны төсөв, хөрөнгө оруулалт, “авлигажсан” гэх тодотголоор царцаагдсан 243 барилга, байгууламжийн хөрөнгө оруулалттай уялдуулан дэлгэрэнгүй тайлбар хийж, цаашид хийх ажлын талаар тодорхой чиглэл өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өнгөрсөн 2012 онд үйл ажиллагааны үзүүлэлтүүд өссөн, гүйцэтгэсэн аудитын нэр төрөл, тоо нэмэгдсэн, үр өгөөж арвин байсныг дуулгаад цаашид байгууллагын болон тогтолцооны шинэчлэлийн хүрээнд системийн хүний нөөцийн хөгжлийн асуудал онцгой байр суурь эзэлнэ гэдгийг хэллээ. Түүнчлэн төрийн аудитын ажилтнуудын мэргэжил, ур чадварын стандарт гаргах, уг стандартыг үндэслэн байнгын тасралтгүй сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлах, сургалт, үнэлгээний тогтолцоог системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгож бүрдүүлэх шаардлагатай байгааг тайлбарлаад, төрийн аудитын мэргэжлийн аудитор бэлтгэх чиглэлээр дээд боловсролын тогтолцоонд шийдвэрлүүлэх асуудал бий гэдгийг онцоллоо.
Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 18-20 –ны өдрүүдэд үргэлжилж иргэдийн оролцоо төсвийн төвлөрлийг сааруулах, төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт гарч буй өөрчлөлтүүд, санхүүжилт, орон тоо зэрэг олон чухал асуудлын талаар хэлэлцлээ.