Монголд хүнийг албадан хөдөлмөрлүүлэх хэрэг гардаг уу. Хуулиар хоритой энэ үйлдлийг Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг үйлдэж, хөдөлмөрийн мөлжлөг хийж байна гэвэл итгэх хүн хэр бол. Энэ удаа “Таван богд трейд” ХХК, түүний эзэн Ц.Баатарсайханы компани хөдөлмөрийн мөлжлөг маягын үйл ажиллагаа явуулж байгаа тухай баримтыг хүргэе.

Төрийн ордны хажуугийн, хуучин Хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар дуулиан шуугиантай авч байсан тус групп Улаанбаатар гурил ХХК, Гоёо ноолуурын үйлдвэр зэрэг 18 охин компани, 5 хөрөнгө оруулалттай компани, 4 бизнес нэгжтэй.

Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд Гоёо үйлдвэр нь бараг онцгой байдал зарлажээ. Үйлдвэр Өмнөд Солонгосоос ноолууран бүтээгдэхүүний захиалга авсан бөгөөд захиалгыг 3 дугаар сартай уралдаж дуусгахын тулд ажилчдаа 36 цагаар ажиллуулж байгаа гэнэ.

Өглөө ажилдаа ирсэн ажилчид хонож ажиллаад, маргааш орой нь 17 цагт тарж, маргааш нь дахиад хонож байгаа аж. Ингээд зогсохгүй үйлдвэр сар шинийн өдрүүдээр огт амрахгүй, тасралтгүй ажиллах, ажиллахдаа хонон өнжин ажиллах тушаалыг үйлдвэрийн захиргаа гаргажээ. Илүү цагийн мөнгө бий. Гэхдээ энэ нь хуульд заасан шиг хэмжээгээр биш маш бага, өөрсдийн үзэмжээр тогтоосон аж.

Ямар ч албан байгууллагад илүү цагаар ажиллах тохиолдол гардаг ч нийтээр амрах баярын өдрүүдэд хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, тасралтгүй ажиллах ёстой үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас өөр байгууллагын ажилчдыг ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглосон байдгийг Ц.Баатарсайхан захирал мэддэггүй бололтой юм. Үйлдвэрийн энэ шийдвэр нь хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэрт тооцогдоно.

Ц.Баатарсайхан Монголын төрөөс хэрэгжүүлж байгаа ямар ч хөнгөлөлттэй зээл үйл ажиллагаанаас хоцорч байгаагүй. 2012 онд энэ компани Засгийн газраас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 40 тэрбумын зээл авсан байдаг.

Н.Алтанхуягийн Засгийн газар энэ үед гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд олон дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж 4,2 орчим их наяд төгрөгийн маш бага хүүтэй зээлийг компаниудад олгосон.

Хууль бус хэрэгжсэн энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, АТГын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан улс төр, бизнесийн бүлэглэлийн нэг сүлжээний араас орсон. Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд үүсгэсэн эрүүгийн хэрэг бол албан тушаал, эрх мэдлээ ашиглан Үнэ тогворжуулах хөтөлбөрийг тараасан баримтыг сөхөх шалгалт байсан.

 

2012 оны арваннэгдүгээр сард Н.Золжаргалын цагдан хорьсон бөгөөд Монголын томоохон хоёр компанийн захирлуудыг шалгасан. Бас 30 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч байв. Энэ хэрэг дунд Таванбогд группийн нэр ч явж байгаа. Ц. Баатарсайхан ЖДҮХС-гийн зээлээс ч хөнгөлөлттэй энэ хөтөлбөрөөс 40 тэрбум төгрөгийг Од групп, Улаан Од, Улаанбаатар гурил гэсэн гурван компанидаа авч чадсан байсан юм.

Гэвч энэ компаниуд зээлээ зориулалтын бусаар зарцуулсныг ШӨХЗГ, Үндэсний аудитын газар баталсан. Зээл тараах үеэр тариаланчид “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайханы хямд үнээр буудай худалдан авах гэсэн явуулга хийж байна” хэмээн эсэргүүцэж байсныг иргэд, ялангуяа тариалангийн салбарынхан санаж байгаа байх.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг гэхэд:

-Гурван жил бид нар Р.Бурмаа, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан эд нарын ганд дарлуулж ирлээ. Импортын будаанд … Тэгээд тэр оруулж ирсэн будаа нь чанаргүй. Өт хорхойтой. Мэргэжлийн хяналт дээр очоод л чанар нь илэрсэн. Бичиг цаас нь одоо хүртэл бид нарт байгаа. Ямар муу будаа орж ирсэн гэж бодож байна. Тэгээд л гурил хийгээд л ард түмэнд шахчихаж л байгаа байхгүй юу. Ийм эрээ цээргүй, дэндүү мөнгө бодсон хэдхэн монополь улсуудыг даврааж, тэд нартай нийлж хуйвалдаж, үндэснийхээ тариаланчдыг гишгэлж болохгүй биз дээ хэмээн ярьж байсан нь хэвлэлүүдийн хуудаст үлджээ.

Татвар төлөгч иргэдийн дэмжлэгээр бүтдэг төрийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээлээс хоцордоггүй, том атгадаг хэрнээ, жинхэнэ баялаг бүтээдэг ажилчдынхаа хөлсийг шавхаж, хөдөлмөрийн мөлжлөг явуулж болохгүй биз дээ Ц.Баатарсайхан захирлаа!

niigmiintoli.mn