Монгол Улсад өндөр өндөр байшин барилга сүндэрлэж, гудамжны түгжээнд үнэтэй машин олноор зогсож, дотор нь бухимдсан шинэ цагийн баячууд эх орноо хараан зүхэж суугаагаас харахад хөгжсөн мэт. Гэвч энэ бол нийгмийн нэгээхэн хэсгийн үзэгдэл. Тодотгож хэлбэл үнэтэй машин хөлөглөгчдийн дийлэнх нь өнөөх буруу гараар баяжигсад учраас манай нийгмийг тэр чигт нь ийн төсөөлөх аргагүй юм. Монгол Улс хөгжиж, нийгмийн амьдрал дээшилж, хүн ардын сэтгэхүй ямар түвшинд байгааг ганцхан үзүүлэлтээр харж болно. Үүгээр баталж харвал нийгмийн амьдрал туйлын дорой, хүмүүсийн сэтгэхүй тун ч ядуу байгааг харуулж байна. Тухайлбал, Б.Сарандаваа, З.Бат-Отгон, Арго, П.Давааням, “Орифлем”-ын  Оюунгэрэлнар болон тэднийг даган дуурайгчдын үгийг ард түмний багагүй хэсэг нь хошууран сонссоор байгаад хамаг учир бий. Энэ балайчуудын үгийг сонсдог хүн олон л байгаа бол бид өөрсдийгөө ядуу амьдарч байна, улс маань хөгжөөгүй байна гэж харж болох. 

        Монголдоо хамгийн томд тооцогдох, хамгийн олон хүний багтаамжтай танхим буюу “UB палас”-т дээрх нөхдүүд лекц уншихад танхим дүүрэн цугларч байгаагаас харж болно. Бид ийм дорой байж болохгүй. Энэ нөхдүүд чинь нийгмийн эмзэг хэсэгт довтолгоо хийдэг мөнгө хүүлэгсэд шүү дээ. Б.Сарандаваагийн үгийг сонсоод л дагаж мөнгө хурайлаад л баян тарган болчихдог бол цаг зав мөнгөө үрж, “UB палас”-т түүний лекцийг сонссон та өдийд газар даахгүй баян болчихсон баймаар. Гэтэл амьдрал хэвийн үргэлжилж байгаадаа дүгнэлт хий л дээ. Тэр З.Бат-Отгон гэж бас нэг сайхан гар байна,аа. Яасан ч мэдлэг нь хэтийдэж, ичиж зовохоо больчихсон хүн бэ. Сорхогтон бэхи хатан чинь эмэгтэй Чингис гээд ярьж байх юм. Мөд өөрийгөө эмэгтэй Чингис гэх нь л дээ тэр. За тэр П.Давааням гэж дүүрчихсэн нөхөр байна,аа. Өөрийгөө Чингисийн удмынх л гэнэ. Юу юу гэнэ вэ. За тэр Аргогоос бол авах юм нэг ч байхгүй. Бүгд л сүрхий сүрхий цол гуншинтай. 

       Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор Зулаагийн Бат-Отгон монголчуудын ёс заншилаар лекц уншина. Эндээс хүн өөрийгөө хэрхэн зөв авч явах, яаж өвчин зовлонгүй байх тухай мэдэж болно гэх зэргээр явж өгнө. Арай ч З.Бат-Отгоноор ёс заншил заалгахдаа тулчихаагүй байна. Очиж очиж З.Бат-Отгоноор зөв буруу явахаа дэнслүүлж зогсох юм гэнэ. Тэгэж л хүнд заах гээд байгаа юм бол тэр Ц.Оюунгэрэл сайдаас эхлээд ёс заншлаа мэдэхгүй хүн мэр сэр байгаа шүү. Нэрсийг нь гаргаж өгч ч болно. Гэтэл Бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа буян хишиг аривжуулна, мөнгө тогтоож өгнө гэнэ. Нэрнээсээ эхлээд мөн ч лут сонсогдож байгаа биз. Б.Сарандаваатай, даваагүй өвөг дээдсийн буян болоод л байна. Арвижахаа хүрвэл Сарандаваагүй арвижиж, арилж одохоо хүрвэл түүнгүйгээр арилах болно. Үнэхээр буян заяаг нь арвижуулж хямгадах тухай заах гээд байгаа бол тэр орд газруудаа ухаад зүгээр шахам гаднынханд өгөөд байгаа эрх баригчдад номлохгүй юу. Бас болоогүй ээ, мөнгө тогтооно гэнэ. Ёстой чамтай чамгүй тогтохдоо тогтож, алга болохдоо болдог зүйл. Мөнгө тогтоох тухайд бол Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт сургавал таарна. Түүнээс биш цалингаа аваад амьдарч байгаа хэн ч чамаар заалгахгүй. Ажлаа сайн хийвэл сайн л цалин авна, чи муу хийвэл бага л цалин авна. Байдал ийм байхад балайнуудын чалчихыг сонсох гэж цаг заваа үрэх хэрэггүй. Үүний оронд ганц сайхан уран зохиолын ном уншивал буян нь тэр шүү дээ.

А.Гал