Хүний дор орохгүй гэсэн солиоролтой хийрхэл
2019/02/15
Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно.
Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгохсон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…
Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ.
Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана.
Энэ болгон нь “Хүний дор орохгүй байх” гэсэн нэгэн зорилгод хѳтлѳгдѳж, аав ээждээ “Хүний дор орохооргүй амьдарч яваа”-гаа нотлох нэгэн баталгаа болдог аж.
Mорь унаж уралдахдаа заавал түрүүлэх гэж зүтгэж, ѳѳрѳѳс нь хоцорсондоо хорсож шаралхан, нулимсаа залгих нэгнийг харж сэтгэлдээ таашаал эдэлж баясах нүүдэлчдийн сэтгэлгээний араншин.
Зѳвхѳн түрүүлсэн морьд руу хѳлсийг нь гараараа арчих гэж хошуурч, эзэнд зусардан хѳѳрѳлхѳж, унасан хүүхдийг нь магтан үнсэж хѳѳргѳх бидний араншин.
Хѳлс хүчээ шавхан байж ирсэн бусдыг нь тоож ч харахгүй, ѳрѳвдѳн хайрлахгүй. Аажим аажимдаа бид хэн нэгний ард орох дургүй сэтгэлгээтэй болцгооно. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй. Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нѳгѳѳтэй нь харьцуулан дүгнэдэг.
Гэхдээ нэг нь нѳгѳѳгѳѳсѳѳ заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой.
Дуучныг дуучинтай нь, улс тѳрчийг улстѳрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нѳгѳѳ найзтай нь, ѳѳрийнхѳѳ эхнэрийг ѳрѳѳлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочлоно. Хүн болгон ѳѳрийн гэсэн хүмүүжил тѳлѳвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, ѳѳр ѳѳр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳггүй.
Нэгэнд нь байгаа сайн тал нѳгѳѳд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нѳгѳѳд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй. Хүн болгон ѳѳрсѳддѳѳ байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй. Хэн нэгнийг нѳгѳѳтэй нь заавал харьцуулан уралдуулж, түрүүлснийг нь хѳѳргѳн магтаж, хоцорсоныг нь хорсон муулж суудаг бидний гаж сэтгэлгээ, монголчууд биднийг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад саад болж байгааг та анзаардаг уу?
Ѳнгийг мѳнгѳѳр хэмжих болсон ѳнѳѳгийн монголчууд бидний амьдрал энэ гаж үзэгдлийг улам л дэвэргэж байна даа.
“Амьтан хүн муу хэлнэ” гэдэг айдсанд хүлэгдсэн, “Хүний дор орохооргүй яваа”-гаа харуулах гэсэн солиоролтой хийрхэл та биднийг цѳхрѳѳж, сэтгэлгээг ядрааж, хүсэл зорилгыг тань хиртээж байна даа. Хѳлѳрсѳн гоёлын даашинз, урссан будаг, хундагатай дарсанд дуссан цѳхрѳлийн нулимс, зээлтэй машин, зэвэргэн сэтгэл, хуурамч инээмсэглэл, атаархсан хорсол бүхэн таны амьдралыг амар тайван болгохгүй ээ.
Бидний энэ уралдаанч хэвшил, харьцуулсан тансаглал, барьцсан сэтгэлгээн дээр маш олон муу хүмүүс “мѳнгѳ хийж” байна даа. Хэрвээ бид үр хүүхдүүдээ “Хүний дор орохгүй хүн” болгох гэж бус, “Бусдад тѳвѳг удахааргүй хүн” болгон тѳлѳвшүүлэх гэж хичээх аваас олон зүйл сайнаар ѳѳрчлѳгдѳнѳ дѳѳ.
Ѳчүүхэн жижиг үйлдэл болгондоо хариуцлагатай ханддаг болно, сайн муу, баян ядуу гэж ялгаварлахгүйгээр хүн бүрийг хүндэлдэг болно, хийж буй бүтээл болгондоо “бусдын сайн сайхны тѳлѳѳ” хэмээн сэтгэлээ шингээдэг болно, чадахгүй зүйлдээ боломжоо учирлан уучлал гуйж татгалздаг болно, бусдад тѳвѳг удахгүйгээр ѳѳрийн боломжоороо амьдарч чаддаг болно.
Боломж гэдэг хязгаарлагдмал хэдий ч бидэнд ѳгсѳн бурханы хишиг. Тэгэхээр хүн бүр тѳгс тѳгѳлдѳр байж чадахгүй байгаа нь бусдад муулуулах шалтаг биш.
Хүн болгонд боломж нь адилгүй байх учраас бусдад тѳвѳг удахгүй байх нь хамгийн зѳв сонголт юм даа. Таны амар амгалан амьдралын баталгаа юу гээч? Бусадтай уралдаж ѳрсѳлдѳхгүйгээр ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдарч, тэнүүн ухаантныг ч, тэнэг мунхагийг нь ч байгаагаар нь ойлгож харьцах чадвар юм шүү дээ.
Уралдлаа гээд түрүүлэх үү?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах